Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадам энэ жил Английн нийслэл Лондон хотноо болохтой холбогдуулан ВВС радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран олимпийн наадамд оролцох дэлхийн 204 орноос тус бүр нэг шүлэг сонгон нэвтрүүлэх “Poetry 2012: The Written World” буюу “Яруу найраг 2012: Бичигдсэн ертөнц” төслийг хэрэгжүүлж буй ажээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн төсөл есдүгээр сарын хүртэл зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд улс бүрээр сонгогдсон шүлгийг англи хэлнээ хөрвүүлж, тэрхүү нэвтрүүлгийг долоо хоногийн турш ВВС радиогийн цахим хуудсаар дамжуулах гэнэ. Улмаар Шотландын Яруу найргийн номын сангийн вэб хуудсанд байрлуулснаар уншигчид тэдгээр шүлгийг унших, зохиолчийн намтартай танилцах боломжтой болох аж.
Төслийн багийнхан Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг сонгож, өнгөрсөн сард яруу найрагчаас ашиглах зөвшөөрлийг бичгээр авсан байна. Улмаар өнөөдөр буюу зургадугаар сарын 8-нд 12.28 цагт /орон нутгийн цагаар 05.28 цагт/ BBC радиогоор тэрхүү шүлгийг нэвтрүүлэхээр болсон байна. 2008 онд бичсэн энэ шүлэг нь Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн түүвэрт багтаж, 2010 онд хэвлэгджээ. Саймон Вэккхам Смит гэгч 2010 онд “Ертөнцийн явдал” шүлгийг англи хэлнээ орчуулж, “A Witch of White Mist” хэмээх нэртэй шүлгийн англи түүвэрт нь хэвлэгдсэн байна.
“Poetry 2012: The Written World” хэмээх төсөлд Японы алдарт яруу найрагч Шинкаро Таникава, Оросын нэрт яруу найрагч Андрей Вознесенский, Унгарын суут яруу найрагч Атилла Жозеф, Туркийн суут найрагч Назым Хэкмэт зэрэг дэлхийд нэр цуутай яруу найрагчдын бүтээлийг сонгосон байна. Төслийн хүрээнд сонгосон шүлгүүдээр зурагт хуудас, шуудангийн ил захидал, антологи зэргийг хэвлэх бөгөөд Лондонгийн олимпийн нээлтийн үеэр тэдгээр бүтээлүүдээр “бороо оруулах” тухай мэдээлж байна. Ийнхүү шинэ зуунд яруу найраг улам бүр үнэд орж хүн төрөлхтөний оюун санааны үнэт зүйл болсоор байна.
Шотландын Яруу найргийн номын сан нь “Хүмүүс болон яруу найргийг хамтад нь Танд ойртуулна” хэмээн уриалж байгаа бол “Шүлгээр дэлхийн улс үндэстнүүдийн хосгүй нэгэн хөргийг бүтээе” хэмээн BBC зорьж буй ажээ.
Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно
Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана
Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана
Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.
Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.
Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно.
Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана
Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтаж, зул барина.
Маргааш болоход сурсан зангаараа л мориндоо мордоно
Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана.
Хоёулаа дайтаж жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.
Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж
Ердийн оройн хоолны даруулгатай цуг мартагдана.
НЭМЭЛТ:
Сонгосон шүлгүүдийг тухайн орны төлөөлөл болсон хүмүүс англи хэлнээ уншдаг билээ. “Ертөнцийн явдал” шүлгийг Лондонд хэлмэрчээр ажилладаг Алтаннавч хэмээх Монгол хүн уншлаа. Тэрбээр шүлэг уншихынхаа өмнө өөрийнхөө тухай товч танилцуулж бага насандаа хөдөө очиж байсан дурсамжаа хуваалцлаа.