
XХI зуун, тэр тусмаа барилга, орон сууц ихээр баригдах болсон энэ үед замд нийцүүлж машин сонгоно гэдэг өрөөсгөл ч юм шиг. Ингэж эргэлзэж байтал “Биднийг хүүхэд байх үед Орос, Япончуудын тавьсан зам одоо болтол бүтэн байна. Гэтэл шинэ замууд нь ганц борооны ая даахаа болилоо. Энэ улсад чинь одоо ямар стандарт гээч нь үйлчлээд байгааг мэдэж ир” гэсэн даалгаврыг редакциасаа авав. Уг нь замын сайн мэргэжилтэнтэй уулзчих санаа төрсөн ч хаанаас хэнийг олж уулзахаа мэдэлгүй Авто замын газар руу утас цохилоо. Гэтэл дарга нь өөрөө яриа өгөх болоод явчихав. Боломж олдсоных даргаас асууж шалгаах зүйл олон байсан тул Энхтайваны гүүрний баруун талд байрлах Авто замын газрыг зорилоо.
Авто замын чанарын асуудлаар Авто замын газрын дарга Б.Энхтөртэй ярилцав.
-Замын чанарын талаар ярихын тулд эхлээд зам тавих стандартын асуудлыг хөндөх хэрэгтэй байх. Манайд олон улсын хэмжээний ямар стандартаар зам тавьж байна вэ?
-Авта зам бол маш нарийн стандарттай. Төлөвлөх, барих, засах арчлах гээд бүгд стандартын дагуу хийгдэнэ. Стандартын дагуу бүх төлөвлөлт хийгдэж, хөрөнгө мөнгө нь шийдэгдэнэ. Манай улсын авто замд олон улсын стандартыг мөрддөг. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хамгийн доод шалгуурын стандартыг нь авч хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл замын даац, найрлагаараа олон машин явдаг дээд зэрэглэлийн байж чаддаггүй.
-Тэгвэл хамгийн сайн стандарт нь ямар байх вэ?
-Ер нь сайн зам тавихын тулд тухайн зам дээр явж байгаа тээврийн хэрэгслийн тоо, тэдгээрээс хэд нь хүнд даацын машин байна, өдөрт хэчнээн машин явж байна, хоногт хэчнээн машин явж байна вэ гэдгийг бүгдийг тооцоолж түүнд нь тохируулан зам тавих хэрэгтэй. Ингэж тавьсан зам л сайн зам байна шүү дээ. Нөгөө талаас зам тавьж байгаа газар ямар цаг ууртай, ямар хөрстэй, ямар тогтоц, бүтэцтэйгээсээ хамаараад стандарт нь тооцоогоор л гараад ирнэ. Ер нь замын чанарын стандарт гэж энэ тооцоог л хэлээд байгаа юм. Үүнийгээ эхлээд тооцож байж дараа нь төсвөө батлах ёстой. Гэтэл манайд төсвөө батлаад түүнд нь нийцүүлэн стандартаа тогтоож байна.
-Тэгвэл хөрөнгө мөнгө хангалтгүй учраас муу зам тавихаас өөр аргагүй гээд байх уу. Ямар алхам хийх ёстой юм бэ?
-Зам эвдэрч байгаа тухай их ярьдаг, шүүмжилдэг. Буруу биш л дээ. Гэхдээ манайхан ихэнхдээ эвдэрч байгааг нь олж хараад байх шиг. Гэтэл тавигдаад олон жил ашиглагдаж байгаа ч эвдрээгүй, бүтнээрээ байгаа зам зөндөө л байна. Харин ч эвдэрч байгаа нь цөөхөн. Эвдэрдэггүй сайн замтай болоё гэвэл нэгдүгээрт, одоо мөрдөж байгаа стандартаа хүчитгэх шаардлагатай. Ингэхийн тулд хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэг километр замыг 400 сая төгрөгөөр тавьдаг байсан бол хучилтын хэсгийг зузаатгаад, хүчитгээд өгөхөд замын өртөг нэг километрт 500, 600 сая төгрөг шаардагдана гэсэн үг.
-Тэгвэл замын чанар үүнээс л болж муудаад байна гэсэн үг үү?
-Дан ганц үүнээс болж байгаа юм биш л дээ. Зам тавихдаа манай инженер техникийн ажилтнууд технологио алдах тал ч байдаг. Өөрөөр хэлбэл хүний хариуцлагагүйгээс технологи алдагдсанаас болж бас эвдрэл гарч байгаа. Нөгөөтэйгүүр замын эвдрэлд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл бол хүнд даацын машинууд зорчуулах болсонтой холбоотой. Бүх зүйл тооцоогоор гардаг гэж хэлсэн шүү дээ. Гэтэл бид 10 жилийн өмнө тавьсан замаа хүнд даацын машин явахад зориулаагүй шүү дээ. Манайд тавигдсан замууд дээр хамгийн дээд тал нь 44 тонн жинтэй тээврийн хэрэгсэл л явж болно. Машины өөрийн жин дээр ачааны хүнд нийлээд ийм байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд 100, 60, 50 тоннын жинтэй тээврийн хэрэгсэл яваад байгаа юм. Иймээс л бид нэг бол стандартаа 100 тоннд нийцүүлэн өөрчлөх, нэг бол сахилга зохион байгуулалтаа чангатгаж хүнд даацын машинуудыг зогсоох хэрэгтэй.
-Замын эвдрэлд хүний хүчин зүйл хэр нөлөөлдөг бол. Санамсаргүй болон санаатай байдлаар нөлөөлөх тохиолдол гарах уу?
-Байлгүй яахав. Ер нь замын эвдрэл маш энгийн зүйлээс үүсдэг. Жишээ нь нэг нөхөр 80 тоннын даацтай машинаа данхраадчихад тэр хэсэгт нь 15-20см хэмжээтэй хагарал үүсдэг. Тэр нь нэг борооны дараа л гэрийн буурь шиг том болоод явчихна. Гэтэл хүн хараад нөгөө л шүүмжлэлээ хэлнэ. Зам дээр жаахан түлш дусаахад л тэр нь асфальтан замыг барьцалдуулж байгаа хар тосыг урвалд оруулаад цоолчихдог байхгүй юу. Тэгээд л тэр нь нэг борооны дараа тэлээд явчихна. Мөн машиныхаа дугуйг хагарчихсан байхад тэр чигээрээ явсаар байгаа нарийхан зураас гаргаад зүсчихдэг. Тэр нь таван см-ийн зузаатай замын хоёр см-ийг зүсчихээр яах нь ойлгомжтой.
-Зам засвар арчилгааны талаар сонирхмоор байна. Жилийн жилд л нэг тавьсан замаа дахин дахин заслаа гэсэн шүүмжлэл явдаг. Энэ бас л нөгөө хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор тайлбарлагдах уу?
-Замыг, тэр тусмаа хатуу хучилттай замыг бариад ашиглалтад орууллаа, маргаашаас нь эхлээд арчилгааны ажлыг хийж байх ёстой. Бороо ус ойртуулж болохгүй, жижигхэн нүх байгаад ус орчих юм бол тогоо шиг, гэрийн буйр шиг хэмжээгээр эвдрээд эхэлнэ. Үүнийг гаргахгүйн төлөө л засвар, арчилгааг байнга хийх ёстой. Манайд энэ ажил муу хийгддэгээс зам эвдэрч байгаа. Энэ нь нөгөө л хөрөнгө мөнгөнөөс хамаарч байдаг. Ер нь бол замын дунд засварын ажлыг заавал хийх ёстой. Шинээр зам тавигдаад маргаашнаас нь эхэлж элэгдсээр байгаад дөрвөөс таван жилийн дараа 2-3 см элэгдэнэ. Тэр үед нь алдагдсан хэмжээний өнгөлгөөг хийж байх ёстой. Манайд энэ огт хийгддэггүй. Элэгдээд нимгэрсэн юм чинь нэг хүнд даацын машин яваад л эвдэрнэ шүү дээ. 2004 онд ашиглалтад орсон Чойр чиглэлийн зам бол их сайхан зам байсан. Гэтэл өнгөрсөн жилээс эвдэрч эхэлсэн. Тэгээд манайхан юу гэдэг тэгэхлээр “Саяхан л тавьж байсан зам даа” гээд биднийг шүүмжилдэг байхгүй юу. Ер нь олон улсад мөрдөгддөг зарчмаар бол таван см зузаантай замыг дөрвөөс доош нь оруулж болохгүй гэсэн зарчим.
-Замын ажлыг гүйцэтгэх явцад тавих хяналт сулаас болж замын чанар муу болдог байж магадгүй юм. Ялангуяа гадаадын компниудад сайн хяналт тавих хэрэгтэй юм шиг?
-Хяналт гэж тусдаа тогтолцоо бий болгож байгаа. Чанарыг сайжруулах хамгийн чухал асуудал бол хяналт л даа. Материалын сонголт маш олон болсон. Сайнаас нь эхлээд муугаа хүртэл байна. Тэгээд эзгүй хээр газар замыг тавьж байгаа шүү дээ. Тийм учраас хөндлөгийн хяналтыг бий болгох нь чухал.
-Байнгын дэргэд нь байх уу?
-Тиймээ. Байнгын дэргэд нь байж хянана гэсэн үг. Өнгөрсөн жилээс бид зам барих ажлыг хийж байгаа компаниас гадна хөндлөнгийн компани хянадаг тогтолцоотой болгохоор ярьсан. Тэр компани нь таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй хянаж, шаардлага тавьж байна гэсэн үг.
-Саяхан Улаанбаатар Мандалговийн чиглэлийн зам дээр үзүүлэх сургалт болсон гэсэн. Яг юуны талаар зааж сургав?
-Замын хар хучилтыг цементеер бэхжүүлээд дээр нь асфальтан хучилт тавих аргыг нэвтрүүлж эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан сая Дундговь чиглэлд тавьж байгаа зам дээр үзүүлэх сургууль хийсэн юм. Зам тавьж байгаа инженер, техник, хяналтын ажилнуудад газар дээр нь үзүүллээ. Авто замын чанарыг сайжруулахын тулд замын инженер техникийн ажилтнуудын чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна.
-Цементээр хучих талаар ярилаа. Манайд шинээр нэвтэрч байгаа арга уу. Тэгвэл замын чанарт ахиц гарна гэж ойлгож болох уу?
-Манайд хийгдээгүй байсан. Дэлхий нийтэд бол ашиглагддаг л арга. Даацыг нэмэгдүүлэхийн тулд хучилтын доод даац үүрдэг хэсгийг цемент холин хатуу болгож хүчитгэж өгч байгаа юм.
Гэхдээ тодорхой стандартаар холих ёстой. Бетон шиг хатуу юм хийчихвэл хагарчихна. Цаашид энэ аргыг өргөн хэрэглэнэ.
-Мянганы зам гээд нэлээд олон зам тавигдсан шүү дээ. Эдгээрээс хамгийн сайн зам гэвэл алийг нь онцлох вэ?
-Улаанбаатараас Дашинчилэн чиглэлийн зам 10 гаруй жил болж байна. Өнгөлгөө, арчилгаа хийгээгүй гэхэд эвдрэл бага байна. Мөн Эрдэнэсантаас нааш 30 км зам маш сайн зам болсон. Одоо яагаа ч үгүй байна. Хэрлэнгийн гүүрээс цааш хэсэг, Чойр чиглэлийн 200 км зам гээд сайн замууд олон байна даа.
-Замын мэргэжилтэн бэлтгэх, тэдний чанарыг сайжруулах тал дээр ямар ажил хийгдэж байна вэ?
-Зам барихаа л яриад байж болохгүй. Мэргэжилтний асуудал хамгийн чухал. Тиймээс замын мэргэжилтэн бэлтгэх асуудалд сүүлийн жилүүдэд их анхааран ажиллаж байна. ТИС, Техник технологийн коллеж гэсэн хоёр газар мэргэжилтэн бэлдэж байна. ТИС дээр дунд мэргэжлийн техникчийн ангийг нээлээ. Олон хүн элсэж байна. Мөн тус сургуульд оройн анги нээсэн. Энэ чиглэлийн мэргэжилтэй хэрнээ ажилгүй олон хүн байдаг юм байна. Тэднийг давтан сургаж 1,5 жилээр төгсгөдөг анги нээн ажиллуулж байна. Мөн Хятад, Орос улсад мэргэжилтэн бэлтгэж байна.
-Монголд зам тавих ажилд гадаадын иргэд хэр их ажилладаг вэ?
-Хятад, Солонгос зэрэг улсын компаниуд орж ирж ажиллаж байна. Ихэнхдээ Хятадын компаниуд ажиллаж байна. Ер нь энэ салбарт ажиллах Хятад иргэд их олон шүү.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
