Шинэ ерөнхий сайдаа нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Шинэ ерөнхий сайдаа нэрлэв

Рияд Хижаб

Ерөнхийлөгч Башар Ассадын тушаалаар Сирийн ерөнхий сайдад Хөдөө аж ахуйн сайд байсан Рияд Хижабыг томилсон байна. Ассад парламентад хандахдаа “Засгийн газар улс орны шинэ улс төрийн хүчинд анхаарал хандуулах хүсэлтэй” гэж хэлээд тавдугаар сарын 7-ны сонгуулиар томилогдсон депутатуудад хандана гэв. Мөн тэрээр Үндсэн хуулийн зарим заалтуудыг шинэчлэнэ гэв. Одоо шинэ ерөнхий сайд танхимаа парламентын шинэ гишүүдээс байгуулна.Сонгуульд оролцоогүй сөрөг хүчин Хижабын томилгоогоор Ассад “ямар нэгэн шинэчлэлийг үл тоодгоо” харууллаа гэв.

Ингэснээр Хижаб Ерөнхий сайдаар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард томилогдсон Адель Сафарын оронд суух юм.

Энэ цагаар Дамаск барууны дипломатуудыг буцааж эхлэв. Дипломат албыг сөргөлдөөнийг зогсоох, баруунтай холбоогоо сэргээх чухал хэрэгсэл гэж үздэг хэмээн Дамаск мэдэгдээд Их Британи, Франц, Швейцари, Итали, Турк зэргийн 18 орны Элчин сайдуудыг буцааж байна. Барууны орнууд Хула хотод цуст яргалал явуулсны  төлөө Сирийн дипломатуудыг хөөсний хариуд энэ арга хэмжээг авчээ. Сирийн хэдэн зуун иргэд дайны хөлөөс дүрвэн эх орноо орхиж байна. Сүүлийн тав хоногийн дотор 2700 орчим хүн Туркийн хилийг давжээ. Одоо Туркийн нутаг дахь лагеруудад 27000 сиричууд байна.

Бригадын генерал Анвар аль-Сакка амь үрэгдсэнээр босогчдын халдлагад үрэгдсэн цэргийн хамгийн том цолтон болов. Түүний машинд бэхэлсэн бөмбөг дэлбэрсний улмаас генерал Дамаскийн захын замд амиа алджээ. Түүнтэй их сургуульд шалгалт өгөхөөр охин нь хамт явсан юм. Түүний охин, жолооч хоёр шархаджээ. Сакка албан ёсоор Сирийн армид алба хаадаггүй, “Палестины чөлөөлөх арми” гэдэгт том тушаалтан байв. Сирид уг армийг бие даасан гэдэг боловч үнэн хэрэгтээ тэр нь Сирийн армийн хэсэг гэнэ.

Үүнтэй бараг нэгэн цагт Дейр аз-Заур гэх зүүн хэсгийн хотод хурандаа Ахмад Хаттаб ба дэд хурандаа Иззеддин Свейдан нарыг буудан хөнөөсөн байна. Босогчид эсэргүүцлээ зарласнаас хойш энэ гурван аллага болжээ.

Зургадугаар сарын 6-ны өдөр Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн төлөөлөгч Башар Ассадын талын хүчин Аль-Кубейра хотод зуу орчим хүнийг хөнөөсөн гэж мэдэгдэв. Хүний эрхийн Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээгээр тэнд 87 хүн алагдсан ба уг гэмт хэргийг Засгийн газрыг дэмжигч, хагас цэрэгжсэн “Шабихи” гэх алавитуудын отряд үйлдсэн ажээ. Хотыг их буугаар буудсаны дараа тэд хотод орон аллага үйлдсэн гэнэ. Сирийн эрх баригчид террористууд энэ хэргийг үйлдсэн гэх улиг болсон тайлбараа хийлээ.

Сирийн Засгийн газрын цэрэг ба босогчдын хооронд тус орны стратегийн чухал том боомт Латакия хотын төлөөх тулалдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр их бууны суманд найман хүн амь үрэгдсэн нь тодорхой болжээ. Хотын захын дүүрэгт арми босогчдын эсрэг их буу, танк, нисэх хүчнийг хэрэглэж байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж