Хойд туйлд 20 жил судалгаа хийсэн дэлхийд ганц эрдэмтэн

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Хойд туйлд 20 жил судалгаа хийсэн дэлхийд ганц эрдэмтэн

Цаа буга гэж амьтныг бүхэл бүтэн хорин жилийн турш тасралтгүй бас цөхрөлтгүй судалж буй эрдэмтэн Монголд төдийгүй дэлхийд ганцхан байдгийг ЭМШУИС-ийн захирал, доктор Ц.Лхагвасүрэн багшаас сонссон юм.

Тэрбээр шинжлэх ухааны доктор Б.Баасансүрэнгийн тухай “Цаа бугын орооны булчирхайн үйл ажиллагааг хүний биед нөлөөлөх талаас нь судалсан хүн дээ. Доктор, профессор Д.Амгаланбаатар багшийн удирдлага доор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Цаа буганы орооны булчирхай хүний биед дааврын түвшинд нөлөөлж буй талаар судалсан нь тун сонирхолтой юм. Хэдийгээр Хөвсгөл аймагт цаа буга бий ч ийм төрлийн судалгааг хийхийн тулд Хойд туйлд олон жил амьдарсан хүн дээ” хэмээн ярьсан нь тун сонирхолтой санагдав. Энэ ярианы дараахан цаа буга судлаачтай уулзаж, “дурласан” амьтных нь тухай сонирхохоор гэрт нь зочилсон юм.

-Таныг эрдэмтэд “цааны” Баасансүрэн гэж тодотгох юм билээ. Анх ер нь яагаад цаа буга судлах болов?

-Энэ амьтны тухай таван настайгаасаа мэддэг болсон. Хүүхэд байхдаа хүн, нохой, цаа буга гурав зэрэг бий болсон гэж уншаад маш их сонирхож байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд цаа буганы талаар илүү ихийг мэдэхийг хүсч байсан минь миний судалгааны ажилд том нөлөө үзүүлсэн. Цааны сүүгээр хүн болсон олон жишээ байдаг. Ерөнхийдөө энэ амьтныг судалж дээрээс нь анагаах ухааны талаас нь хүний биед хэрхэн нөлөөлөх вэ гэдэг үүднээс хослуулж судалсан. Цаа буганы эрхтэний бүтэц, химийн найрлага бүрдлийг тод томруун судалсан ажил маш цөөн байдаг. Хэвлэлд энэ талаар бичигдээгүй байсан. ОХУ-ын эрдэмтэн Владимировын амьтны эрхтнүүдийн бүтэц, үүргийг судалсан бүтээлээс өөр дорвитой ажил байхгүй нь энэ чиглэлээр судалгааны ажил хийх санаа сэдлийг минь өдөөж өгсөн юм. Эд эрхтнүүдээр нь бэлтгэсэн эмийг бие болон сэтгэцийн өвчнийг эмчлэхэд амжилттай хэрэглэж байсан баялаг түүхтэй.

-Хүмүүс тэр болгон цаа буганы ач холбогдлыг мэддэггүй. Эврээр нь эм хийдэг гэсхийгээд л дуусах байх. Харин та цаа буганы эд эрхтэний бүтцийг анагаах ухаан талаас нь хослуулж судалснаар ямар нээлт хийж чадсан бэ?

-Цаа бугыг анагаахын чиглэлтэй хослуулж судалсан нь өөрөө шинэлэг, шинжлэх ухаанд том ач холбогдолтой болж байгаа юм. Цаа буганы феромонт буюу булчирхайн шүүрлийг нарийвчлан судалснаар хүний бэлгийн чадавхийг сайжруулах эм бэлдмэл, гоо сайхны тос түрхлэг бэлтгэх, үнэртэн бодис үйлдвэрлэхэд өргөн ашиглаж болох юм. Цаа буганаас хаях зүйл юу ч байхгүй. Бүх эд эрхтэн нь хүний биед нэн сайн. “С” витаминаар баялаг элэг, төмөр их агуулагддаг чөмөг болон цааны шилбэ зэргийг дорнын анагаах ухаанд их хэрэглэдэг. Мөн хордлого тайлах эм бэлтгэхэд ашиглах бүрэн боломжтой. Якутат байх хугацаандаа 80-аад цаа буганд судалгаа хийсэн. Үүгээрээ ч сайн үр дүн үзүүлсэн.

-Таны голчлон судалсан Хойт туйлын цаа буганы онцлог юу вэ?

-Хойт туйлд дөрвөн төрлийн цаа буга байдаг. 70 хувь нь зэрлэг төрлийн цаа буга. Янз бүрийн өвчин тусахгүй л бол удаан насалдаг. Ерөнхийдөө 13-17 шахам жил насалдаг. Шим тэжээлийн хувьд эрүүл цэвэр ургамлыг өөрсдөө цасан доороос ухаж иддэг. 30-аад төрлийн ургамал иддэг нэг үгээр судалгаа хийхэд нэн тохиромжтой эрүүл амьтад юм. Монголын цаа бугыг бодвол урт талдаа. Мөн эрүүл мэндийн хувьд маш сайн байдгаараа илүү онцлог. Яагаад гэвэл онгон байгальд байдаг. Манай цаа бугануудын хувьд хүний үйл ажиллагаа орсон буюу ургамал тэжээл нь бохирдчихсон газар байдаг талтай. Хамгийн чухал нь эрүүл байдгаараа л Якутын цаа буга монголынхоос илүү онцлогтой.

-Хойт туйл руу та хэзээ анх очиж байв?

-1992 оны намар анх ОХУ-ын Якут улсад очиж байсан. Эхлээд туршилтаар очихдоо болох юм уу, тохирох уу гээд бүхий л талаас нь харсан. Гол нь өөрийгөө цаг агаарт нь таарах эсэхээ үзсэн. Судалгааны объектоо ч их л нягталж үзсэний үндсэн дээр буцаж ирээд ШУА дээр ирсэн. Тэгээд эцэст нь явах нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн л дээ. Мэдээж бэрхшээл маш их тулгарсан. 60-75 градусын хүйтэнд 20 жил судалгааны ажил хийсэн хүн Монголд байтугай дэлхийд ганц байгаа нь ах нь шүү дээ. Дундуур нь монголдоо ганц хоёр удаа ирээд буцдаг байсан. Америк, Герман, Орос зэрэг улсын эрдэмтэд олон ирдэг. Гэхдээ гурван сараас гурван жил л болдог. Эрүүл мэнд, цаг уур нь тохироогүйгээс болж буцаад явчихдаг юм.

-Хойт туйл гэхээр аймшигтай хүйтэн, цасан далай л төсөөлөгдөж байна. Та тэнд судалгааны ажлаас гадна өөр юу хийдэг байсан бэ. Таны дуртай хоол юу вэ?

-Ихэвчлэн судалгаа шинжилгээний ажлаа л хийдэг байсан. Та нар төсөөлөх нь үү үгүй юу. Маш хүйтэн болохоор урцнаасаа гарахгүй байх үе их тохиолдсон. Толгойгоо сэргээхийн тулд гутал оёх дуртай. Цааны арьсаар гутлаа оёдог. Якутын бутархай шөлөнд дуртай даа.

-Та өөрийн баримталдаг арга барилаасаа хуваалцаач?

-Би энэ ажлыг өөрийн дур сонирхлоороо хийсэн. Ямар нэг хүний харьяанд ч юм уу шахалтаар бол хийгээгүй. Анх Анагаах ухааны их сургуулиас эрдэмтэн болж гарч байсан. Үүнийгээ ярих их дуртай. Учир нь миний багш нар намайг хатуу үгээр зоригжуулж байсан болохоор би ямарваа зүйлд хатуужилтай байдаг юм. Хамгийн түрүүнд хүний төлөө зүтгэж, хүнийг хайрлах нь чухал гэж үздэг. Дараа нь өөрийн үр хүүхдээ гэр бүлээ хайрла гэсэн зарчмаар ажилладаг. Яагаад гэвэл хүнийг хайрлаж байж хариу нь заавал ирдэг юм.

-Таны номын санд цаа бугын тухай ном олон юм. Таны бичсэн хэчнээн ном бий вэ?

-Хойд туйлд 20 гаруй жил судалгаа хийлээ. Энэ хугацаанд жилд нэг ном орос хэл дээр бичсэн. Агуулга нь мэдээж цаа буга. Их олон талаас нь судалсан учраас надад бичих сэдэв бол хангалттай байсан. Мөн 20 жилийн турш хийсэн видео бичлэгүүд маань бий.

-Удахгүй таныг судалгааны ажлаараа үзэсгэлэн гаргах гэж байгаа гэсэн. Өмнө нь бас гаргаж байсан гэл үү?

-Энэ миний хоёр дахь үзэсгэлэн юм л даа. 20 жилийн турш судалсан цаа буганы талаарх бүхий л зураг, хальс гээд л судалгааны бүхий л зүйл маань тавигдана. Мөн нэг талархаж буй зүйл маань миний ажлыг үнэлж дүгнэж дэлхийн маш олон орны эрдэмтэн, судлаачид үзэсгэлэнд минь зориулж талархал, ил захидал илгээсэнд туйлын их баяртай байна. Үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд энэ сарын 10-нд нээнэ.

Ч.СУВДАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж