Хулагийн яргалал Хамад дахин давтагдав

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Хулагийн яргалал Хамад дахин давтагдав

Сирид дахиад л 80-аад энгийн иргэнийг яргалжээ. Сөрөг хүчний мэдээлснээр Засгийн газрын цэрэг Хама хотын дүүргийг буудаад дараа нь хотод орж яргалал хийсэн байна. Эрх баригчид арай өөр тайлбар өгч, оршин суугчдын хүсэлтээр арми террорын эсрэг ажиллагаа явуулсан гэв.

Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Сирийн Хама хотын дагуул Аль-Кубейр, Маарзафт сууринд янз бүрийн мэдээллээр 100 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ. Тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхэд цөөнгүй байна. Хорин эмэгтэй, хорин хүүхэд алагдсан гэх мэдээлэл байна. Сирийн сөрөг хүчин мэдээлснээр, хотуудыг танкны их буугаар буудсаны дараа Аль-Кубейр ба Маарзафт дэглэмийн гар хөл болсон хагас цэрэгжсэн “Шабихи” гэх бүлгийнхэн иргэдийг яргалан амь насыг нь хөнөөсөн гэв. Аль-Кубейр суурины хүн ам бараг бүгд алагдсан гэнэ. Хэдхэн хүн нуугдаж байж амь гарчээ.

Гэр бүлийнхээ дөрвөн хүнийг алдаж өөрөө арай ядан амь гарсан нэгэн гэрчийн яриагаар “Шабих”-ийн албан хаагчид хөрш тосгодоос нь ирсэн байна. Аль-Кубейрт алагдагсдын 35 хүн нь нэгэн гэр бүлийн гишүүд ажээ. Хама хотын сөрөг хүчний идэвхтэн Мусаб аль-Хамади “Al Jazeera” телевизид ярихдаа, амь үрэгдэгсдийн ихэнх нь орон гэртээ  шатаж үхсэн иргэдийн заримыг нь хүйтэн зэвсгээр яргалжээ. Сонирхогчийн видеод хурц тод өнгөтэй алчуурт ороосон бяцхан хүүхдүүдийн цогцос харагдаж байв. Тус оронд ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдыг  хэрэг явдлаас хол байна гэж аль-Хамади  шүүмжлэв. “Тэд биднийг хамгаалахгүй байна. Яргаллын дараа ирээд видео бичлэг хийгээд амь үрэгдэгсдийг хэрхэн нутаглуулахыг бидэнд зөвлөдөг. Хүмүүс хэрхэн амь үрэгдэж буйг тэд зүгээр л хараад сууж байна” гэж тэрээр өгүүлэв.

Сирийн эрх баригчид болсон хэрэг явдалд оролцсон гэдгээ эрс үгүйсгэж байна. Тэд ийм өдөөн хатгалга хийн гадны цэргийнхнийг Сирид оруулахаар сөрөг хүчин энд ажилласан гэв. “Нутгийн оршин суугчид хүсэлт гаргасны дараа Сирийн Засгийн газрын цэрэг аль-Кубейр дэх террористуудад цохилт өгсөн” гэж эрх баригчид мэдэгджээ. Террористууд энгийн иргэдийг хөнөөсөн. Тэднийг бүгдийг нь устгасан гэж эрх баригчид ярьж байна. “Энэхүү аймшигт гэмт хэрэг Сирид шахалт үзүүлэх гэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан болон бусад олон улсын уулзалтуудын өмнө боллоо” гэж Сирийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Хама хотын дүүрэгт гарсан аллага сүүлийн хоёр долоо хоногийн дотор хийгдсэн хоёр дахь том яргалал боллоо. Тавдугаар сарын сүүлчээр Хула хотноо мөн л ийм байдлаар 116 хүн алагдсан бөгөөд 300 хүн шархаджээ. Тэр үеэр 30 гаруй хүүхдийг хөнөөсөн юм. Тухайн үед Засгийн газар мөн л “террористууд” уг хэргийг үйлдсэн гэж байв. Хулагийн аллага Сирийн эрх баригчдыг олон улсын хамтын нийгэмлэгтэй том сөргөлдөөнд оруулсан. АНУ, Франц хоёр цэргийн хүчин тус оронд оруулах талаар дуугарсан юм. Үүний дараа барууны орнууд Сирийн дипломатуудыг нутгаасаа гаргасан билээ. Сири ч хариуд нь гадаадын 17 орны элчинг “хөөжээ”.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж