Өнөөдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол танилцуулж байх үеэр Цагдан хорих байрны гадна байсан Ч.Амарболд нарын эхнэрүүд хоорондоо маргалдаж, дэд хурандаа Г.Ганбаатарын эхнэр рүү бусад нь дайрч давшилсан” тухай мэдээлжээ. Уг мэдээллийн талаар Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяагаас тодрууллаа.
-Таныг Шүүх хурлын дараа дэд хурандаа Г.Ганбаатарын эхнэрийг зодсон гэх мэдээллийг тодруулах гэсэн юм?
-Бид Цагдан хорих 461 дүгэр ангиас өчигдөр 00.30 цагийн үед гарч ирсэн. Хоорондоо зодолдох нь байтугай уулзаж ч амжаагүй. Харин ч өнөөдөр өглөө бид Г.Ганбаатарын эхнэртэй уулзахдаа баяр хүргэсэн. Олон нийтэд ийм ташаа мэдээлэл түгээсэнд харамсаж байна.
-Ч.Амарболд генерал давж заалдах уу?
-Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх гурвуулаа давж заалдах болно. Ялын тогтоол ирэхийг хүлээж байна. Тогтоол ирсэний дараа 14 хоногийн дотор давж заалдах хүсэлтээ гаргана. Гэвч Нийслэлийн шүүхэд бидний өргөдлийн хариуг 30 хоногийн дотор гарах байх. Ингэж тэгж цаг хожсоор байтал энэ хэрэг ирэх намар шийдвэрлэгдэх бололтой.