Балетчин Д.Алтанхуяг Японы “Комаки балет”-ийн уран бүтээлчидтэй хамтран “Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд” тоглолтоо Соёлын төв өргөөнд өнөөдөр 17.00 цагт үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Комаки балет” тоглолт нь Японы үндэсний балет Мадарена, Н.Римски Корсаковын Шахерезада бүжгэн жүжиг гэсэн хоёр хэсэгтэй. Мадарена бол 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм. Тоглолтод 50-иад хүний бүрэлдэхүүнтэй бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг мөн түүний анд, АНУ-ын Бостон хотын Фестиваль балет театрын гоцлол бүжигчин Эмили Локоссо урилгаар оролцож байна.
Монголын Балетын хөгжил сан, БСШУЯ хамтран “Комаки балет”-ын уран бүтээлчдийн тоглолтыг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан тайзнаа толилуулж байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ