-Зах зээлийн тэнцвэрт үнэ гэж юу вэ. Энэ үнэ хэрхэн тогтох ёстой байдаг юм бэ?
-Аливаа худалдаа хоёр талтай явагддаг. Нэг талаасаа тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах гэж байгаа буюу эрэлт үүсгэж байгаа тал, нөгөө талаасаа түүнийг хангахын тулд нийлүүлэлт хийж байгаа тал гэж байдаг. Тэр хоёр тал хоорондоо бие биеийнхээ ашиг сонирхлын үндсэн дээр зөвшилцөлд хүрч тогтоосон үнийг зах зээлийн үнэ гэдэг. Мэдээж худалдан авагч тал аль болох чанартай бүтээгдэхүүнийг хямдхан авах гээд үнийг дарах сонирхолтой. Нийлүүлэгч тал өөрийн бүтээгдэхүүнээ аль болохоор үнэ хүргэж зарах сонирхолтой байдаг. Хоёр талын сонирхол нийцсэн цагт зах зээлийн тэнцвэртэй үнэ тогтдог. Эрэлт талын сонирхлоос нийлүүлэгч талын сонирхол давамгайлсан тохиолдолд зах зээлийн үнэ гэж зүйл хэзээ ч тогтохгүй. Хоёр талын сонирхол нийцсэн цаг зах зээлийн тэнцвэртэй үнэ тогтдог. Зах зээлийн үнэ нь дурын эдийн засаг дээр тогтчихдог зүйл биш. Маш том нөхцөлтэй үед зах зээлийн үнийн тухай ярьдаг. Худалдан авах гэж байгаа талд маш олон субьект байх ёстой, үүнийг хангах хүмүүс ч мөн түүнтэй тэнцэхүйц олон байх ёстой. Энэ олон субьект бие биеэсээ хамааралгүйгээр үнэ тогтоохыг зах зээлийн тэнцвэрт үнэ гэж сонгодгоор хэлдэг. Харин өнөөдрийн манай улсын нөхцөлд зах зээлийн үнэ тогтож байна гэхэд хэцүү. Учир нь саяын миний хэлдгээр худалдаж байгаа буюу нийлүүлэгч тал давуу эрхтэйгээр үнийг тогтоож байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар үнэ нь тэнгэрт хадсан махан дээр авч үзэхэд, мах худалдан авах хүсэлтэй эрэлт үүсгэж байгаа тал нь олон байгаа ч нийлүүлэгч тал цөөн. Ингэж хэлэхийн учир нь малаа махлан зарж байгаа малчид олон боловч нийслэлд авчраад зарахдаа аль нэгэн захад авчрахаар хэдхэн хүний гарт төвлөрдөг. Тэд бүх нийлүүлэлтийг гартаа барьж буйгаараа далимдуулж, нийлүүлэлтийг хомсдуулдаг. Ингэснээр үнэ хөөрөгдөх нөхцөл бүрэлддэг. Ингэж тогтоосон үнийг зах зэлийн үнэ гэж хэлж болохгүй. Тиймээс эрэлт, нийлүүлэлт хоёулаа тооны хувьд тэгш, олон байвал төгс өрсөлдөөн бий болж, зах зээлийн үнэ тогтдог.
-Зах зээлийн олон төрөл байдаг. Манайд яг ямар зах зээл ноёлоод байна вэ?
-Хамгийн сонгодог давуу эрхтэй субьект хэн бэ гэхээр нийлүүлэгч нь ганц байх. Энэ зах зээлийг монополь гэдэг. Тухайлбал, манайд Улаанбаатар төмөр замыг дурдаж болно. Маш том хэмжээний тээвэрлэлт хийх ганц компани бол тэднийх. Тэгэхээр үнийг тэднийх л тогтооно. Түүнээс тээвэрлэлт хийх гэж байгаа нөхөд тогтоох ямар ч боломжгүй. Өөрийн давуу эрхээ ашиглан зах зээлийн шударга бус үнэ тогтоож байгаа нөхцөлүүд Монголд олон байна. Монголын барааны зах зээл дээр төгс бус, хуйвалдаант зах зээл давамгайлсан байна. Зарим зах зээл дээр монополь байгаа бол заримд нь олигаполь буюу цөөнхийн дундах өрсөлдөөн байна. Энэ нь 2-10 субьект зах зээлийн нөхцөл байдлыг барьж чадаж байна. Үүний тод жишээ нь шатахуун импортлогчид. Арваадхан шатахуун импортлогч уулзаад хуйвалдан үнэ тогтоож болно шүү дээ. Үүнээс үүдэлтэйгээр үгсэн хуйвалдаж үнэ хөөрөгдөх асуудал үүсдэг. Хэрвээ арав биш, 1000 байсан бол тэд уулзалдаж үнэ хөөргөх нь юу л бол, тийм биз дээ.
-Зах зээлийн үнэ өдийг хүртэл тогтоогүй байгаа нь юутай холбоотой вэ. Үүнийг зохицуулахын тулд төрийн оролцоо ямар байх вэ?
-Зах зээлийн үнэд төрөөс нөлөөлөх хэд хэдэн арга байдаг. Тухайн зах зээлд Монополь байвал түүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хяналт тавьж байх ёстой. Тэгээд ашгийг нь оруулаад байж болох хамгийн дээд үнийг тогтоож, үүнээс хэтэрсэн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдах, үйлчилгээ үзүүлбэл төрөөс ямар нэгэн байдлаар арга хэмжээ авна гэх зэргээр хянаж байх ёстой. Олигаполиудын хувьд ч мөн адил бүтээлийнх нь зардлыг зөв тооцоод, дээр нь ашгийн тодорхой хувийг тооцоод боломжит үнийг тогтоох хэрэгтэй. Тэгээд тухайн үнээс хэтрүүлэн худалдвал үйл ажиллагааг нь хаана ч гэх юм уу, арга хэмжээ авах ёстой. Төрд ийм эрх нь байгаа.
-Энэ манайд хэрэгждэггүй. Хэрэгжих боломж нь бүрдээгүй байдаг юм болов уу?
-Цэвэр бизнесийн орчинд төрийн хуулийг хэрэгжүүлбэл хэрэгжих боломж бий. Гэтэл бизнесийн орчны олигархиуд төртэй орооцолдсоноор төрийн бодлого хэрэгжихгүй байна. Энгийн үгээр хэлэхэд төр түшилцэж яваа эрхмүүдийн дунд бизнесийн салбарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй хүн алга. Тэд аливаа бизнесийн орчны хуулийг ард түмэнд ашигтайгаар бус зөвхөн өөрсдийн бизнест ашигтайгаар шийдвэрлэж байна гэх гээд байна л даа.
-Төр өөрөө зохицуулалтаа хийж чадахгүй байна гэсэн үг үү?
-Төр зохицуулалт хийх механизмынхаа нөхцөлийг алдсан гэсэн үг. Цэвэр тунгалаг төр биш болсны гай. Эдийн засгийн энэ асуудлыг ингэж зохицуулна гээд төрд заагаад өгчихсөн байдаг. Тухайлбал, олигаполийг ингэж зохицуулна, хуйвалдааныг тэгж зохицуулна гээд. Үнийг бууруулах хамгийн том нөхцөл нь нийлүүлэлтийг дэмжиж, нийлүүлэгчдийг олон болгох хэрэгтэй. Нийлүүлэлт ихэсч бараа бүтээгдэхүүн хаа сайгүй олшрохоор үнэ буурах нь тодорхой болно. Гэтэл үүнийг төрийнхөн хийхгүй байна гэсэн үг. Хийхгүй байх сонирхол нь өөрсдөд нь байна. Яагаад гэвэл олигаполийн хэт давуу үнээс олж байгаа ашгийг хэн нэгэн төрийн нөхөр хүртэж байгаа учраас үүнийг хийх сонирхолгүй байна гэж миний хувьд үзэж байна. Уг нь эдийн засагт ингэж зохицуулдаг гээд биччихсэн хуулиуд нь байдаг. Гэтэл үүнийг хэрэглэхгүй байна. Нөгөө талаас нийлүүлэлтийг нь хийж чадахгүй салбар бас байна. Тухайлбал, орон сууцны эрэлт их байвч, бид орон сууцыг тийм олноор нь барьж байгуулах хүчин чадал байхгүй. Ийм байгааг нь мэдсээр байж нийлүүлэлтийг нь биш, эрэлтийг нь дэмжээд байна. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээл олгоно, урт хугацааны зээлд хамруулна гэх зэргээр төр нь өөрөө эрэлтийг хөөргөөд байна. Үүнээс болж үнэ өсч байгаа юм.
-Тэгэхээр орон сууцны зээл сонгуулийн шоу гэсэн үг үү?
-Яг ч сонгуулийн шоу гэж хэлж болохгүй байх л даа. Хэрэгжих нь хэрэгжих л байх. Үнэ хөөргөхгүй байх боломж тэдэнд байгаа боловч, үүнийг зохицуулахаасаа өмнө сонгуулийн өмнө иргэдэд таалагдах аргаа хэрэглээд байна шүү дээ. Тухайлбал, тэд нийлүүлэлтийг дэмжээд дөрвөн жилийн дараа орон сууцны хангалтыг бий болгоно гэж яривал хүмүүс үнэмшихгүй. Харин танд бага хүүтэй зээл олгоно гэвэл хүмүүст итгэл төрүүлнэ. Тиймээс тэд хүний хамгийн түрүүнд хүлээж авах байдлаар дамжуулан шоу хийгээд байна. Үнэн хэрэгтээ нөхцөл байдал өөр байна шүү дээ. Мэдээж энгийн хүмүүс макро эдийн засгийн том том нөхцөлүүдийг ойлгохгүй. Харин төрийнхөн ойлгож байгаа атлаа өөрт ашигтайгаар буруу зохицуулалт хийж байна гэж ойлгож болно.
-Төр зохицуулж чадахгүй байсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээс эхлээд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Нэгэнт өссөн үнийн хөөсийг одоо ямар аргаар дарах вэ?
-Хамгийн зөв аргаар бууруулъя гэвэл нэн түрүүнд төрийг стандарт үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахгүй бол энэ байдал дараагийн дөрвөн жилд ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэр гаргадаг нөхдийг бизнесийн үйл ажиллагаанаас тусгаарлах ёстой. Уг нь УИХ-ын гишүүн болбол бизнесээсээ татгалзах ёстой гэдэг. Гэтэл энэ манайд хэрэгждэггүй. Татгалзаж байгаа нэрээр эхнэртээ, ах дүүдээ компаниа шилжүүлчихдэг. Тиймээс энэ хүн ах дүү нараасаа авсан мэдээллээр төрийн шийдвэрт нөлөөлнө. Тэгэхээр бизнесийн салбараас бүрэн гараагүй гэсэн үг. УИХ-д 1996 оноос өмнө бизнес эрхэлдэг хүн бараг байгаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд УИХ дахь ийм хүмүүсийн тоо эрчимтэй өсч байна. Одоо бол бараг 100 хувь бизнесмэн УИХ-тай болоод байна шүү дээ. Бизнесмэнүүд УИХ-аас иргэдийн төлөө гэх шийдвэр гарах уу, үгүй шүү дээ. Тэд сонгуулийн өмнө иргэдийн төлөө ажиллана гэж сайхан ярина. Гэвч үнэн хэрэгтээ өөдийнхөө бизнесийн төлөө л ажиллана.
-Таны харж буйгаар манай улсын зах зээл бүрэн төлөвшихөд хэдий хугацаа шаардлагатай вэ?
-Төлөвшсөн зах зээлтэй улс болоход цаг хугацаа шаардлагатай. Миний харж буйгаар 20-иод жил хэрэгтэй. Өнөөдрийн Монголын дүр зургийг харахад буурай хөгжилтэй, орлого доогуур улсын ерөнхий шинж харагдаж байна. Иргэн нь соёл, боловсролынхоо хувьд дээд цэгтээ хүртлээ хөгжчихсөн атлаа, улсынх нь хөгжил хэд дахин доогуур байна. Зөв голдиролоор хөгжиж байгаа бол улс нь ч, хүн нь ч нэг түвшинд зэрэг хөгжиж байх ёстой байдаг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин