Живсэн онгоцноос тэсрэх бодисны ул мөрийг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Живсэн онгоцноос тэсрэх бодисны ул мөрийг олжээ

Гуравдугаар сарын 26-нд Шар тэнгист осолдсон тэнгисийн цэргийн эргүүлийн “Чхонан” хөлөг онгоцны хэсгээс тэсрэх бодисны ул мөр олдсон гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Тхэ Ен (Kim Tae Young) албан ёсоор мэдэгджээ. "Йонхап" агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Сайдын хэлснээр тэнгисийн ёроолоос гарган авсан хөлөг онгоцны үлдэгдлээс торпедын цэнэг болгож хэрэглэдэг гексоген гэх тэсрэх бодисны ул мөрийг олсон ажээ. Ингэхлээр уг хөлөг онгоцыг торпедын довтолгоонд өртсөн гэх хувилбар улам тодорч байна.
Ким Тхэ Ен торпедыг хэн тавьсан гэдгийг торуулсангүй бөгөөд эцсийн дүгнэлт гартал эрт байна гэжээ. Өмнөд Солонгосын эргүүлийн “Чхонан” хөлөг онгоц хүчтэй дэлбэрэлтийн улмаас Шар тэнгист живсэн билээ. Хөлөг онгоцны багийн 104 усан цэргийн 46 нь амь үрэгдсэн юм. Уг хөлөг онгоцны дотор болсон дэлбэрэлтийг ослын нэг шалтгаан гэж байсан ч үнэнд хамгийн ойр хувилбар нь гадны нөлөөнөөс үүссэн дэлбэрэлт болж байна. “Чхонан” Солонгосын дайны үеийн далайн мина эсвэл Хойд Солонгосын хөлөг онгоц буюу шумбадаг онгоцноос харавсан торпедын довтолгоонд өртсөн байж магадгүй гэдгийг эхнээс нь шинжээчид хэлж байсан билээ.
Дэлбэрэлтээр хөлөг онгоц хоёр хуваагдан живсэн юм. Тэдний үлдэгдлийг дөрөвдүгээр сарын 15-нд далайгаас гарган авч одоог хүртэл шалгах ажлыг хийж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж