Энэ нь арваад жилийн өмнө уг олдворыг Монголын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг нотлох эхний алхам аж.
АНУ-ын Байгалийн түүхийн музейн палентеологич Марк Норелл “Бид үүнтэй адил маш олон олдворыг малтаж, бас бусдын олсон олдворуудыг шинжилж байсан. Мэргэжлийн хүний хувьд би үүнийг Монголын говиос олдсон гэдгийг батлан хэлнэ” гэжээ.
Марк Норелл 1990 оноос хойш төв Азийн энэ оронд ажиллаж байгаа хүн юм. Марк Норелл, Албертын их сургуулийн палентеологич Филипп Кюри нар олдворыг Монголынх гэдгийг нотолсон судалгааны тайланг өнгөрсөн лхагва гаргажээ.
Үлэг гүрвэлийн араг ясыг шинжлэхээр Монголоос очсон хоёр палентеологич эрдэмтэн ч мөн ийм дүгнэлтэд хүрчээ.
Хэдийгээр эрдэмтэд үлэг гүрвэлийн олдворыг Монголынх гэдгийг нотолсон ч Тиранозаурус батаарыг хэрхэх нь тодорхойгүй байна. Олдворыг өнгөрсөн тавдугаар сард гарал үүслийг тогтоохоос нааш худалдан авагчид шууд шилжүүлэхгүй байх нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдаалсан юм.
Дуудлага худалдааг явуулсан “Heritage Auctions” үлэг гүрвэлийн гарал үүслийг тогтоох шинжилгээ явуулахад хамтран ажиллаж, өнгөрсөн лхагва гаригт Монголын төлөөлөгчид болон палентеологич эрдэмтдэд Нью Йоркийн Хатан хааны дүүрэгт хадгалж буй аварга Тиранозаурус батаарын араг ясыг үзүүлжээ.
“Heritage Auctions”-ыг үндэслэн байгуулагчдын нэг, тэргүүн Жим Халперин “Бидэнд уг олдворыг үзэж, шинжлэх цаг ч байгаагүй болохоор палентеологийн талаас нь тайлбар хийх аргагүй байсан. Бид энэ асуудлаар нөхөрсөг, шударга шийдвэрт хүрэхэд чадах бүхнээр дэмжинэ” хэмээн ярьжээ.
Тиранозаурус батаарын хул цагаан өнгө болон чулуужсан ясны 12 онцгой шинж чанар нь уг олдворыг Монголын говиос олдсон гэдгийг баталсан хэмээн ШУА-ын Палентеологийн лаборатори, музейн захирал Х.Цогбаатар ярьсан байна.
Мөн үлэг гүрвэлийн гавлын яс хаанаас гаралтайг нь бэлхнээ нотолж байгаа аж. Тиранозаурус батаарын араг яс зөвхөн Монголын говиос л олддог. Араг ясны өнгө, шинж байдал төдийгүй ясны цууралт, хагаралт дээрх улайлт нь Монголын говиос өмнө нь олдсон үлэг гүрвэлийн олдворуудтай адилхан гэж палентеологич эрдэмтэн Кюри баталжээ.
Палентеологичдын хэлж буйгаар Тарбозавруудыг богино, бахим урд хөлөөр нь таньдаг гэнэ. Эрдэмтэд шинжилгээний дүгнэлт гарахаас бүр өмнө олдворыг Монголынх гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан юм. Норелл, Кюри нар олдворыг дуудлагаар худалдаалахаас өмнө үүнийг эсэргүүцэж, Монголчуудтай дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.
Палентеологичид Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, олдворыг тус улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх хэрэг сүүлийн жилүүдэд ширүүсч буйг бүгд хүлээн зөвшөөрчээ.
Мэргэжлийн бус хүмүүс олдворыг малтаж гаргахдаа ихэвчлэн шүд, соёог нь авч, бусад хэсгийг нь сүйтгэж орхидог бөгөөд Тиранозаурус батаарын олдвороос хэд хэдэн шүд, соёо нь байхгүй аж. Олдворыг маш туршлагатай эксковаторчин ухаж гаргасан гэж палентеологичид таамаглаж байгаа бөгөөд гэсэн ч нэлээд хэсгийг нь гэмтээж орхисон аж. Араг ясыг дуудлага худалдаанд тавихын тулд засвар их хийсэн нь мэргэжлийн хүмүүст андашгүй харагджээ.
Үлэг гүрвэлийн олдворыг Монголынх гэдгийг нэгэнт нотолсон ч эх нутагт нь буцааж авчрах ажил үлдэж байна. Монголын талаас олдворыг хууль бусаар хил нэвтрүүлж, Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөнийг батлах бол олон улсын палентеологичид Тиранозаурусын АНУ-д хөл тавих хүртэлх аяллыг судлах үлдэж байгаа гэнэ.