Ардын засгийн гурав дахь аварга Шагж

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Ардын засгийн гурав дахь аварга Шагж

1927 оны Улсын наадам

10 давж түрүү – у.заан О.Аюур(Өв.Сант сум)- арслан
9 давж үзүүр – С.Шагж (Завхан Булнай сум) – арслан
8 давж 4-т үлдсэн – Д.Гарамбазар(Ар.Хашаат) – заан
8 давж 4-т үлдсэн – у.заан М.Данзансодов (Бу.Бугат сум)

1928 оны Улсын наадам

9 давж түрүү -у.ав Н.Жамъян(Ар.Цахир сум)- даян аварга
8 давж үзүүр – у.арслан, мээтэн О.Аюур(Өв.Сант сум)
7 давж 4-т үлдсэн – Б.Банзар(Ар.Өлзийт сум) – заан
7 давж 4-т үлдсэн – у.арслан С.Шагж (За.Булнай сум)

1929 оны Улсын наадам

10 давж түрүү -у.заан Б.Банзар(Ар.Өлзийт сум) – арслан
9 давж үзүүр – у.арслан С.Шагж (За.Булнай сум)
8 давж 3-т үлдсэн – у.аварга Г.Вандан (Ар.Батцэнгэл)

1930 оны Улсын наадам

10 давж түрүү – у.арслан С.Шагж (За.Булнай сум)- аварга
9 давж үзүүр – у.арслан, босоо Б.Банзар (Ар.Өлзийт сум)
8 давж 4-т үлдсэн – Л.Чимэд (Төв.Мөнгөнморьт) – заан
8 давж 4-т үлдсэн – у.заан Гүрийн Дэндэв (Бу.Могод сум)

Завхан аймгийн Булнай сумын Зэргээ, Нам бууц, Нү­хэн хад, Замын хясаагаар нутагтай хөх Санжмятавынд 1903 оны туулай жилийн намар нэгэн хүү мэндэлсэн нь хож­моо монгол бөхийн эрхэм дээд аварга хэмээх цолонд хүрсэн Шагж юм. Хөх Санжмятавынх эрэг­тэй хүүхэд олонтой, тэд­гээр нь бүгд барилддаг айл байж. Монгол Улсын аварга С.Шагж нь цэрэгт явахаасаа өмнө Ардын хувьсгалын 14, 15 жилийн ойн баярыг тэмдэглэ­сэн хошуу наадамд 1925, 1926 онд дараалан түрүүлсэн. Анх­лан түрүүлэхдээ шөвгийн наймд өөрийн төрсөн ах хул хэмээх Хайдавтай тунаж ба­рил­дан орхиж, улмаар үзүүр түрүүнд дөш Л.Рен­чин­сам­бууг(1936 оны улсын заан) хаяж байлаа. Хойтон жил нь хошуу наадмын шөвгийн дө­рөвт мөн өөрийн төрсөн ах Нан­зад тулгаттай тунаж ор­хиод долоогийн даваанд аймаг сумандаа ид цоорч гарч ирж бай­сан Дулмаа шонхорыг өв­дөг шороодуулан түрүүлсэн билээ. Дашрамд дурдахад, авар­гын ах хул Хайдавын зээ  Г.Бат­тог­тох нь 1977 оны Үндэсний бө­хийн УАШТ-ий хүүхдийн барилдаанд  Завхан аймгаас шалгаран ирж  барилдаж байс­ныг бөхийн хорхойтнууд санаж байгаа биз ээ.Харин С.Нанзад тулгат нь төрсөн дүү С.Шаг­жий­гаа 1930 онд 10 давж түрүү­лэн аварга болоход засуулыг нь хийж байсан бөгөөд өөрөө бас зодоглон дөрөв давж шо­роот мөрийнд хүрээд начны да­ваанд өвдөг шороодсон хүчтэн.

Санжмятавын Шагж 1926 оны намар цэрэгт татагдан Гаалийн хороонд  алба хашиж эхэллээ. 1926 оны Улсын заан, Ардын хувьсгалын партизан Гүрийн Дэндэв шинэ цэрэг С.Шагжийн тухай нэгэн сайхан дурсамж ярьсныг уншигч танд сонирхуулъя. Партизан Г.Дэндэв цэргийн дарга байж. Буянт-Ухаад цэр­гийн карантин гарч байтал хө­дөө аймгаас сайн барилддаг нэг залуу цэрэгт татагдаж ир­жээ гэлцсэн нь Шагж байжээ. Нэг өдөр Шагжийг сорих болж сайн барилддаг дарга, цэрэг арваад хүн түүнтэй цувран барилдахад Шагж цөмийг хая­жээ. Үүний хойно дахин сорих болж цэргийн ундны ус зөөдөг ягаан шарыг өргүүлэх болоход Шагж зодог шуудгаа өмсөөд өрж зогссоноо ухасхийн нэг гараа өвчүүн доогуур нь оруулж, нөгөө гараа цавин доо­гуур нь  оруулж хөндийрүүлээд үүдэн хоймор чинээ явжээ. Хоёр дахин ингэж өргөхөд үнэхээр хүчтэй бөх юм гэж цугларагсад гайхсан байна.

С.Шагж Улсын наадамд 1927 онд анх удаа зодоглож уч­раа болгоноо уран мэх урал­дуу­лан хаясаар есийн даваанд 1926 оны Улсын заан Булганы М.Данзансодовт амлуулж ба­рил­дан давлаа.Үзүүр түрүүний 10-ын даваанд Өвөрхангайн мээтэн О.Аюурт заан цолтой байхад нь унаж үзүүрлэн шууд Улсын арслан цолонд хүрсэн билээ.Түрүү бөх мээтэн хэ­мээх О.Аюур заан цолоо ахиулж  мөн л Улсын арслан болсон юм. Гаалийн хорооны цэрэг ийнхүү амжилттай сайн барил­даж арслан болсноос хойш олон түмэн “Цэргийн Шагж арслан”, “Жанжны бөх” хэмээн нэрийдэж эхлэв.Бүх цэргийн жанжин Х.Чойбалсан түүнийг Босоо Самдан аваргатай ба­рил­дуулж хүчийг нь сорихоор Хан Хэнтий аймгийн наадамд барилдуулахаар дагуулж оч­лоо. Ардын цэргийн 1-р диви­зионы тугийг Өндөрхаан уул­наа наймдугаар сарын 8-нд тахиж аймгийнхтай хамтатган хийсэн өргөн дэлгэр наадамд хур­сан олон Босоо Самдан авар­га, Цэргийн Шагж арслан хоё­рын барилдахыг тэсч ядан хүлээж байв. Эр бяр тэгширсэн 28 насандаа яваа Босоо Сам­дан, бөх хүн бүдүүн өвсөнд гэгч болон шөвгийн дөрөвт амласан  Цэлнавааны Цэрэн заанд ойч­соноор 1920-иод онд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэж явсан гайхамшигт энэ хоёр хүчтэний ноцолдолгоог үзэх хувь наадамчдад дутсан хэрэг болов.Наадмын тухай “Үнэн” сонин 1927 оны есдү­гээр сарын 3-ны ¹21-дээ “…наадмын тавдугаар өдөр хур буун…Жанжны  бөх цэргийн Шагж гэгч наадмын түрүүг авч урьд олгосон цолон дээр нь баярлах бардам түрэмгий цол олгожээ” гэж мэдээлсэн нь бий.

С.Шагж аварга нь цэрэгт байхдаа Улаанбаатар хотноо Гаалийн хороо, эх орныхоо торгон хил-Хөвсгөл аймгийн хойд хязгаар дахь Гаалийн хороонд алба хашиж байв. Ардын хувьсгалын партизан, зохиолч Ж.Дамдин 1966 онд хэвлүүлсэн “Монгол бөх” но­мон­доо аваргын бяр чадлыг харуулсан үйл явдлыг нүдээр үзсэнээ тэмдэглэсэн билээ. “Тэр үед(буюу гучаад оны үед) Улаанбаатар хотноо Гаалийн хороо гэж аян жингийн элдэв бараа хураасан нэгэн их газар байсан юм.Одоогийн Залуу­чуу­дын ордон байгаагийн урд дэвсэг дээр Гаалийн хорооны улаан байшин байх бөгөөд эргэн тойрон шавар хэрэмтэй, дотроо олон жижиг байшин, том саравчин агуулах зэрэг зүйл­тэй байлаа.Аян жингийн цуваа тэр их хашаанд орж ирэх са­цуу тэдний ачаа барааг нь хү­лээн авч задгай том агуулахад хураадаг бөгөөд тийм ажилд Шагж, Банзар, Бат-Очир(1932 оны Улсын арслан, Малига бүргэд хэмээх) нарын гурван сүрхий бөх томилогдон ажил­лаж байсан нь одоогоор бол нэ­гэн томхон баазын ачаа ачигч, буулгагч гэсэн үг байжээ. Тэд том томоороо тэн болгож боо­сон хятад барааг шүүрэн авч агуулахын дотор дээш дээш нь үе үеэр нь шидлэн овоолж байдагсан…бас тэрэн дээр Гаалийн хорооны том хашааны гол сахиулаар дэлхийд ал­дартай 2 метр 45 санжийн өндөр биетэй Далай чойнхор вангийн Өндөр Гонгор гэгч маш их  сүртэй хүн зогсч байсан нь бүр улам ч сүрлэг болгодог байлаа.Гэтэл нэгэн удаа ирсэн аянчны нэг тэмээ тэр хашаан дотроос гэгээн цагаан өдрөөр гэнэт алга болж билээ.Тэр би­түү хэрмэн хашаанаас тэмээ байтугай хулгана гарахад бэрх. Гэтэл хашаан дотор тэмээ байх газаргүй тул хүмүүс эцэс­тээ бараг гэр байшинг хүртэл шагайж эрэх нь шахсаар нэгэн санамсаргүй газраас олж ихэд гайхав.Энэ нь хэрмэн ха­шааны баруун хойд өнцөгт, хойд талын хананаас дэлэм хэр зайтайгаар баруун хананд нь тулгаж барьсан нэг муу шавар байшин байсан бөгөөд түүний арын хавчиг зайг дээ­гүүр нь пин дээвэр хийж хэрэм­тэй үргэлж болгон битүүлээд мухарт нь жаахан өвс хийн хадгалж байсан тэр нүхээр нөгөө тэмээ чихэн оржээ.Аян жинд ядарч, өлссөн тэмээ цааш зүтгэн нэлээд гүн орж мухрын өвснөөс идсэн боловч эргээд гарч чадахгүй болсон байв. Үүнийг хэрхэн гаргах билээ гэж хүмүүс хөл хөдөлгөөн болж байхад мань гурван эр ирээд,

-Яахав, хөлс их өгвөл бид гаргахыг бодъё хэмээн тэмээ­ний эзэнтэй хэлцэн тохирч хоёр нь тэмээний хөлөөс тэв­рэн гэдсэн доогуур орж, Шагж нь наана үлдэж хоёр хөлөөс нь тэврэн барьж аваад гурвуул дуу нийлүүлэн тэр хоёр нь өргөж, Шагж тэнхээгээрээ уг­зар­санд тэмээ бахирч, дээ­вэр нурж, нөгөө байшингийнх нь арын хана дотогш цөмрөөд тэ­мээнийх нь хоёр бөөрний арьс зулга татагдан гарч ирж байсан  удаатай” гэж бичсэн юм. Хэдийгээр С.Шагж нь цэр­гийн гэсэн тодотголтой байсан ч 1928, 1929 оны Улсын наа­дамд баруун талын тэргүүн магнайд босохдоо Улсын Бага хурлын даргын нэрийн өмнөөс барилдсан байна. С.Шагж нь 1928 онд арслан цолоо ахиулж Улсын аварга болно, түрүүлнэ гэсэн итгэл дүүрэн барилдсан боловч наадмын 512 бөхөөс долоо давж дөрөвт шалгараад наймын даваанд урьд жилийн наадмын түрүү бөх мээтэн О.Аюур арслантай тунаанд таарч хүч үзээд хоёр дахиа өвдөг шороодсон юм. Тэрээр 1929 онд 600 бөх барилдахад есийн даваанд Луу гүний Вандан аваргыг хаяж үзүүр түрүүнд Босоо Банзар­тай үзүүр түрүүнд шалгарлаа. Наа­дамчин олон С.Шагжийг айдаггүйгээ авдрандаа хийлээ, ал­дарт Ванданг хаяснаар авар­гад хүрэх замаа нээлээ гэлцэж байсан ч Босоо Банзартаа уначихваа.Ингээд хойтон жи­лийн наадам хол байна даа, хол байна, гэвч даагаа нэхнэ, түрүүлж аварга болно доо гэсэн бодол өвөртөлсөөр явах болов.

С.Шагж аваргын дархан мэх нь тонгороо.Энэ наадмын дараа Архангай аймгийн наа­дамд очиж барилдаад үзүүр түрүүнд Арвайхээрийн Банди заанд(1938 оны Улсын арслан) ойчоод үзүүрлэсэн байна. Аймгийн наадмын дараа Да­шин­чилэнд(одоогийн Булганы) олон газрын морь бөх цуглар­сан нижгэр тот наадам хийх зар таржээ. С.Шагж энэ наадмаар Ц.Банди заанаас даагаа нэхэ­хээр очлоо. Тэгээд ч санасан­даа хүрч түүнийг үзүүр тү­рүүнд хаяж түрүүлэв. Ц.Банди арслан энэ тухай “Аймгийн наадамд бид хоёр үзүүр түрүүнд үлдлээ.Гол мэх ижил, хоёулаа тонгорно.Хоёр биенээ ээлжлэн тонгорсоор яваад хөлийн цэц хүрдэг. За­суу­лууд буцаадаг. Шагж бид хоёр ээлжлэн тонгорсоор би унагаж түрүүллээ. Би буцахдаа Дашинчилэн сумын наадамд барилдах болов.Шагжийг буц­сан гэж бодоод тоосонгүй ба­рил­даж энэ наадамд надаас өөр хэн түрүүлэх вэ гэж бодож хоёрын давааны үеэр айраг их уугаад их л додигор байв.Гэтэл Шагж хүрээд ирж.Ингээд бид хоёр үзүүр түрүүнд үлдэж мөн тонгоролцож явалцсаар би ойчоод өгөв өө.Дараа нь би айр­гаар бөөлжиж тун ч сан­дарсан юм” дурсан суудагсан.

С.Шагж нь ингэж 1929 онд Ц.Бандиас аймгийн наадмын даагаа нэхэж чадсан бол 1930 онд Улсын баяр наадмаар Босоо Банзар арслангаас даа­гаа нэхэн үзүүр түрүүнд хаяж Монгол бөхийн аварга цолыг авсан түүхтэй.Тус наадамд 864 бөх зодоглосон бөгөөд С.Шагж цолны эрэмбээр есийн даваанд шөвгийн дөрөвт үлдэж шинээр заан цолны болзол биелүүлсэн Мөнгөнторьтын Л.Чимэдийг(1935 оны Улсын арслан) амлан хаясан бол тунаанд хүч үзсэн Б.Банзар арс­лан Булганы Г.Дэндэв заа­ныг өвдөг шороодуулсан юм. Үзүүр түрүүний 10-ын да­ваанд улсын арслан цолтой С.Шагж, Б.Банзар нарын хэн давсан нь аварга болох байв. Санжмятавын Шагж шийдэм­гий сайхан барилдаж учраагаа давснаар Ардын засгийн гурав дахь аварга цолыг авсан.

Ардын засгийн анхны авар­га цолыг Босоо Г.Самдан 1925 оны Улсын наадамд арслан цолтой барилдан 640 бөхөөс 10 даван түрүүлж авсан. Харин энэхүү 1925 оны Улсын наа­дамд ес даван үзүүрлэж арс­лан болсон Буур Н.Жамъян хойтон жил нь 1926 онд 640 бөхөөс 10 даван түрүүлж Ар­дын засгийн хоёр дахь аварга цолтон болсныг бид бэлхэнээ мэдэх билээ. 1930 оны Улсын наадмаар С.Шагжид унаж үзүүрлэн авар­га цолонд хүрч чадаагүй Бая­сахын Банзар арслан 1977 онд “Спортын мэдээ” сонины (¹51) сурвалжлагч, яруу най­рагч Б.Орхонсэлэнгэд (Гарди магнай киноны Жигмэдэд тог­ло­сон жүжигчин) өгсөн ярилц­ла­гадаа “Арслан цол авчихаад аваргын төлөө санаа байлаа. 1930 оны наадамд 1000-аад бөх барилдахад шалгараад аварга цол авахад ганц даваа үлдээд байхад Завханы харъ­яат Цэргийн Шагж гэдэг олонд алдаршсан бөхөд  би унасан юм. Аварга цолонд хүрэхэд ганцхан гишгэлт дутсан даа” хэмээн өгүүлсэн билээ.

Улсын аварга С.Шагж  нь  1929 онд эр цэргийн албаа өндөрлүүлсэн бөгөөд 1930 онд улсад түрүүлэхдээ нутгаасаа ирж барилдсан юм. Тиймээс ч Улсын наадмын оноо дансанд түүний төрсөн нутаг Шажин­батсэвжидгацал уулын хошууг нь товчлон Шажинбатын Шагж арслан гэж буйр босгосон байдаг. Цагийг эзэлсэн их хүчтэн С.Шагж аваргын төрсөн ганц хүү Даваасамбуу гэдэг нас сүүдэр 81-ийг зооглосон буу­рай эдүгээ Улаанбаатар хо­тын­хоо зүүн хоймор Дамба­дар­жаад үр ач нараа тойруулан энэ цагийн хүмүүний амьд­ра­лын тухай нэгийг хэлж нөгөөг сануулан бие тэнхлүүн сэтгэл тэнэгэр аж төрж сууна. Түүнийг 1967-1972 онд Жамсрангийн Самбуу даргын жолооч, 1974-1983 онд “Үнэн” сонины эрх­лэгч, төрийн шагналт Ц.Намс­райн (Ардын жүжигчин Н.Сув­дын аав) машины жолоочоор ажиллаж байснаар нь олон хүн мэддэг аж. Засгийн газрын авто баазынхан төдийгүй “Үнэн” сонины хууччуул “Ханх Даваа­самбуу юу” гэж асуугаад ан­дах­гүй байна лээ.

ТАЛАРХАЛ

Бид Завханыхан хийгээд бөх сонихогчдын өмнөөс доорхи албан байгууллага, хувь хүмүүст талархал хүргэж байна. Хүлээн авна уу.

-С.Шагж аваргын барилдааны амжилтыг ба­тал­гаажуулах материалыг олоход гүн туслалцаа үзүүлсэн Үндэсний төв архив, Цэргийн архивын газар, Үндэсний номын сан, МАН-ын төв архив

-С.Шагжийг эсэргүүний цэрэгт элссэн, 1932 оны тавдугаар сарын 13-нд Тариатын хүрээний өмнөх этгээдэд буудуулсан гэдэг нь бүгд ам дамжсан худал яриа, тэрээр Архангай аймгийн наадмаас харьж яваад 1932 оны намар бусадтай андуурагдан буудуулж амь эрсдэн харин ч бүр хэлмэгдсэн болохыг тодруулахад зохих мэдээлэл өгсөн их сургуулийн эрдэмтэн, багш Н.Амаржаргал, МЗЭ-ийн шагналт зохиолч Чойжавын Бадам, С.Нанзад тулгатын зээ хүү С.Ганболд, ТЕГ-ын нэр бүхий ажилтан нарт туйлын баярлаж байна.

Жич: Улсын аварга С.Шагжийн барилдааны амжилт, цолны талаархи нотолгоо, баримтыг сонирхъё гэвэл Үндэсний төв архивыг зориорой.

Тэндээс Ф-165.Д-1.Хн-68, Ф-165.Д-1.Хн-69, Х-1.Д-6.Хн-254 материал үзэж, Ардын цэрэг,  Залуучуудын үнэн, Үнэн сонины 1927,1928, 1929, 1930 оны 8, 9 -р сарын наадмын дугааруудыг уншиж болно.

Б.ЕРЭНТЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж