Сагсан бөмбөгчид Европт түүхэн ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгчид Европт түүхэн ялалт байгууллаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси дээд лигийн гурван удаагийн аварга, энэ жилийн дэд аварга “Хасын хүлгүүд” баг лигийн тэмцээн өндөрлүүлээд бүтэн багаараа Европ тивийг зорьсон билээ. Тэд Бельги, Голланд, Франц гэсэн гурван улсаар аялан тоглолт хийх төлөвлөгөөний дагуу буурал тивийн багуудтай нөхөрсөг тоглолт хийжээ. Тэд Европыг зорих багийн бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт хийсэн бөгөөд хамгаалалтын ноён нуруу болох Кимарли Уилльямс, Чарлес Картер нар нутаг буцсан тул аялан тоглолтын багт багтаагүй ажээ.

Европ тивийг зорьсон “Хасын хүлгүүд”-ийн бүрэлдэхүүнд М.Бадрах, О.Сэргэлэн, Б.Батжавхлан, О.Чинзоригт, Ц.Азбаяр, С.Өрнүүнбилэг, О.Сайнбаяр, Ш.Сэдбазар, Т.Санчир, Н.Золжаргал, Ү.Давхарбаяр, М.Отгонмөнх нарын тоглогчид багтжээ.

Тэд буурал тив дэх эхний тоглолтоо Бельгийн “Антиверп Жайантс” багтай хийж, 82:75 харьцаатай хожиж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэх түүхэн ялалт байгуулжээ. Мөн тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, хожсон байна. “Хасын хүлгүүд”-ийнхэн Бельгиэс гараад Голландад очиж, тус улсын “Роттердам Зуид” багийг мөн 108:75-аар, дараа нь Голланд дахь монголчуудын шигшээ багтай тоглож, ялалт байгуулжээ.

Дараа нь зургадугаар сарын 5-нд Францын Британи мужий Ренне хотод очиж, тус мужийн аварга, үндэсний нэгдүгээр лигт тоглох эрхтэй болсон “URB” багтай тоглож, 76:61-ээр хожжээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж