Элсэлтийн шалгалтад 43087 сурагч бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтад 43087 сурагч бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улсын хэмжээнд 10.00 цагт эхэллээ. Энэ жил элсэлтийн шалгалт өгөхөөр 43087 сурагч бүртгүүлсэн юм. Шалгалтыг зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд нийт 52 төвд буюу сургуулиудад авах бөгөөд 13 мянга гаруй шалгалтын комиссын ажилтнууд ажиллах ажээ. Үүнд Боловсролын үнэлгээний төвийн 25 гаруй мэргэжилтэн, хянагч багш нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна. Шалгалтанд орохдоо сурагч нь баталгаажсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь болох шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхээ заавал авч ирэхийг шалгалтын комиссоос анхааруулж байна.

Шалгалтын хуваарь:

Шалгалт авах өдөр

Хичээлийн нэр

Шалгалт авах цаг

Зургадугаар сарын 8-ны өдөр

Орос хэл

10.00-11.20

Хими

13.00-14.40

Англи хэл

16.00-17.20

Зургадугаар сарын 9-ний өдөр

Монгол Улсын түүх

            
8.30-9.50

Математик

11.30-13.10

Биологи

 
14.30-15.50

Монгол хэл

17.00-18.20

Зургадугаар сарын 10-ны өдөр

Газар зүй

            
8.30-9.50

Нийгмийн тухай мэдлэг

11.30-12.50

Физик

14.20-16.00

Шалгалт өгөхөөр хүлээн буй сурагчид хичээлээ хангалттай давтсан хэмээн хэлж байхын хамтаар хүлээх зуураа элсэлтээ авч буй сургуулиудын танилцуулгыг ихээхэн сонирхож байна лээ. Харин шалгалтаа өгөөд гарч ирж буй сурагчдаас шалгалтынх нь талаарх сэтгэгдлийг сонслоо. “Шалгалтын журам бол ойлгомжтой. Харин хариултаа бөглөх хэсэг нь яарч байгаа үед жаахан хэцүү байлаа. Учир нь урд нь хариултыг бөглөх хэсэг дөрвөлжин хэлбэртэй байсан. Одоо бөөрөнхий болсон нь бага гэлтгүй цаг шаардаж байна” хэмээн сурагчид хэлж байсан. Энэ нь хариултыг бөглөх талбараас бага зэрэг л хэтэрч будсан байвал тухайн хариултыг хянагч машин танихгүй, тооцохгүй учраас анхаарал шаардах нь зөв гэнэ.

 Бүртгүүлсэн хэдий ч шалгалтаасаа санамсаргүй хоцрох, саналаараа өгөхгүй байгаатай таарлаа. Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлж, дуусч байгаа нь шалгалтын материал задрахаас хамгаалах учраас шалгалтаасаа хоцорсон сурагчийг оруулахгүй болохыг Боловсролын үнэлгээний төв, шалгалтын комиссоос анхааруулж байна. Ингэхдээ сурагч нь шалгалт өгөх төв буюу сургууль дээрээ 30 минутын өмнө ирж, шалгалтаа өгөх анги танхимдаа 10 минутын өмнө орж, бэлэн байх ёстой гэнэ. Нэгэнт хоцорсон сурагч  араас нь орох боломжгүй бөгөөд дахин шалгалт авахгүй гэдгийг бүү мартаарай сурагчдаа. Амжилт хүсье.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж