“Хөдөөгийн аяз”-ыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Хөдөөгийн аяз”-ыг дэлгэнэ

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт хөдөө орон нутаг соёлын үрийг түгээж яваа 32 уран бүтээлч сэтгэл нэгдэн “Хөдөөгийн аяз” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ. 1942 онд Уран сайхны хэрэг эрхлэх газрын харьяанд “Зураг урлалын газар” хэмээн байгуулсан нь  монголын дүрслэх урлагийн байгууллагын үндэс суурь тавигдсан гэж үздэг. 1946 оны дөрөвдүгээр сард тэр үеийн МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын тогтоолоор аймгийн төвүүдэд уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулахаар зааж түүнийг удирдах хүмүүсийг бэлтгэж эхэлснээр орон нутгуудад дүрслэх урлагийн салбарууд байгуулагдаж байжээ.

Хөдөө орон нутгийн салбарт ажиллаж байсан хийгээд одоо ч ажиллаж амьдарч уран бүтээлээ тууривиж яваа 32 зураач хамтарсан үзэсгэлэн дэлгэн МУЭ байгуулагдсны 70 жилийн ойдоо бэлэг барьж байгаа юм.

“Хөдөөгийн аяз” үзэсгэлэнд  уран зураг, монгол зураг, чулуун сийлбэр зэрэг олон төрлөөр бүтээгдсэн 70 гаруй уран бүтээл тавигдах нь ээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Д.Мөнх, Э.Сүхээ, МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Д.Мишиг, Д.Мягмар, Л.Ганболд, Н.Адъяабазар, МУЭ-ийн гишүүн,зураач  Н.Орсоо, Б.Нацагдорж, Ш.Төмөрбаатар, Т.Бадамжунай, П.Мэлс, С.Чулуудай зэрэг 30–аад зураач урчуудын шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлэх гэж байна.
Үзэсгэлэн энэ сарын 14-ныг дуустал МУЭ-ийн  “Арт галерей”-д үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж