Нийгмийн хүлээлт эдийн засгийн хямралд хүргэх үү

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Нийгмийн хүлээлт эдийн засгийн хямралд хүргэх үү

Нөөцийн махны эрэлд хавар­жингаа хатсан хөгшчүүл нэг сая төгрөгийнхөө тал хагасыг авангуутаа жаал жуулхан хүнсний юм бөөндсөн шинжтэй, махны үнэ өмнөх сараас 1000 төгрөгөөр өнгөрсөн долоо хоногоос 250 төгрөгөөр өсөөд байгаа аж. Махны үнэ яагаад өсөөд байгааг “Хүчит шонхор” захын гартаа томоо гэгчийн балиус барьсан махны лангуутай эмэгтэй “Эрэлт ихэссэн, нийлүүлэлт багассан” гэдгээр тайлбарлав. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн хамгийн гол онцлог нь бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эрэлт, нийлүүлэлтийн хоорондын уялдаа холбоонд тулгуурлаж зарладаг хойно доо. Нэг сая төгрөгийн тараалт махны эрэлтийг нэмэгдүүлсэн нь үнэн. Өнгөрсөн өвлөөс нь нийлүүлэлт нь хумигдсан гэх шалтгаанаар өсгөсөөр байгаа махны үнийг хөөргөх нэг сайхан далим болоодохсон байлгүй, манай ченжүүдэд. Малчид малаа зарахгүй байгаагаас болоод махны үнэ өсөөд буй нь нэг шалтгаан ч гэлээ хамгийн том буруутан нь  Монголын төрөөс махны салбарт барьж буй бодлого гэдгийг эдийн засгийн ухааны доктор, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал нэг бус удаа шүүмжилсэн бий.  Ганц мах ч гэлтгүй хөгшид, болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй Засгийн газрын нэг сая төгрөгийн бэлэн мөнгөний тараалтаас болоод Үндэсний статистикийн газрын хийсэн судалгаагаар өнгөрсөн долоо хоногт хүнсний 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөлтэй гарчээ.  Өөрөөр хэлбэл, Монголд зарагдаж буй бараа бүтээгдэхүүний үнэ долоо долоо хоногоор өндөр өсөлттэй гарах болсон хэрэг.

Засгийн газар санаатайгаар инфляци үйлдвэрлээд байна уу

Засгийн газар арай санаатайгаар инфляци үйлдвэрлээд байгаа юм биш биз.  Цагаан сарын өмнөөс л нэг сая төгрөг тараана гэсэн зар  тавьж нийгэмд багагүй хүлээлт үүсгэж үүсгэж, яг сонгуулийн өмнөхөн  бэлэн мөнгө их хэмжээгээр тарааж байгаагаас харахад Засгийн газар санаатайгаар инфляци үйлдвэрлээд байх шиг. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ ихсээд, төсвийн зардал нэмэгдэнгүүт мөнгөний ханш унаж эхэлдэг. Мөнгөний ханш унангуут бидний худалдаж авдаг байсан бараа бүтээгдэхүүний хэмжээ багасна гэсэн үг. Нэг сая төгрөг тараахаас өмнө 10 мянган төгрөгөөр хоёр килограмм мах авч байсан хөгшид өнөөдөр нэг килограмм мах дөнгөж данган худалдаж авч байна. Үнэндээ нэг сая төгрөгийг нэг гараараа бэлнээр өгсөн нэртэйгээр Засгийн газар инфляци үйлдвэрлэж,нөгөө гараараа өгсөн нэг сая төгрөгөө хоёр сая болгоод хүмүүсийн халаасыг сэгсэрчихэж байгаа хэрэг. Монголын энэхүү олигополь зах зээлээс хэн хожих вэ гэвэл мэдээж монополиуд, ченжүүд, компанийн эзэд л хожих ойлгомжтой юм. Монголын зах зээлийн нийгмийн нэг гажуудал нь үнэ өссөн л бол ямар ч тохиолдолд, яагаад ч буурдаггүй. Үнээ нэмсэн бол таксиныхан, цайны газрууд, компаниуд нүдээ тас аниад л гүрийгээд өнгөрдөг. Жишээ нь өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ  270 төгрөгөөр өслөө гээд л таксиныхан  үйлчилгээнийхээ хөлсийг 700 төгрөг болгосноос хойш шатахууны үнэ эргээд 220 төгрөгөөр буурсан ч харин таксины хөлс хямдраагүй. Нэмсэн л бол бандан тас гэдэг тийм сонин тогтолцоо Монголын нийгэмд бий болчихсон болохоор өнгөрсөн оны мөн үеийнх шиг махны хангалт сайжирлаа гэхэд  5000 төгрөг бож бууртлаа л удах байлгүй.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөөд байгаа хэрнээ монголчууд яагаад ядуу хэвээрээ байна вэ. Ирэх онд Монголын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.долларт хүрнэ хэмээн эрх баригчид зарлаад байхад яагаад монголчуудын авдаг цалин нь амьдралд хүрэлцэхгүй байна вэ. Яагаад монголчууд өрөнд орж, тавьсан өрөө төлж хүчрэхгүй амиа хорлож байна вэ. Яагаад гэвэл Монголын нийгэмд асар их хүлээлт бий болчихсон. Энэхүү хүлээлт нь инфляцийг ихээр үйлдвэрлэж, эргээд нийгэмд үнийн дарамт болон хувирах болсон хэрэг.  Ядуусын халаасанд байгаа сохор зоосыг хулгайлж, баячуудын хөрөнгийг зузаатгадаг хэрэгсэл бол инфляци. Тийм болохоор улс төрчид инфляци ихээр үйлдвэрлэж, хөрөнгө зузаат­гахыг хүсдэг ч байж болох талтай.

Хөрөнгө оруулагчид хүлээлтийн горимд шилжжээ

Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүх л салбар өнөөдөр хүлээлтийн горимд шилжчихсэн, сонгуулийн дараа яах бол, сонгуулиар аль нам эсвэл гарч ирэх вэ гэдгээс хамаарч хөрөнгө оруулалт ч мөн хүлээлтийн байдалд шилжчихээд байгаа гэх. Ялангуяа дэлхийг гайхшируулсан энгийн иргэдэд ямар ч наалдацгүй эдийн засгийн өндөр өсөлтийг үйлдвэрлэсэн уул уурхайн салбар улс төрийн байдлаас шалтгаалан маш их хүлээлтийн байдалд орчихоод байгаа юм. Монголын эдийн засаг сонгуулиар хэн гарах вэ гэсэн хүлээлтийн горимд шилжихтэй зэрэгцээд манай улсын эдийн засгийн гол түлхүүр нь болоод буй нүүрс, зэсийн ханш дэлхийн зах зээлд багагүй буурчихаад байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний байдлаар зэсийн үнэ тонн нь  7980 ам.доллар 7500 гаруй ам.доллар болж буурснаар энэ оны үнийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Зөвхөн зэс төдийгүй алтны үнэ ч нэлээд буураад байна. Алтны үнэ өнөөдрийн байдлаар 1560 ам.доллар /унц байгаа нь тавдугаар сарын эхний үеийнхээс 100 ам.доллар/ унц-аар буурсан үзүүлэлт гэнэ. Тэгвэл Хятадын боомтууд дээр коксжих нүүрсний үнэ өмнөх тавдугаар сарынхтай харьцуулахад 20-70 юаниар буурчээ. Хятадын эргийн дагуух мужуудад коксжих нүүрсний үнэ 1540-1580 юанийн үнэтэй байгаа аж. Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналт, Монголын нийгэм дэх их мөнгөний тараалт хийгээд, сонгуулийн дараа яах бол гэсэн хүлээлт эдийн засагт хямрал авчирч болзошгүй болчихоод байна. Ялангуяа инфляцийн дарамтыг хамгийн ихээр мэдэрч байгаа энгийн иргэдэд л эдийн засгийн хямрал хамгийн хүндээр тусах нь тодорхой. Сонгуулийн өмнөхөн төвшин нь бууралттай гарсан Монголын ядуурал сонгуулийн дараа огцом өсөлттэй гарахад гайхах бүр хэрэггүй биз. Мөнгөний хатуу бодлогоор хүчээр барьж байгаа инфляци цаашлаад хувьцаа авахгүй  гэсэн иргэдэд Засгийн газар зуучилсан нэрээр нэг сая төгрөгийг бэлнээр тараагаад эхэлбэл, бодлогынхоо хүүг нэмээд нэмээд инфляцийг барьж хүчрэхгүйд хүрэх биз. Ямарч байсан нийгмийн хүлээлт өнөөдрийнх шиг асар өндөр хэвээр, инфляцийг ийм ихээр үйлдвэрлээд байвал цаашдаа элгээрээ мөлхөх дөхөөд байгаа эдийн засаг тэсрэх вий.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж