Шарапова “Их дуулга”-ын дөрөв дэх цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Шарапова “Их дуулга”-ын дөрөв дэх цомоо хүртлээ

Францын Парис хотноо талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох "Роллан Гаррос" буюу Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. Тэмцээний 14 дэх өдөр буюу өчигдөр (06.09) эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар ОХУ-ын теннисчин Мария Шарапова шалгарлаа. Тэрбээр шигшээ тоглолтод Италийн Сара Эрринаг хоёр үеийн турш 6:3, 6:2-ийн харьцаагаар 89 минутад буулган авч “Их дуулга”-ын дөрөв дэх цомоо гардсан байна. Тэрбээр 2004 онд “Уимбльдон”, 2006 онд Америкийн нээлттэй тэмцээн, 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү "Их дуулга"-ын дөрвөн цомыг бүгдийг нь өөрийн болгож байна. Мөн тэрбээр  WTA-ын чансааг дахин тэргүүлэх болж байгаа юм.

Мария Шараплва оны төгсгөлд болдог шилдэг наймын "WTA tour championships 2004″-д түрүүлж байсан байна. 2009, 2010 оны “Их дуулга”-уудад төдийлөн сайн тоглож чадаагүй ч гэсэн өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы шигшээд шалгарч байсан. Улмаар энэ оны анхны “Их дуулга”-ын “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд Азаренкад ялагдсан ч “BNP Paribas Open”, “Sony Ericsson Open”-ий шигшээд шалгарч, өнгөрсөн сард "BNL d"Italia" буюу Ромын нээлттэй тэмцээнд түрүүлж чансаагаа хоёр хүртэл ахиулсан билээ.

Шараповагийн аваргын цомыг 1,25 сая еврогийн шагнал дагалдан ирж байгаа бөгөөд тэрбээр чансааны 2000 оноо хүртэж, WTA-г тэргүүлж байна. Мөн дэд аварга Сара Эрринад 625 мянган еврогийн шагнал, чансааны 1400 оноо дагалдан ирж байна.

Тус тэмцээнд 21-т эрэмбэлэгдэн тоглосон Италийн Сара Эррина "Их дуулга"-ын оргил амжилтаа үзүүллээ. Тэрбээр шигшээд шалгарахдаа 2008 оны аварга Сербийн Анна Иваннович, 2009 оны аварга ОХУ-ын Светлана Кузнецова, Германы Кербер (10), өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Саманта Стосур (6) нарын шилдэгүүдийг буулган авсан билээ. Тэрбээр мөн хосын төрөлд тэргүүлж “Их дуулга”-ын хосын анхны цомоо хүртсэн юм. Нутаг нэгт Винситэй хослон тоглосон түүний хувьд тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд 340 мянган еврогийн шагнал хүртэж чансааны 2000 оноо хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович болон Испаний Рафаэль Надаль нар шалгараад байгаа бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.

Дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй Испаний Рафаль Надаль “Их дуулга”-ын арван цом хүртэхдээ Францын нээлттэй тэмцээнээс зургаан том цом хүртээд байна. Тэрбээр 2005 оноос 2011 оны хооронд зургаан түрүүг аваад байхдаа 2009 онд тэмцээнийг дөрөвдүгээр тойргоос орхиж байсан юм. Түүний дараалан дөрвөн удаа түрүүлээд байсан амжилтыг Шведийн Содерлинг зогсоож байсан байна. Гэсэн хэдий ч шороон хучилттай талбайн хаан гэгддэг Рафаэль Надаль 2010, 2011 онуудад түрүүгээ авсан билээ.

Энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд Жокович, Надаль нарын тоглолт таван сэт үргэлжиж таван цаг 53 минут тоглосоны эцэст (5:7, 6:4, 6:2, 6:7, 7:5) Жокович ялалт байгуулж байсан билээ. Гэсэн ч шороон талбайд гаргуун сайн тоглодог Надаль өнгөрсөн сард "Моnte Carlo Rolex Masters" болон Ромд "BNL d"Italia" буюу Ромын нээлттэй тэмцээний шигшээд Жоковичийг буулган аваад байгаа билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.


Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж