Японы гэрэл зургийн аппарат үйлдвэрлэгч Olympus корпораци өөрсдийн санхүүгийн байдлаасаа болж ирэх таван жилийн төлөвлөгөөндөө 2700 ажилтнаа хална гэсэн тооцоог гаргажээ. Уг компани нь дэлхийн эрүүл мэндийн салбарт эмчилгээний дуран авиан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг томоохон компаниудын нэг юм. Ийнхүү ажилчдаа цомхотгож байгаа явдал нь санхүүгийн үндсэн бодлогоо шинэчлэх зорилготой хэмээн тус компанийхан мэдэгдсэн байна. Olympus корпораци энэ оны гуравдугаар сарын байдлаар 49 тэрбум иен буюу 618 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өнгөрсөн жил тус корпораци 1.7 тэрбум долларын алдагдлаа нуун дарагдуулсан санхүүгийн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Одоогийн байдлаар Olympus корпораци хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааны хэмжээг таван хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа аж. Зээл болон хөрөнгийн харьцааг 20 хувьтай байвал хэвийн хэмжээ гэж үзэж байгаа юм байна. Энэ бодлого нь компаний санхүүгийн эрүүл байдлыг хангана хэмээн удирдлагуудынх нь зүгээс үзэж байгаа аж.
Э. АНХТУЯА