Монгол улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд энэ хугацаанд уламжлалт соёлын өвүүдээ Дэлхийн өвийн жагсаалтанд амжилттай бүртгүүлж, эдгээр өвөө язгуур хэв шинжээр нь хадгалж хамгаалах, хойч үедээ уламжлуулан үлдээхэд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг, хариуцлага хүлээжээ. Чуулганы нээлтийн ажиллагааны үеэр олны анхаарлыг татсан үзэгдэл болсон нь “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх монгол дээлний загварын театрчилсан тоглолтыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монгол Костюмс ХХК, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын Яам хамтран зохион байгуулсан байна. Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойд зориулсан уг загварын театрчилсан тоглолтыг нээж, ЮНЕСКО-гийн Соёлын асуудал хариуцсан дэд ерөнхий захирал Францеско Бандарин, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар үг хэлэв. Ноён Францеско Бандарин “Монгол Улс нь түүх соёлын баялаг өв уламжлалтай бөгөөд түүнийгээ үндэсний хэмжээнд хадгалж хамгаалахад төдийгүй дэлхий дахинд сурталчлан таниулахад ЮНЕСКО-той идэвхитэй хамтран ажилладаг орон юм” хэмээн хэлжээ.
Монгол дээлийг ЮНЕСКО-д танилцуулав
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн гишүүн орнуудын Ерөнхий Ассемблейн дөрөвдүгээр чуулган зургадугаар сарын 4-8-ны өдрүүдэд Парис хотноо ЮНЕСКО-гийн Төв байранд болж байна. Чуулганаар Конвенцийн хэрэгжилтийн талаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэнэ. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан Монгол Улсыг төлөөлөн оролцов.
У.БОЛОР