Сонгогчид нэр дэвшигчдээ танихгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Сонгогчид нэр дэвшигчдээ танихгүй байна

Хариуцлагаа умартаж амбицаараа түрэгсэд

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид урьд өмнөх сонгуулиудынхаас арай л сул санагдах болов. Тойрогт өрсөлдөж буй эрхмүүдээс дан нэг намын дэвшигчдийг сонгох сэтгэл төрөхгүй л байна. Гуя дагуулж хүзүү гэгчээр нэг гайгүй хүнд хэдэн тааруу нөхөд дайгаад явуулчихсан маягтай. Өмнөх шиг манай танай нам гэлгүй хүнийг нь харж сонгодог болж байгаа өнөө цагт гайгүй нь тааруугаа өөд татаад дагуулчихна гэж бараг байхгүй л болов уу.

Шинэ Сонгуулийн хуулийн сайн тал нь тойрогт өрсөлдөж байгаад нэр татах хугацаанд өрсөлдөгчөөсөө мөнгө салгах маягаар зарим дэвшигч нэрээ татдаг байсан хуучин уламжлалд цэг тавилаа.  Сонгуулийн кампанит ажлын цаг давчуу байснаас тэгэх боломж гаргасангүй. Гэм нь хариуцлагаа тааруу ухамсарласан, хий амбицаар дэвсэн сулавтар нэр дэвшигчдийг гайгүй хэдийнхээ хүзүүнд “уясан” тиймэрхүү сунгаа гарааны шугамаас гараад удаагүй байна. Гэтэл ний нуугүй хэлэхэд, сонгогчдод нэр дэвшигчдийн тухай мэдээлэл, тэдний хэн нь хэн болохыг мэдэж байгаа байдал тун бүрхэг байна. Сонгуулийн сурталчилгаа хэдийнэ эхэлж, уулзалт, нээлт ар араасаа хөвөрч байгаа ч улсууд бие биенээсээ “Манай тойрогт хэн хэн нэр дэвшсэн юм бол” гэж асууж сурагласан хэвээр байна. Сонгогчид нэр дэвшигчдээ танихгүй, мэдэхгүй явсаар сонгууль дуусах вий. 

Олон мянган сонгогчийн итгэл найдварыг өвөртөлж Монгол төрийн түшээ болно гэдэг уг нь хамгийн нэр төртэй ажил. Тиймдээ ч дотооддоо бол өөрийгөө тийм олон хүний төр дэх элч гэж, гадаад оронд бол Монгол Улсын төлөөлөл хэмээн нүүр бардам хэлэх эрхтэй нэр цэвэр эрхмүүд төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх учиртай. Улс төрийн намууд ч гишүүдээсээ тэгж шилж шигших ёстой юм.

Гэтэл Төрийн ордонд ямбалж, төрийн түшээгийн бүрэн эрх эдэлж л байвал миний хэн байх хамаагүй гэсэн хэтэрхий хар амиа хичээсэн эрхмүүд улс төрийн сонгуульд өрсөлдөхөөр хормой шуун зүтгэдэг болчихож. Ялангуяа энэ жилийн сонгуульд хариуцлагагүй нэр дэвшигч олон байна. СЕХ хуралдаад нэр дэвшигчийг зургаа долоогоор нь бүртгэлгүй хасч байсан тохиолдол өмнөх таван удаагийн сонгуулиар гарч байгаагүй. Их сайндаа жижгэвтэр намын ганц нэг хүн баримт бичгийн дутуугаас болж хасагдаж байсан. Тоймтой нь гэвэл Дархан аварга Х.Баянмөнх УИХ-ын 1992 оны сонгуулиар МАХН-аас гараагүй байж Ардчилсан намаас нэр дэвшсэн хэмээгдэн жагсаалтаас хасуулсан удаа бий.
Харин энэ жил хариуцлагаа умартсан нэр дэвшигчид утгаа алдлаа. Нэр дэвшихийн төлөө зүтгэсэн нөхөд харин СЕХ-ны босго давж чадсангүй. Тэднийг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүллээ. Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Монголын төрийн гурван өндөрлөгийг алгасалгүй хашсан хүн Монголд цор ганцхан байдаг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Аль аль нь ямар ч улс гүрэнд ганц ганцхан байдаг тийм нэр хүндтэй “мест” шүү дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр бамбай хийчих санаатай эвслийнхээ жагсаалтын нэгд бичүүлсэн. Гэхдээ СЕХ хуралдаад хасч чадлаа. Бас болоогүй хүү Э.Батшугар нь нэр дэвшсэн ч эх орноо хамгаалах эр цэргийн алба хааж байж төр түшнэ гэсэн хуулийг зөрчсөн тул хасагдав. Монголын толгой хуульч, УИХ-ын олон хуульч гишүүний багш, академич С.Нарангэрэл хуулийн хүн гэхэд маш хариуцлагагүй гоомой юм хийж хасагдлаа. Төрийн өмчит МУИС-ийн багш хүн төрийн үйлчилгээний ажилтан гэдгээ мэдэхгүй баймааргүй юм. Сонгуулийн шинэ хуулиар УИХ-д нэр дэвшихийг хүссэн төрийн албан хаагчид энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаасаа чөлөөлгдөх учиртай, цөөнгүй хүн энэ шалтгаанаар ажлаа өгсөн байхад тэгэлгүй явсаар байгаад хасагдчихлаа. Түүгээр барахгүй МАН-ын гишүүнчлэлээсээ гаралгүй МАХН-аас дэвшсэн нь илэрсэн. Тэргүүлэх хуульч хүн ингэж хуумгайтах гэж.

ШУТИС-ийн багш С.Авирмэд бас ажлаасаа чөлөөлөгдөөгүй шалтгаанаар хасагдсан. Тус эвслийн өөр нэг нэр дэвшигч Н.Санжаадарж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ажилтан ажлаасаа нэгдүгээр сарын 1-нээр чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалтыг зөрчин сонгуульд өрсөлдөх эрхгүй боллоо. Ингэж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигчид хууль тогтоомжийг огт хайхраагүй, хариуцлагагүйн балгаар жагсаалтаас хасагдацгаав. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, монголчуудын хүндэтгэн дээдэлдэг З.Ойдов гуай МАН-аас данс дугуйлалгүй МАХН-аас дэвшээд уначихав.

Хамгийн туршлагатай улс төрийн хүчин МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшигч Ц.Анандбазар өглөө нь нэр дэвшээд л их үдэд АТГ-т баригдсан. Эндээс анзаарахад элдэв янзын но-той, шүүх цагдаа, АТГ-т баригдаж магадгүй нөхөд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдгийн араар нь орж амиа хоохойлох нуувч, бамбай гээд ойлгочихож. Яаж ийгээд УИХ-д сонгогдчихвол хэргээс мултарч, цагдаа шүүхийнхнээс аврагдах гарц гэж бодсоноос биш төр түшиж улс орноо хөгжүүлнэ гэсэн сэтгэл ер нь бага бололтой.
Нэг их мөнгө атгасан нөхөд Их Хуралд орохоор цээж түрэн давхидаг болсныг бодоход УИХ, төрийн өндөр алба гэдэг зүгээр мөнгөний авдар болж харагдаад ч байгаа юм шиг. Бодвол хаяснаасаа их мөнгийг УИХ-д гараад олно л гэж санаад зүтгээд байгаа бололтой. Гишүүний тойргийн гурван тэрбум төгрөг, хууль санаачилж батлуулсны 20 сая төгрөг, салбарын хуулиудыг лоббидож батлуулсны төлөөсөнд орж ирэх “авлига”, төрийн мөнгөөр гадагш дотогш зугаалах, өвдвөл төсвийн хөрөнгөөр гадаадад эмчлүүлэх гээд хачин сайхан “ирээдүй” харагдаад байгаа болохоор мөнгө хайрлахгүй, биеэ үгүйлэхгүй улайрдаг янзтай.

Өмнө нь өчнөөн удаа сонгуульдаад ялж үзээгүй нөхөд тойрог солин солин дахин дахин нэрээ дэвшүүлээд байдаг нь сонгогч бидэндээ хайртайн шинж яав ч биш ээ. Хар аминд нь хэрэгтэй болоод л ганц морьт уралдаач гэгчээр үзээд байдаг бололтой.

Д.ОЮУНЦЭЦЭГ
            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж