“Камертон 2”-оос их зүйл хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-оос их зүйл хүлээж байна

“Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бурхан өршөө” зэрэг Монголын кино урлагийн ертөнцөд шинэ тэсрэлт хийж чадсан найруулагч З.Батболдтой “Камертон 2” шоуны талаар цөөн хором ярилцсан юм.


-“В production”, “Боловсрол суваг” телевиз, “Music Box“ суваг хамтран хэрэгжүүлж байгаа “Камертон 2” төсөл хэрэгжиж эхэлсэн тухайн үед та мэргэжлийн хүний хувьд хэрхэн  хүлээж авч байв.

-Тухайн үед мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд Монголын рок поп урлагт цоо шинэ ”Boyband” гарч ирэх нь тодорхой болж байгаа юм байна даа гэж хүлээн авч байсан. Харин ийм их залуучууд бүртгүүлж, өндөр хүртээмжтэйгээр оролцоно гэж төсөөлж байсангүй. 700 гаруй залуус бүртгүүлснийг хараад би дотроо “Боловсрол суваг” телевиз  хийж байгаа нэвтрүүлгээ хүнд хүргэж чаддаг болчихсон юм байна, аль хэдийнэ өөрийн гэсэн үзэгчдийн орон зайгаа олчихсон юм байна гэж харж байсан. Мөн олон жил хийгдэж байгаа энэ төрлийн шоу нэвтрүүлгүүдийн хэмжээнд хүрч, тэр олон мянган залуусыг нэг дор нэгтгэж чадсан нь үнэхээр гайхалтай. “Камертон” бол миний хувьд дуу хөгжим сонирхож сонсдог байсан 16-17 настай үеийн минь хамтлаг. Эдгээр залуус маань харин өнөөдөр 30 гаруй настай эрчүүд болсон байгаа шүү дээ. Харин “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүн  уран бүтээлч хүний ухамсар талаас нь хандаж өөрсдийнхөө залгамж халааг гаргаж ирж байгаад нь би их сайхан хүлээж авсан л даа. Хөгшин аварга зайгаа тавьж өгөхгүй гүрийгээд л суугаад байдаг. Харин Камертончууд түүн шиг биш ид сайхан хийж бүтээх насан дээрээ яваа, урлагт хайртай залууст урам өгч залгамж халаагаа гаргаж ирнэ гэдэг бол Монголын хөгжмийн урлагт тэр дундаа рок поп урсгалд өөрчлөлт хийх гэж байна гэж ойлгож байгаа. Камертон хамтлаг өөрсдийнхөө хийх ёстой уран бүтээлүүдийг хийсэн, цаашдаа ч хийх болно. Хамгийн гол нь залгамж чанар гэсэн зүйлийг ухамсарлаж байгаа нь Камертончууд эрийн цээнд хүрсэн нь харагдаж байна.  

-Монголын рок поп урсгалд хөвгүүдийн хамтлаг дутагдаж байгаа нь “Камертон 2” шоуны оролцогчдын тооноос  харагдаж байна?

-Тийм ээ. Монголд хөвгүүдийн хамтлаг яахын аргагүй дутагдаж байгаа. Хамтлаг байгуулахдаа тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр нийлсэн, энгийн сайхан нөхөрлөл дээр тулгуурласан хөвгүүдийн хамтлаг байгаа болохоос биш нарийн мэргэжлийн түвшинд шүүж бие биенийгээ олж гаргаж ирж байгаа продюсерийн системтэй хамтлаг байхгүй. Камертон хамтлаг өөрөө продюсерийн системтэй хамтлаг шүү дээ. Тайванбат гэдэг хүний удирдлага дор гарч ирж байсан. “Камертон2” шоуны  бодлого надад маш их таалагдсан. Яван чангарах нэвтрүүлэг байна гэж би харж байгаа. Хэт өндрөөс эхэлсэнгүй. Найруулга зүйн үүднээсээ бол нам дороос эхлэх нь хамгийн зөв шийдэл байдаг юм. “Камертон2” багийн хамт олон найруулга зүйгээ харин зөв баримталж байгаа юм болов уу гэж хараад байгаа юм. Шоуны нэгдүгээр шат намуухан эхэлсэн. Харин хоёр шатандаа хуучны сайхан Монгол дуунуудыг төгөлдөр хууртай дуулсан. Шат шатаар хөгжим дуу нь чангарч, оролцогчдын ур чадвар, хичээл зүтгэл нь улам илүү нэмэгдэж байгаа нь үзэгчид биднийг зурагтны өмнө суулгахаас өөр замгүй болгож байгаа юм. Амьд домог болсон хамтлагуудын мартагдашгүй сайхан дуунуудыг энэ насны идэрхэн хөвгүүд дуулж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Дахин дахин үзээд л баймаар.

-“Камертон 2” шоуны шүүгчдийг хатуу байна гэсэн. Таны бодлоор шүүгчид яг ямар байвал зүгээр юм бол?

-Харин ч “Камертон 2” шоуны шүүгчид худлаа хэлбэрдэхгүй үнэн шударга шүүж байгаа нь надад маш их таалагдаж байгаа. Харин ч зөөлөн шүүгээд байгаа юм биш үү. Тэр тусмаа  шүүгч Мээдээ маш зөв зөөлөн хандаж байгаа санагдсан. Хичээл заагаад байгаа нь мэдэгдэхгүй, зөвлөөд байгаа нь мэдэгдэхгүй олон юм ярьсан, шүүмжилсэн мэргжлийн бус хүүхдүүдтэй мэргэжлийн хэллэгээр яриад сууна гэдэг бол  худлаа харагддаг. “Таалагдаж байна, эс таалагдаж байна, болж байна, болохгүй байна, сайхан байна, муухай байна” ийм байдлаар эхний ээлжинд шүүж байсан нь надад маш сайхан санагдсан. Харин хоёрдугаар шатны шүүлт жинхэнэ мэргэжлийн шүүлт болж байгаа юм. Залуучуудынхаа мэдлэгт нь юу өгөх вэ гэсэн үүднээс хандаж эхлэж байгаа нь хөгжмийн боловсролд хүргэж байгаа гол чухал зүйлүүдийн нэг юм болов уу гэж харж байгаа. Шат ахих тусам мэргэжлийн талруугаа болж, илүү сонирхолтой болох байх. Ер нь бол нэгэнт л болохгүй бүтэхгүй байгаа хүүхдийг энэ удаа урмыг нь бодоод яах юм бэ. Болохгүй юм бол болохгүй л байдаг биз дээ.
 
-Оролцогчдын чанар ямар байна?

-Аль ч телевизийн ямар ч шоу нэвтрүүлэгт орж байгаа оролцогчид бүгд Монгол хүн л байдаг. Тэд нэг л чанартай байгаа. Харин тэднийг хэрхэн хөглөх вэ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тэднийг хэрхэн шүүж, яаж зөв таниж олж авах вэ гэдэг нь чухал байдаг. Алт шороотой байдаг. Харин шороог нь угааж байгаад алтаа авдаг. Угаасан уснаасаа алтаа шүүж авдаг. Яг л түүн шиг эхлээд зөв шүүгээд, зөв  таниад, эцэст нь зөв хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь Монголдоо тэсрэлт хийж, Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй юм. Урлаг гэдэг бол эхлээд сэтгэлээ зориулж байж дараа нь буян хишгийг нь хүртдэг юм. Юу тарина түүнийгээ хурааж авдаг. Шинээр төрөн гарах залуус маань урлагт сэтгэл зүрхээ бүрэн зориулаарай гэж хэлмээр байна. Хамтлаг байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг хоосон орон зай битгий гаргаарай.

-Ямар ч юмны  эхлэл алдаа оноотой байдаг. “Камертон 2” шоуны алдаатай тал нь юу байна?

-“Камертон 2” шоуны хамгийн том алдаа бол хоёр хөтлөгч гэж би шударга хэлмээр байна. Хөтлөгч хүнд дотоод мэдрэмж увидас гэж байх ёстой байдаг юм. Гадаад үзэмж гол биш. Хичнээн царай муутай байгаад сайн хөтөлдөг хөтлөгч байдаг шүү дээ. Гүрбазар ахыг  хар л даа. Тэр хүн царайгаараа хөтөлж байна уу. Телевизийн хөтлөгч, загвар өмсөгч, найруулагч, зураглаач, дуучин энэ бүгд тусдаа  мэргэжил. Жүжигчин мэргэжилтэй хүнийг хөтлөгч болгох нь буруу. Хөтлөгчөө соль, гомдохгүй байх.

-Уран бүтээлч хүний хувьд шинээр төрөх хамтлаг ямар байгаасай гэж та хүлээж байгаа вэ?

-Мэдээж маш сайхан хамтлаг гарч ирнэ гэдэгт итгэж байгаа. Машин дотроо дууг нь сонсоод дагаж дуулаад сайхан мэдрэмж авчихдаг тийм л хамтлаг байгаасай гэж хүсч байна. Хүн бүхний хайрыг татсан хамтлаг байх хэрэгтэй. “Камертон”, “Номин талст” хоёр шиг байгаасай. “Номин талст” бол “Камертон”-ыг өдий зэрэгт хүргэсэн хамтлаг, харин “Камертон” бол “Номин талст”-ыг өндөрлөгт хүргэсэн хамтлаг. Ард түмэн энэ хоёр хамтлагийг хооронд нь харьцуулсаных нь төлөө энэ хоёр хамтлаг өдий зэрэгтэй ард түмэндээ хүндлэгдэж оршин тогтнож байгаа юм шүү. Яг эд нар шиг замналыг туулсан бүр цаашлаад эд нараас илүү байх болов уу гэж би бодож байгаа. Учир нь урьд нь алдаж үзсэн, онож үзсэн хүмүүс шинээр төрөх хамтлагийн гишүүдийг хөтөлж, чиглүүлэх учраас алдаа бага гарах болов уу, цаг илүү хожих байх.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж