С.Бархас: Жанжин нэртэй театр босгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

С.Бархас: Жанжин нэртэй театр босгоно

“Өргөө” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин С.Бархастай ярилцлаа. Тэрбээр Д.Сүхбаатарын нэрэмжит Соёлын ордон (хуучнаар Жанжны клуб)-ын захирлаар ажиллаж байгаа билээ. Тун удахгүй тус клуб нь Жанжин театр нэртэй шинэ барилгатай болох гэж байгаа. Мөн маргааш энэ клубээс төрөн гарсан ахмад уран бүтээлчдэдээ зориулж “Алтан үеийнхний хойчийг залгамжлагчид” нэртэй урлагийн тоглолтыг хийх гэж байна.

-Ахмадуудад зориулсан тоглолтоо хийх үү?

-Тэгнэ. Монгол бөхийн өргөө, UB palace зэрэг газар тэмдэглэж болно л доо. Гэвч ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх гэж байгаа болохоор тэднийхээ дурсамжийг сэргээхээр эндээ хийх нь дээр гэж үзсэн юм. Тэд маань хуучнаа дурсаад сайхан сэтгэгдэлтэй буцна шүү дээ. 

-Үзэгчид юуг илүүтэй мэдрэх бол…

-Алтан үеийн олон сайхан уран бүтээлчдийн маань олонх нь бурхны оронд заларчээ. Тэглээ ч үлдсэн хэдийг нь жаахан ч гэсэн баярлуулах гээд үүнийг зохион байгуулж байгаа юм. Тэгэх нь ч бидний үүрэг. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, Л.Цогзолмаа гуай нартай уран бүтээлчид энэ л тайзнаасаа адис авч байсан. Одоо ч хааяа ирдэг. Тиймээс тус тоглолт энд болох сүүлчийн арга хэмжээ. Учир нь бид удахгүй шинэ театртаа орно.  

-Ямар уран бүтээлчид оролцох бэ?

-Бид гадны театрын уран бүтээлчдийг авчирч чадах ч зөвхөн өөрсдөө тоглохоор бэлтгэсэн. Учир нь энэ театрт уран бүтээлээ туурвиж байгаа залуучууд ахмадуудынхаа өмнө “Бид та нарын залгамж шүү. Биднийг урлагийн замд оруулсан ачтаны эгнээнд та нар зүй ёсоор орно” гээд залуу насыг нь нүдэнд нь харагдтал дуулж, бүжиглэх юм. Тоглолтын дараа ахмадууд маань идэр залуу үеийнхээ тухай сайхан яриа ч өрнүүлж мэднэ.

-Морин цагт эхэлнэ гэсэн. Яагаад энэ цагийг сонгосон юм бэ?

-Монголчууд энэ цагийг ихэд дээдэлж шүтдэг шүү дээ. Тиймээс бид ч бэлгэшээж сонгосон. Тэгээд ч урлагийн гал голомт энэ клубээс үүсэлтэй юм чинь. Урлагийн ууган байгууллагын уран бүтээлчид морь шиг хийморьтой байсан болохоор өнөөдөр залгамж үе нь болсон залуучууд тэдэнтэй адил байхаас яах  билээ.  

-Ахмад уран бүтээлчдээс хэн хэн ирэх вэ?

-Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Л.Цогзолмаа, найруулагч Н.Лувсансамбуу, Д.Сүхбаатар жанжныг олон жил сурталчилж яваа О.Баатар нараас гадна Нийслэлийн соёл урлагийн газрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү, гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, УДЭТ-ын жүжигчин У.Уранчимэг нар ирнэ. 

-Та энэ байгууллагад ирээд удаж байна уу?

-Би 2005 оноос энэ клубийн захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд манай клуб 2007, 2008 оны нийслэлийн шилдэг соёлын төвөөр шалгарсан. Түүнчлэн дүүргийн шилдэг байгууллагаар өргөмжлөгдсөн. Энэ мэтчлэн яривал олон зүйл бий.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна вэ?

-Дуучин, бүжигчин, морин хуурч, хөөмийч, уртын дууч зэрэг 17 уран бүтээлчтэй.   
-Клубээ шинэчлэх хүсэлтээ ямар байгууллагад гаргасан юм бэ?

-Нийслэлийн соёл урлагийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт. Тэд ч биднийг ойлгож сайхан хүлээж авсанд баяртай байгаа.

-Олон жил болсон энэ байрандаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй юу?

-Тэгэлгүй яах вэ. Тэвчинэ гэдгийг үнэндээ харуулсан л даа. Гэвч яаж ийм орчинд шинэ бүтээл төрүүлэхийн төлөө ажиллах вэ дээ. Та хар л даа. Ханых нь шохой хууларч, өгөршсөн. Тэр ч байтугай гадна ханандаа цууралт үүссэн байгаа. Арга ядахдаа бид дотор талаас нь будаж түр аргацааж байсан. Мөн бүжгийн, дууны дугуйлангаа үзвэрийн танхимдаа явуулдаг. Өдрийн цагаар талбай дээрх сандлаа холдуулж байгаад бүжгээ давтчихаад орой болохоор буцааж байрлуулж улаан хөшгөө хаагаад дууны дугуйлангаа хичээллүүлдэг. Өнөөдөр манай улсад энэ клубээс өөр ингэж дугуйлан явуулдаг байгууллага хаана ч байхгүй. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ гэдгээ хэн хэн маань бодох хэрэгтэй. Жишээ нь, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 11 дугуйлан хичээллэдэг. Тэд тус бүртээ өөрийн гэсэн танхимтай. Гэтэл манайх хоёрхон дугуйлантай хэрнээ ингэж ажиллана гэдэг үнэхээр өрөвдөлтэй байгаа биз дээ. Тиймээс энэ саналыг дүүрэгтээ тавьсан юм.  278 мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт арай хүрэлцэхгүй байна.

-Ажилтнууд нь бас нэг өрөөнд байрлах уу?

-Энэ клубт хэдхэн жижиг өрөө байгаа. Дандаа дүүрэн хүнтэй.

-Клуб чинь хэдэн хүний суудалтай вэ?

-100 гаруй. Шинээр баригдах танхимд 500 хүнийхээр төлөвлөгдсөн байна билээ. Тэгэхээр 278 мянган хүн амтай манай дүүрэгт  100 хүний суудалтай клуб байна гэдэг арай л дэндсэн асуудал байгаа биз дээ. Зарим үед нэг сайхан тоглолт, эсвэл хурал болохоор үзэгчдийн тал нь гадаа бусад нь дотор байдаг. Түүнчлэн тайзны арын өрөөг хороо, цагдаагийн тасаг эзэлчихсэн. Аливаа нэг тоглолтод оролцох уран бүтээлчид үүдэнд зогсч байгаа үзэгчдийнхээ дундуур өлгүүртэй хувцсаа бариад чихцэлдэж орж ирдэг. Тэгж тэгж тайзны арын өрөөнд хувцасаа солих гэтэл өнөөх хоёр байгууллага байгаа болохоор хүмүүсийн өмнө солихгүй гээд яах вэ дээ.

-Шинэ соёлын ордон хэзээ баригдаж эхлэх вэ?

-Хоёр байгууллага тендерт өрсөлдөж байгаа. Аль ялсан нь бараг тэр өдрөө шахуу ажилдаа орох байх. Бид хурдан шийдвэрлэгдээсэй гээд л сууж байна.  

-Хэчнээн төгрөгийн санхүүжилт гарч байгаа бол…

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас таван тэрбум төгрөг шийдэгдсэн гэж өнгөрсөн гуравдугаар сард бидэнд мэдэгдсэн. 

-Хэдэн давхар барих бол…

-Гурав. Жанжин театр нэртэйгээр босно. Сүүлийн үеийн загвартай клуб баригдах байх гэж бодоод бид ч нэлээд баяртай байгаа шүү. Дугуйланд явдаг хүүхдүүд хүртэл таны асууж байгааг биднээс шалгаагаад байгаа.

-Энэ байр хэдэн онд баригдсан юм бэ?

-1924 онд үүссэн гэж яригддаг юм билээ. Гэхдээ архив сөхвөл 1919 оны үеэс Богдын ногоон ордонд Амгаланбаатар хотын хөгжимчдийг авч байсан гэдэг. 1921 онд ардын хувьсгал ялж жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар байгуулагдсан түүхтэй. Анхны суртал номлогчоор Хатанбаатар Магсаржав, жанжны гэргий Янжмаа нар ажиллаж байсан гэдэг. Харин одоогийн клубийг 1962 онд барьсан юм билээ. Олон жилийн өмнө болохоор тухайн үеийнхээ шийдлээр баригдсан байж болно. Харин бид тэр олон жил олон сайхан уран бүтээлчийг төрүүлсэн ачтай клубээ өөд нь татах үүрэгтэй.

-Энэ клубийн тайзнаа анх тоглосон алдартай бүтээлүүдээс нэрлээч…

-МЗЭ-ийн хорооны анхны бүлгэм байгуулагдаж ч байсан гэдэг. Тэр үед их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг анх удаа энэ клубт тоглож байсан юм билээ. Түүнчлэн С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх”-ийг манай улсын анхны тайзны жүжгийг анх энд тоглож байсан.

У.БАЯРАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж