Э.Амартүвшин дахин гялалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин дахин гялалзлаа

Энхтайваны Амартүвшин. Энэ нэрийг, түүний гайхам хоолойг монголчууд, цаашлаад дэлхийн сонгодог урлаг нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр орой нэрт балетчин Д.Алтанхуягийнхаа Японы “Комаки балет”-ынхантай хамт бүжихийг хүлээн суугаа Монголын сонгодог урлаг сонирхогчдод тэр бас нэгэн таатай мэдээ дуулгалаа. Э.Амартүвшин алдарт Пласидо Домингогийн уралдааны шилдэг аравт шийр заан үлджээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж буй “Plаcido Domingo’s Operalia” залуу дуучдын олон улсын уралдаанд манай дуучин орон орны шилдгүүдээс шигшсэн 40 уран бүтээлчийн нэгд багтан, Бээжинг зорьсон юм. Зургадугаар сарын 5-нд болсон гуравдугаар шатны уралдаанаас Э.Амартүвшин гавьяат шилдэг 20-ын нэг болсон бол өчигдөр /VI.08/ болсон IV шатны шалгаруулалтаас тэр төгсгөлийн шатанд авьяас билгээ сойх арван уран бүтээлчийн нэгээр шалгарч чаджээ. Энэ арван дуучин Пласидо Домингогийн удирдах симфони найрал хөгжимтэй дуулах бөгөөд тэднээс шилдгийн шилдэг дэлхийн сонгодог дуучин тодрох учиртай.

Э.Амартүвшин 2011 онд ОХУ-д болсон сонгодог урлагийн “олимп” П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж, урлагийн олимпийн медальтан болсон Монголын анхны уран бүтээлч болсон юм.

Түүнд одоо ч цойлон гялалзах, сонгодог урлагийн ертөнцийг байлдан дагуулах их авьяас, боломж бий. Э.Амартүвшиндээ амжилт хүсье.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж