Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

ОХУ-ын домогт хоккейчин Владимир Крутов энэ сарын 6-нд Москва хотын эмнэлэгт элэгний хорт хавдарын улмаас таалал төгсч спортын ертөнцийнхөнийг цочролд орууллаа. Тэрбээр 1960 оны зургадугаар сарын 1-нд ОХУ-ын нийслэл Москвад төрсөн бөгөөд 52 насныхаа төрсөн өдрөө тэмдэглээд ердөө тавхан хоногийн дараа ийн хамарсалтай явдал тохиолдов. Крутов Армийн ЦСКА клубээс мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж, 1980-аад онд ЗХУ-ын шигшээ багт Сергей Макаров, Игорь Ларионов, Вячеслав Фетисов, Алексей Касатонов нартай “Супер тав”-ыг бүрдүүлж байв. Тэрбээр 1984, 1988 оны олимпийн наадамд аваргалснаас гадна ДАШТ-ээс таван алт /1981, 1982, 1983, 1986, 1989 онд/, нэг мөнгө /1987/, нэжгээд хүрэл медаль /1985/, хүртэж байв. Мөн Крутов ОХУ-ын гавьяат тамирчин, “Найрамдал” одонгоор шагнуулж байснаас гадна жилийн өмнө хоккейн “Алдрын танхим”-ын гишүүнээр элсээд байв. Энэхүү таагүй мэдээг сонссоны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Спортын сайд Виталий Мутко, хоккейн холбооны ерөнхийлөгч Вечяслав Третьяк нарын олон хүмүүс эмгэнэл илэрхийлжээ.

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж