Ж.Мэндбаярын дэглэмийг бууруулах боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Ж.Мэндбаярын дэглэмийг бууруулах боломжгүй гэв

ШШГЕГ-ын харьяа 427 дугаар ангид хоригдож буй ”Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-г үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр тавдугаар сарын 19-нөөс эхлэн өлсгөлөн зарлаад байгаа юм. “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогчид ШШГЕГ болон Хорих 427 дугаар ангийг хуулийн дагуу ажилласангүй хэмээн мэдээлэл хийсний дараа Ж.Мэндбаярын өлсгөлөн зарласантай холбогдуулан ШШГЕГ, Прокурорын байгууллагатай хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ахлах дэслэгч Н.Бямбадорж “Хүмүүсийн хэлж байгаачлан ШШГЕГ нь Ж.Энхбаярын 9,7 тэрбум төгрөгийн хөрөнгөнөөс хоёр тэрбум төгрөгийн эд хөрөнгийг зарж, долоон тэрбум орчим төгрөгийг шамшигдуулсан гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй. Учир нь ШШГЕГ-ын анх Цагдаагийн байгуулагаас “Глоб кредит”-ийн 4.2 тэрбумын битүүмжилсэн хөрөнгийг хүлээн авсан. Энэ нь нийт хохирлын 35 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө бөгөөд ШШГЕГ нь битүүмжилсэн хөрөнгийн үнийг тогтоох, тогтоосон үнийг бууруулах эрх мэдэл бүхий байгууллага биш” гэдгийг онцолж байсан юм.

Хурлын үеэр Хорих 427 дугаар ангийн дарга, хурандаа Д.Нацагдоржоос цөөн асуултад хариулт авлаа.

-Ж.Мэндбаяр ямар учраас өлсгөлөн зарласан бэ?

-Тэрээр нийт дөрвөн шаардлагыг биелүүлэхийг шаардаж, өлсгөлөн зарласан. Тодруулбал, Уран бүтээл туурвих эрхээр хангах, дэглэм бууруулах, эмчилгээ хийлгэх, мөн хохирогчдын төлбөртэй холбогдуулан нийт дөрвөн хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг бид хэлэлцээд дэглэм бууруулахаас бусад хүсэлтийг биелүүлэх боломжтойг Ж.Мэндбаярт хэлсэн. Гэвч тэр энэ шийдвэрийг хүлээн аваагүй.

-ХЗХ-ны хохирогчид Ж.Мэндбаяр сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс дэглэм бууруулах боломжтой гээд байгаа?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд ялтаны дэглэмийг бууруулахад хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой гэж  үздэг. Тухайн ялтан нь оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хугацааг эдэлсэн байх, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдсан байх, сахилгын зөрчил гаргаагүй байх ёстой. Гэтэл Ж.Мэндбаярын тухайд сахилгын зөрчлийг  хэд хэдэн удаа гаргаж байсан. Тиймээс дэглэм бууруулах ямар ч боломжгүй.

-Бүтээл туурвих эрхийг хязгаарласан гэх мэдээлэл байгаа?

-ХЗХ-ны хохирогчидын Ж.Мэндбаярыг бүтээл туурвихад ашиглах гэсэн компьтерийг хуран авсан гэсэн мэдээлэл нь ташаа юм. Бидэнд компьютер хэрэглэх хүсэлт тавьж байгаагүй. Холбогдох зардлаа гаргаад бүтээл туурвих бүрэн эрхтэй гэх хариултыг өглөө.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж