Филармонийн хүндэтгэлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Филармонийн хүндэтгэлийн тоглолт болно

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Монгол улсын филармонийг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн концерт” энэ сарын 15-нд ДБЭТ-ын тайзнаа болох гэж байна. Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд болон симфони оркестрын тоглосон шилдэг бүтээлүүд эгшиглэх нь ээ. Энэхүү тоглолтыг Ц.Намсрайжав гуайн хүү Н.Бүтэнбаяр удирдан тоглуулөх бөгөөд тэрбээр аавынхаа ажлыг үргэлжлүүлэн Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 20-д жил ажиллаж байна. Энэ үдэш Ц. Намсрайжавыг зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”, “Баярын удиртгал” гэх мэт гайхамшигт бүтээлүүд болон Бетховений алдарт IX симфони зэрэг шилдэг бүтээлийн дээжээсээ үзэгчдэдээ толилуулах юм байна.

Сонирхуулахад, БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын радио хорооны дэргэд симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдсан ба анхны удирдаачаар Ц.Намсрайжав, туслах найруулагчаар Г.Бирваа ажиллаж байжээ. Байгуулагдсан цагаасаа дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлийг ард түмэнд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах  үүргээ биелүүлж ирсэн ба монголын баримтат болон уран сайхны 130 гаруй киноны хөгжмийг уг симфони найрал хөгжим тоглосон байдаг. Мөн төрийн томоохон арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог өөрийн орны сонгодог урлагийн томоохон төлөөлөл, нүүр царай болдог хамт олон юм. Түүнчлэн, Улсын Филармонийг Ц.Намсрайжавын  нэрэмжит болгосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж