“Амьд хөгжмийн хамтлагт дуулах хамгийн сайхан”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Амьд хөгжмийн хамтлагт дуулах хамгийн сайхан”

"UBS"
телевизээс зохион байгуулж буй “Universe best  songs” шалгаруулалтад
амжилттай оролцож байгаа “Моханик” хамтлагийн дуучин Ц.Даваажаргалыг
“Залуус” буландаа урилаа.

 “Моханик” хамтлагийн дуучин Ц.Даваажаргалтай ярилцлаа.

 -Танай хамтлаг анх хэзээ байгуулагдаж байсан бэ?

 -Бид нар нэгдүгээр ангиасаа л нэг ангид хамт сурсан. Анх сургуулийнхаа урлагийн үзлэгт орох болоод тэгээд л байгуулагдсан даа.

-Тэгэхээр нилээн хэдэн жилийн өмнө гэсэн үг үү?

-Дөрвөн жилийн өмнө.

-Яагаад “Моханик“ гэдэг нэрийг өгөх болсон бэ?

-Ямар
нэгэн утга агуулсан нэр биш л дээ. Механик гэдэг үгнээс үүдэлтэй. Манай
хамтлагийн ахлагч Энэрэл физикийн хичээл орж байхад дээр самбар дээр
“механик” гэдэг үгийг  “моханик” гэж  бичээд сүүлд нь тоглоом болгож
байгаад л хамтлагийн маань нэр болчихсон.

-Анх тайзан дээр гарахад хэр сандарч байв?

-Аймаар сандарсан. Эхэлсэн, нэг мэдсэн дууссан байсан дунд нь юу болсныг бүү мэд. /инээв/

-Одоо бол суралцсан биз дээ?

-Үгүй ээ. Одоо ч бас сандарна шүү.

– Нээрэн үү?

-Тоглосон юм аа. Одоо бол гайгүй ээ. Анх тайзан дээр гарч байснаа бодвол туршлага сууж л байна.

-“Play time”, “Coken Beat” зэрэг наадмуудад хэзээнээс эхэлж оролцсон бэ?

-“Play
time”-д 2005 оноос, Coken Beat-д 2007 оноос эхэлж орсон. Өмнө нь зөвхөн
үздэг л байсан бол өөрсдөө ороход маш гоё санагдсан.

-Амьд
хөгжмийн хамтлагууд харьцангуй олширсон. Тиймээс хамтлаг бүр л өөрийн
онцлогийг харуулахыг боддог. Харин танай хамтлагийн хувьд?

-Амьд
хөгжмийн хамтлаг бүр л өөрийн гэсэн философитой байдаг. Би л хувьдаа
амьд хөгжмийн хамтлагт дуулдагтаа өөрийгөө азтайд тооцдог. Амьд
хөгжмийн хамтлаг дуулах хамгийн сайхан Бас бид амьдрал дээр ямар байдаг
тайзан тэр байдлаараа, өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө байхыг хүсдэг.
Тайзан дээр гарчихаад ямар ч алдаагүй цэвэрхэн тоглох ёстой, тэгэх
ёстой, ингэх ёстой гэж ямар нэгэн зүйлд баригдахыг хүсдэггүй. Хүссэнээ
л хийдэг.

-“Моханик” хамтлагийн “Морьтой ч
болоосой” дууг хүмүүс хамгийн сайн мэддэг. Энэ дууг “Хүрэлдэй их хааны
элч” кинонд зориулж хийсэн үү?

-Үгүй. “Морьтой
ч болоосой” түрүүнд нь гарчихсан байсан юм. Сүүлд киноны дуу болгоё
гэсэн санал ирснээр “Хүрэлдэй их хааны элч” киноны дуу болсон.

-Танай хамтлаг “Universe best  songs”-т  амжилттай оролцож байгаа. Энэ шалгаруулалтын талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Сүүлийн
25-д шалгарсандаа маш их баяртай байгаа. Өөрсдийгөө сорьж үзье гэсэн
бодлын үүднээс энэ шалгаруулалтад орсон. Манай хамтлаг шинэ залуу
хамтлаг, дуучдын хаана нь яваагаа мэдэхийг хүссэн гэх үү дээ.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хэнийг гэж бодож байна?


400 гаруй хүнээс шилэгдсэн 25 оролцогч үлдсэн учраас бүгд чадалтай,
сайн дуулдаг хүмүүс байгаа. Гэхдээ өрсөлдөхөөсөө илүү маш сайн найзууд
болж байгаа. Яг л нэг ангийн хүүхдүүд шиг болсон. Цаашдаа хамтарч, маш
олон гоё зүйлүүдийг хүмүүст хүргэнэ байх.

-“Моханик” хамтлагийн хамгийн том мөрөөдөл?

-Австрали,
Англи ч юм уу, барууны орнуудын том наадмуудад оролцож, ганц ч гэсэн
дуу тоглох юмсан гэж бид нар их ярьдаг. Энэ л бидний хувьд хамгийн том
мөрөөдөл байх.

– Зарим хамтлагууд байгуулагдаад хэдхэн дуу хийгээд алга болчдог. Харин “Моханик” хамтлаг хэр урт наслах бол?

-Бид
нар ярьдаг л даа. Хөгширсөн ч бөмбөрчин нь бөмбөрөө балбаад л, гитарчин
нь гитараа бариад явж байвал гоё. Аль болох олон жилийн түүхтэй хамтлаг
байлгахыг хичээнэ.

-Хэзээ цомгоо гаргах бодолтой байна?

– Боломж гарвал гаргана. Боломж гарахгүй ч гэсэн өөрсдөө хийгээд ч юм уу, биднийг сонсдог хүмүүст дуунуудаа хүргэнэ.

    П.Сэлэнгэ /2009 оны 5 сарын 14/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж