УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон. Гэвч тэднийг 2009 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг жирийн дэглэмтэй ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын байцаан шийтгэх үеийн хоригдсон хугацааг ял эдлэх өдрөөс хасч тооцох шийдвэр гаргажээ. Харин Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилсөн юм. Мөн үймээн самууны үеэр хохирогчдод нөхөн олговор олгуулах шийдвэр гаргасан бөгөөд амь насаа алдсан иргэдийн ар гэрт 50 сая төгрөг, хүнд гэмтсэн иргэдэд 20 сая төгрөг, хүндэвтэр гэмтсэн бол 2 сая төгрөг, хөнгөн гэмтсэн иргэдэд 200 мянган төгрөгийг төрөөс олгуулах шийдвэрийг Шүүх гаргажээ.
Шүүх хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгтэй танилцах, өмгөөлөгчгүй оролцох тохиолдол олон байдаг уу?
-Ховор тохиолддог. Гэхдээ Ч.Амарболд нарын хэрэгт л энэ асуудлыг яриад байгаа болохоос биш өөрийнхөө саналаараа өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байгаа хуралдаанууд байдаг. Хуульд заасан өөрийгөө өмгөөлөх эрх нь хүртэл байж байна. Энэ удаагийн хуралд О.Зоригт өмгөөлөгчгүй орсон байгаа. Энэ хүнд өмгөөлөгчөө сонгох хугацаа хангалттай байсан. Шүүх ч энэ эрхээр нь хангаж өгсөн. Гэвч өмгөөлөгчөө өдий болтол сонгоогүй нь өөрийнх нь сонголтын асуудал. Хуралдааны явцад О.Зоригт өөрийгөө өмгөөлсөн нь хууль зүйн өндөр боловсрол, мэдлэгтэй, ярианы их ур чадвартай гэдэг нь харагдсан.
-Шүүгдэгч О.Зоригт өмгөөлөгчгүй, бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцаж амжилгүй хуралд орлоо. Үүнийг хууль бус гэж тайлбарлах хүн их байна. Энэ тухай?
-Өмгөөлөгчдөд хавтаст хэргийн материалтай танилцах боломжийг хангалттай өгсөн. Хэрэг анх Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байхад л өмгөөлөгчдөд долоон сарын хугацаа өгсөн. Хэдийгээр шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол гэж байгаа ч нөгөө талд нь шүүн таслах ажиллагааны зорилт, зарчим гэж юм байна. Хэрвээ шүүгдэгч нар өөрсдийнхөө хуульд заасан эрхээ урвуулаад шүүн таслах ажиллагаанд саад учруулвал шүүх зөвшөөрөхгүй таслан зогсооно. Гэхдээ шүүн таслах ажиллагаа буюу шүүн таслах ажиллагааны албадлага нь хэтрээд шүүгдэгчийн эрх ашиг хязгаарлагдаж байгаа тохиолдлыг шүүх гаргахгүй. Шүүх энэ балансыг л барьсан. Тэгэхээр энэ хугацаанд хэргийн материалтай танилцаж чадахгүй, өмгөөлөгчөө сонгож чадахгүй, өмгөөлөгчдийн холбооноос томилсон өмгөөлөгчдөө шүүх хурлын өмнөх өдөр хүчингүй болгосон байдаг. Үүнийг бид тайлбарлах албагүй.
-Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил нэг ч хуудас хавтаст хэрэг уншаагүй гэсэн. Үнэн үү?
-Ж.Яринпил өмгөөлөгчийн тухайд хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдаанд оруулсан. Гэхдээ шүүгдэгч уг өмгөөлөгчийг шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө сонгосон. Эрт сонгож болох л байсан шүү дээ. Ж.Яринпил өмгөөлөгч “Шүүхийн хэлэлцүүлэг буюу шүүх хуралдааныг бодитой бүрэн хэмжээгээр нь явууллаа. Шүүхэд талархаж байна” гэж хэлсэн. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа.
-Шүүх хурлыг хохирогч Ц.Энхбаяр орхин гарсан. Энэ талаар?
-Энэ бол хохирогчийн эрхийн асуудал. Шүүх хуралдаанд оролцож өөрийгөө хэрхэн хохирсноо мэдүүлж, хохирлынхоо нөхөн төлбөрийг нэхэмжлэх шаардлага гаргаж түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх нь хохирогчийн эрхэд хамаарахаар байцаан шийтгэх хуульд заасан байдаг. Энэ эрхээсээ татгалзаад гараад явж байгаа хүнийг албадан суулгах шаардлагагүй.
-Шүүгдэгчдийн ар гэрийнхэн хурлыг 22.00 цагаас хойш хуралдсаныг хууль бус гэж мэдэгдэж байгаа?
-Шүүх хуралдааныг 22.00 цагаас шүүх хуралдааныг зогсоох, завсарлах асуудал яригдсан. Гэвч яг тэр үед шүүгдэгчид өөрийгөө өмгөөлж байгаа, өөрсдийнхөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж байсан. Ийм тохиолдолд дундуур нь таслаад зогсоох бас зохистой биш. Яриаг нь дуусгаад хуралдааныг завсарлая гэсэн санал гаргаад нэг их хожимдолгүй завсарласан байгаа. Түүнээс биш шөнийн цагаар үргэлжлээд байсан асуудал биш. Мөн л шүүгдэгчийн эрхийг хүндэлсэн асуудал байсан.
-Яагаад гэрчүүдийг шүүх хуралд оролцуулаагүй вэ?
-Гэрч нар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хөдөө явсан. Мөн нэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн албан бичиг ирсэн байгаа. Түүнчлэн энэ шүүх хуралд гэрчийг оролцуулах хүсэлт гараагүй. Шүүх хуралдааны ирцийг танилцуулаад санал хүсэлт байна уу гэхээр энэ гэрчийг оролцуулах шүүх хуралдааныг хийхгүйгээр хэргийн бодит байдлыг тогтооход саадтай, заавал энэ гэрчийг оролцуулна гэсэн бол бид энийг эрх хэмжээндээ шийдвэрлэх байсан. Ийм хүсэлт огт гараагүй учраас энэ асуудал бол хөндөгдөөгүй.
-Энэ хэргийг сонгуулийн шоу гэх хүмүүс багагүй байна?
-Хэргийн мөрдөн байцаалт сонгуулийн өмнө явагдаагүй. Прокурорын хяналт ч мөн сонгуулийн өмнө явагдаагүй .Түүнчлэн шүүхэд 2012 он дөнгөж гараад хоёр хоног өнгөрөөд ирсэн. Ийм процесс явсаар, сунжирсаар байгаад өдий хүрсэн.