Мотоциклийн ААШТ маргааш Морингийн даваанд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Мотоциклийн ААШТ маргааш Морингийн даваанд эхэлнэ

Улаанбаатар хотноо ирэх амралтын өдрөөр болох Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах “Tissot Cup” тэмцээний талаар өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 9, 10-нд Морингийн даваанд болох тус тэмцээнд шар тивийн 10 орны тамирчид 85сс, 125сс болон ахмадын гэсэн гурван ангилалд өрсөлдөх юм. Маргааш тамирчид Морингийн даваанд нэгдсэн бэлтгэл хийхээс гадна байрлал тогтоох уралдаан болох бол ням гаригт 10.00 цагт тэмцээн эхлэх ажээ Уг нь Азийн 15 орны тамирчид Улаанбаатар хотноо болох тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байсан ч зарим нэг шалтгааны улмаас 10 орны мотоцикльчид хурд сорихоор болсон гэнэ. Монголын багийн тухайд гурван ангилалд нийт 12 тамирчнаа сойх аж. Харамсалтай нь, өндөр найдлага тавьж байсан ОУХМ Э.Халиунболд, О.Ган-Од нар гэмтлийн улмаас тэмцээнийг өнжихөөр болжээ. Мото спортын шилдэг тамирчин Э.Халиунболдын тухайд эх орондоо зохион байгуулах тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэлээ чамбайруулж байсан ч гэмтэл авсан байна. АНУ-д таван сарын турш бэлтгэл сургуулилтаа базаасан тэр эгэмдээ хүнд гэмтэл авч, БНСУ-д мэс засал хийлгэжээ. Харин О.Ган-Од мөн л бэлтгэлийн үеэр осолдож, хавиргаа хугалсан тул тэмцээнийг өнжихөөс өөр аргагүйд хүрсэн байна. Гэхдээ 85сс ангилалд өрсөлдөх залуу тамирчин н.Мөнхболорт ихээхэн найдлага тавьж буйгаа зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Тэрбээр өнгөрсөн жилийн Азийн аваргад дөрөвдүгээр байрт шалгарсан, Филиппинд болсон энэ жилийн эхний гараанд зургадугаарт хурдалжээ.

Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа ийнхүү Монгол Улсын нийслэл хотноо болох гэж байгаа юм. 2012 оны анхны гараа Филиппинд болсон бол залгуулаад Индонези, Кувейт болон Иранд ээлжит уралдаанууд болж, таван гарааны нийлбэрээр Азийн аварга тодрох билээ.
Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тэмцээний ивээн тэтгэгчээр “Наран трейд” компани ажиллаж буй бөгөөд түрүүлсэн тамирчид “Tissot” брэндийн бугуйн цаг бэлэглэх гэнэ. Тэрхүү цаг нь дэлхийд алдартай Moto GP ангиллын шилдэг тамирчин Ники Хайдены нэрээр нэрлэгдсэн Tissot T-Race 2011 Limited Edition загварынх бөгөөд ердөө 4999 ширхэг үйлдвэрлэгдсэн аж. 

Зургийг ЭНД дарж үзнэ үү

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж