ШХАБ-ын цөм нь эдийн засгийн хамтын ажиллагаа байх болно

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын цөм нь эдийн засгийн хамтын ажиллагаа байх болно

Энэ сарын 6-7-нд БНХАУ-ын Бээжин хотноо болж өндөрлөсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 12 дугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэглорж тус хуралдаанд үг хэлж, БНХАУ-ын дарга Ху Жинтао, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Узбекийн ерөнхийлөгч Ислам Каримов нартай уулзсан.   Монгол Улс 2004 оноос ШХАБ-д ажиглагчийн статустай оролцож байгаа. ШХАБ-ын анхны ажиглагч орны хувьд ШХАБ-ын арга хэмжээнүүдэд янз бүрийн түвшинд тогтмол оролцож байна.

ШХАБ-ын энэ удаагийн хуралдаан тус байгууллагын бүрэлдэхүүнийг баяжуулснаараа онцлог байлаа гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн дүгнэж байна. Энэхүү хуралдаанаар Афганистан улсад ажиглагчийн, БН Турк улсад яриа хэлцээний түнш статус олгохыг санал нэгтэй дэмжсэн билээ. Хуралдаанаар баталж, гишүүн орнууд гарын үсгээ зуран баталгаажуулсан баримт бичгүүдээс ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн чиглэл маш чухал ач холбогдолтой баримт бичиг болсоныг Л.Пүрэвсүрэн онцоллоо. Мөн салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаатай хамтран тэмцэх тунхаглал гаргасан нь энэ бүс нутагт энх амгалан байдал тогтооход ихээхэн ач холбогдолтой боллоо. “Гишүүн орнуудын зүгээс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа дэд бүтцийн хөгжлийн асуудалд ихээхэн анхаарал хандууллаа. Бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг хариуцсан салбар хороог яаралтай байгуулахыг гишүүн орнууд санал болголоо” хэмээн Л.Пүрэвсүрэн хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцоллоо. Мөн төмөр замын сүлжээг бий болгох асуудал түлхүү яригдсан байна.

2001 онд байгуулагдсан ШХАБ өнгөрсөн онд арван жилийн ойгоо тэмдэглэсэн. ШХАБ-ын дараагийн арван жилийн хөгжлийн гол цөм нь эдийн засгийн хамтын ажиллагаа байх болно гэдгийг 12 дугаар хуралдааныг удирдан явуулсан БНХАУ-ын дарга Ху Жинтао хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.

Монгол-Хятадын стратегийн түншлэл бодит агуулгаар баяжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бээжин хотноо энэ сарын 6-7-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 12 дугаар хуралдаанд оролцох үеэрээ  БНХАУ-ын дарга Ху Жинтао, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян нартай уулзсан. Уулзалтууд маш элэгсэг дотно, харилцан ойлголцсон байдалд болсон хэмээн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар  хэллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албыг авах гэж байгаа Ли Көцянтай уулзсан нь хоёр улсын харилцааны хэтийг харсан, чухал уулзалт байлаа гэж ноён Элчин сайд онцоллоо.

“Монгол Улс ШХАБ-ын хрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг ШХАБ-ын хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү бодлогыг УИХ-ын сонгуулиар байгуулагдах шинэ Засгийн газар тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзах үеэрээ хэлсэн үгэндээ онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Хяетадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд Монголын тал сэтгэл хангалуун байгааг Ерөнхийлөгч илэрхийлээд өн­гөр­сөн онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтосон нь хоёр улсын харил­цааны түүхэнд чухал байр суурь эзлэх үйл явдал болсныг онцлон тэмдэглэжээ.

“Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр өргөжин тэлж бай­на. Цэргийн хамтарсан сургуулийг үр­гэлжлүүлэх, цэрэг-техникийн хам­тын ажиллагааны хэлэлцээр байгуу­лахаар тохирцоонд хүрсэн нь чухал юм. Мөн уламжлалт бус аюулгүй байд­лын чиглэлээр хоёр талын хам­тын ажиллагаа эрчимжиж байна. Ху­далдаа, эдийн засгийн хамтын ажил­лагаа нь бидний стратегийн түнш­лэлийн чухал хөдөлгөгч хүч билээ. БНХАУ-ын дарга Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч та Монгол Хятадын харилцааг чухалчлан үзэж байдагт талархаж байгаагаа илэрхийлье. Манай улс хөрш Монгол Улстай мөр зэрэгцэн, гар гараасаа барьж хөгжих эрмэлзэлтэй байдаг билээ. Манай хоёр орон улстөрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, алсыг харах чиг баримжаа чухал юм. Манай хоёр орны харилцаа бүх түвшинд хөгжиж, худалдаа эдийн засгийн шинэ амжилтууд бий болж байна. Бидний хамтын ажиллагаа үеийн үед ийнхүү амжилттай байх нь чухал билээ. Эрхэм Ерөнхийлөгч та намайг болон У Бангуо даргыг өөрийн оронд айлчлахыг урьсанд баярлалаа. 2003 онд танай оронд хийсэн айлчлал гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Бид төрөл садан шиг байх ёстой. Таныг энэ удаад манай оронд айлчилсанд дахин талархал илэрхийлж байна” гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцянтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа хэллээ. Цаашид Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар, ялангуяа эдийн засаг болон хүмүүнлэгийн агуулгаар баяжуулах нь зүйтэй гэв.

Ноён Ли Көцян “Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж ирлээ. Стратегийн түншлэлийн харилцаа бодит агуулгаар баяжиж байна. Улс төрийн итгэлцэл бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Манай хоёр орны харилцаа харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, язгуур эрх ашгаа хүндэтгэх замаар хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна. Танай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг бид талархан сайшааж байна. Бид аль аль талдаа байгаа давуу талаа ашиглан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өндөр түвшинд хүргэх боломжтой. Манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь уламжлалт харилцаагаа хадгалахын зэрэгцээ харилцааг улам шинэ шатанд гаргах чухал нөхцөл юм” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч ярихдаа, Хятад бол манай хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том худалдан авагч орон болохын хувьд бидэнд хамтран харилцан ашигтай ажиллах боломжтой олон салбар байна.

Монголоос гарах бүтээгдэхүүн Хятадын зах зээл дээр борлогдож харилцан ашигтай ажиллаж байгаа. Гэвч Монгол бол далайд гарцгүй орон. Нүүрс гэх мэт зарим бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломжийг хамтран бүрдүүлэх боломжтой гэж бодож байна.

Хоёр улсын төмөр замын сүлжээг холбох нь хоёр орны харилцаанд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой чухал ач холбогдолтой болох нь гарцаагүй. Төмөр зам барих, шинэ чиглэлүүд бий болгох бодит боломж бүрдсэн. Дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа мөн бидний харилцаанд чухал байр суурь эзэлнэ. Монгол Улс нүүрсээр баялаг. Нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний үйлдвэр барьж хятадын зах зээл рүү нийлүүлэх боломж байна. Монгол бол хөдөө аж ахуйн орон, олон малтай. Малаас гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хятадын зах зээлд гаргах боломжтой гэж бид үздэг. Мөн бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдэд хамтран оролцох боломжтой. Сүүлийн жилүүдэд манай оронд дэлхийн дулаарлаас үүдэлтэй цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хятад бол цөлжилтийн эсрэг тэмцэх, ойжуулах талаараа сүүлийн үед амжилт олж байгаа орон. Тиймээс говийн бүсийг ойжуулах талаар хамтран ажиллах саналтай байна. Цаашид хамтын ажиллагааны уламжлалт механизмыг ашиглахын зэрэгцээ, шинэ механизм бий болгох саналууд яригдаж байна. Тухайлбал Засгийн газрын орлогч сайдын түвшинд хамтран ажиллах шинэ механизм бий болгох нь зүйтэй юм. Орос, Хятадыг холбосон хийн хоолойг монголын газар нутгаар дамжуулах асуудал дээр гурван улсын хамтарсан ажлын хэсэг гаргаж судалгааны ажил эхлүүлэхийг дахин санал болгож байна. Эдгээр асуудал дээр харилцан ашигтай, хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж бидэнд байна гэж үзэж байна гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Көцян Монголын өрсөлдөх чадвартай аливаа бүтээгдэхүүн Хятадын болон бусад орны зах зээл дээр гаргахын төлөө хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, харилцан ашигтай байдлаар хийх нь зүйтэй гэв.

Хятадаар дамжин далайд гарцтай болох асуудлын тухайд, эдийн засгийн үр дүн нь сайн байх аливаа төсөлд Хятадын санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй орох болно гэлээ. “Эрчим хүчний шинэ гарцын асуудалд манай улс нээлттэй байдаг. Хөрш зэргэлдээ Орос Улстай яриа хэлэлцээ хийж боломж бололцоог улам сайн ашиглах хэрэгтэй гэв. Мөн байгал орчныг хамгаалах талаар ижил байр суурьтай байна, Хятадын хойд, Монголын урд хэсэгт хамтран ойжуулах ажлыг хийхэд бэлэн байна гэсэн юм.

Хоёр тал хамтран хөгжиж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх байр сууриа ноён Ли Көцян уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж