Гадаад дахь монголчууд саналаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд саналаа өгч байна

Гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд өнөөдөр УИХ-ын сонгуульд саналаа өгч байна. 
Монгол Улс  39 улсад дипломат төлөөлөгчийн газартай бөгөөд  17 улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд өнөөдөр өглөөний 07.00 цагаас саналаа өгч эхэллээ. 9.30 цаг /Улаанбаатарын цаг/ -ийн байдлаар 221 монгол иргэн саналаа өгөөд байгаа ажээ.
Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс хоёр цаг тутам мэдээ авч сайтад байршуулж байна. Комиссын албан  ёсны мэдээгээр гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 329 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд  УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгөх эрхтэй юм.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд өөрийн оршин суугаа оронд байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт өөрийн биеэр очиж, УИХ-ын сонгуульд оролцож буй 11 нам, 2 эвслийн төлөө саналаа өгөх бөгөөд гадаад орнуудад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд дээр авч битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, саналыг эх орондоо сонгуульд оролцсон сонгогчдын саналтай хамт нэг өдөр тоолох юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж