Сонирхолтой тойрог-Сонгинохайрхан

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Сонирхолтой тойрог-Сонгинохайрхан

Хүн амынхаа тоогоор ч, гэр хороол­лынхоо байдлаар ч Сонгинохайрхан дүү­рэг нийслэлдээ нэгдүгээрт ордог. Хэдийгээр хүн амынх нь 70 хувь нь гэр хороололд амьдардаг, ажилгүйдэл, ядуурал ихтэйгээрээ баалуулдаг ч тус тойргийнхон өнгө, мөнгөнд хууртаж сонголтоо хийдэггүйг өмнөх сонгуулиудын дүн гэрчлэх биз ээ. Урьд нь дөрөв байсан тус тойргийн мандат нэгээр хасагдаж өдгөө гурав болоод байгаа. Намыг нь гэхээсээ илүү хүнийг нь харж сонголтоо хийдэг, ханилж ч чаддаг, хагацаж ч чаддаг тус тойрогт энэ удаад урьд өмнөхөөсөө илүү сонирхолтой тоглолт болох шинжтэй байна.

2004 оны сонгуулиар  Сонгинохайр­хан дүүргийнхэн МАХН /МАН/-аас Т.Ба­дамжунай, Д.Тэрбишдагва, ИЗН-ээс С.Оюун, БНН-аас Буянгийн гэх Б.Жар­галсайхан нарыг УИХ-ын гишүүнээр тус тойргийг төлөөлж суух эрхийн мандат олгож байв. УИХ-д сав л хийвэл өрсөлдөж, байнга өвдөг шорооддог байсан Б.Жаргалсайханыг өрөвдсөн үү яасан, тухайн үед түүнд парламентын гишүүн болох эрхийг сонгинохайрханчууд л өгч байсан билээ. Сонгинохайрхан дүүр­гийн­хэн хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь биш мэдлэг оюунаар нь үнэлдэг байсны тодхон илрэл бол С.Оюуныг тойргоосоо хоёр удаа сонгосон явдал юм. Нөхөн буюу 2000 оны сонгуулиар Дорнодод ялалт байгуулж байсан С.Оюун 2004 оны сонгуулиар намын дарга учраас нийслэлд нэр дэвшиж, намынхаа үйл ажиллагааг зангидах шаардлагатай гэдэг шалтгаанаар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн.  Тэрбээр сонгинохайрханчуудаас УИХ-д суух мандатаа авч, 2008 онд мөн л тус дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан удаатай.

2008 оны сонгуулиар сонгинохайр­хан­­чууд ерөнхийдөө МАХН-аас татгал­заж Ардчилсан намд итгэлээ өгсөн юм. Тухайн үед Сонгинохайрхан дүүрэгт Ард­чилсан намаас Н.Алтанхуяг, Кёк­шюү­зан Д.Бат­баяр нар ялалт байгуулсан бол МАХН/МАН/-ын гишүүн Д.Тэрбиш­дагва, ИЗН-ын дарга С.Оюун нар үлд­сэн хоёр мандатыг нь нэг, нэгээр нь өвөртөлсөн.

Харин энэ удаад УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүү­рэгт Ардчилсан нам Нийслэлийн За­саг даргын орлогч асан Да.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр, “Монос” группын тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг нарыг сойж байгаа юм. Намын дарга нар жагсаалтыг тэргүүлэхээр болсон учраас Н.Алтанхуяг дарга Сонгинохайрханд нэр дэвшихгүй болсон.  Харин Кёкшюүзан Д.Батбаярын хувьд өмнөх сонгуулийнхаа амлалтад өөртөө дүгнэлт хийсэн үү яасан, ямар ч байсан тойргоо сольж, эцэг, эхийнхээ уугуул нутаг болох Ховдоос нэр дэвшиж буй.

Да.Ганболд бол Ардчилсан намын  лидерүүдийн нэг, архаг улстөрч. Зарим жаалуудыг бөхийн дугуйланд хичээллэж, эсвэл ээж, аавынхаа өвөрт эрхэлж, боов шоовны хойноос хөөцөлдөн явж  байхад тэр Монголд ардчиллыг бий болгох их үйлст нойр хоолгүй зүтгэж явсан хүн. Ардчиллын алтан хараацай болох түүнийг нэг мандат өвөртөлж чадна гэдэгт Ардчилсан намынхан нэлээд итгэлтэй байгаа. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нэрээ татаж түүнийг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшүүлэхдээ   нэг мандат заавал “чирж” ирэх үүрэг өгсөн гэдэг. Тийм болохоор ардчиллын алтан хараацайд довтлоод байхаас өөр гарц байхгүй.

Л.Эрхэмбаярыг сонгинохайрханчууд сайн танина. Учир нь тэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, тус дүүрэгт өмнөх сонгуулиар нэр дэвшиж, хэдхэн онооны зөрөөгөөр ялагдсан нь бий. Энэ удаад даагаа нэхэж дахиад л Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байна. Ялагдлаа гээд өнгөрсөн дөрвөн жил тойргоосоо зугатаагаагүй түүнд намдаа нэг мандат авчрах бүрэн бололцоо байгаа. Л.Эрдэнэчимэг өмнөх сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвшиж байсан. Энэ удаад төрж, өссөн Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвшихийг илүүд үзсэн бололтой. Сонгинохайрханчууд эмэгтэй хүнд элэгтэй. Тэр тусмаа мэдлэг боловсролтой, зөвхөн дүүрэгт хэмээн явцууралгүй улс орондоо юм хийж бүтээх чадалтай бүсгүйчүүдийг дэмжих дуртай. Тиймдээ ч түрүүнд дурдсанчлан С.Оюунд УИХ-д суух эрх  хоёр удаа олгосон. Тэгэхээр Л.Эрдэнэчимэг сон­ги­но­хайрханчуудын итгэлийг хүлээж нам­даа нэг мандат аваад ирэх боловсролтой бүсгүй. Харин МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын аварга Д.Сумъяа­базар, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, “Өгөөж”  компанийн эзэн С.Түмэнгэрэл нар нэр дэвшиж байгаа.

С.Түмэнгэрэл. Сонгинохайрханчууд түүний компанийн үйлдвэрлэсэн боовыг бол зөндөө идэж үзсэн байх. Харин түүнийг хэр улстөрч вэ гэдгийг огт мэдэхгүй. Гэхдээ Баянхошуу орчмынхон бол “Өгөөж” боов чихэр тэргүүтэн үйлдвэрийнхээ үнээр байдаг хүнсний захыг сайн мэддэг. “Өгөөж”-ийн хүнсний захаар өдөр болгон орохдоо С.Түмэнгэрэлийн нэрийг санагалздаг ч байж магадгүй. Харин шинэ хуулиар мөнгө төгрөг, эд зүйлс тараахыг хориглочихсон болохоор мань эр боов тарааж болохгүй нь даанч харамсалтай.

Д.Сумъяабазар. Монгол улсын залуу
аварга. 2002 оноос бизнес хөөж, 2008 онд НИТХ-д Сонгинохайрхан дүүргийг
төлөөлөн суусан Д.Сумъяабазарыг бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч
гэдгээр нь ард түмэн хүлээж авах болжээ. Тэрээр НИТХ-д дөрвөн жил суухдаа
тойрогтоо чамгүй ажил амжуулсан хэмээн сонгинохайрханчууд ам сайтай байна. Үндэсний
хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн
засгийн мэдлэг, туршлага цуглуулсан, бас ч гэж тойргоо мэддэг, шинэ залуу
хүнийх нь хувьд УИХ-д сонгоход болохгүй гэх зүйлгүй.

Г.Тэнгэр. МАН-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаас дэд сайд болтлоо дэвшсэн нөхөр. Түүний талаар сонгинохайрханчуудад ёстой “а” байхгүй. Гэхдээ эр хүний дотор эмээлтай хазаартай морь багтдаг гэдэг шүү дээ.

Түүнчлэн энэ тойрогт МАХН буюу Н.Энхбаярын намаас Д.Тэрбишдагва нэр дэвшиж байгаа.  Хоёр ч удаа тус тойргоос одоогийн МАН-ын нэрээр нэр дэвшиж, ялалт байгуулсан түүнд өдгөө сонгинохайрханчууд ам муутай байна лээ. Намаа шантаажилж, тойрог олдохгүй болохоор МАХН-руу урвасан, шарвасан, Н.Энхбаярын “Аалзны торонд” орчихсон болохоор гарч чаддаггүй, өнгөрсөн найман жилд Сонгинохайрханд юу ч хийгээгүй гэдэг олон шалтгаанаар тэр энэ сонгуулиар өвдөг шороодож магадгүй. Тэгвэл “Буян”-гийн Б.Жаргалсайхан БНН-болон Хамаг Монголын хөдөлмөрийн нам эвсэлээс тус тойрогт нэр дэвшиж буй. Сонгууль болгоноор өөрийгөө сойдог ч даанч дандаа ялагдчихдаг гэмтэй. Нэг удаа Сонгинохайрханчууд /2004онд/ итгэл үзүүлсэн ч 2008 онд түүнийг унагаж орхисон. Саналаа С.Оюунд луйвардууллаа гэж баахан гүйгээд тусыг олоогүй тэрбээр дахиад хашралгүйгээр Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа.  Тэр өдрийн тэнгэр мэднэ гэгчээр Б.Жаргалсайханыг сонгинохайрханчууд сонгоно гээд шуудхан хэлэхэд даанч боломжгүй, бас үгүйсгэхэд ч хэцүү. Ийм л сонирхолтой тойрог байгаа юм даа, Сонгинохайрхан.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж