Албан ёсоор ийнхүү гардан авсан батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейн харьяа Төрийн түүхийн музейд хадгалуулахаар болсон байна. Батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ зургадугаар сарын 11-ний 15.00 цагт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд болох ажээ. Энэ үеэр битүү амьсгааны арга барилыг уламжлан авсан өвлөгч, лимбэчид тоглолтоо сонирхуулах гэнэ.
Өдгөө дэлхийн 133 улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц 2003 онд батлагдсан бөгөөд Монгол Улс уг конвенцод 2005 онд нэгдсэн орсон аж. Өдоогийн байдлаар ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д 10 орны 27 өв, “Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалт”-д 70 орны 232 өв тус тус бүртгүүлсэн тухай ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлж байна.
2008 оноос хойш манай улс нийт соёлын биет бус есөн өвөө ЮНЕСКО-д бүртгүүлээд байна. Үүнээс “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д:
- Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа,
- Монгол тууль,
- Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ,
- Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
“Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалт”-д:
- Монгол ардын уртын дуу,
- Морин хуурын уламжлалт урлаг ,
- Монгол наадам,
- Монгол Үндэстний Хөөмэйн урлаг,
- Бүргэдийн ан буюу шувуучлахуй зэрэг соёлын биет бус өвөө тус тус бүртгүүлсэн байна.