”Цагдаа буудсан нь нотлогдсон шүү дээ”

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

”Цагдаа буудсан нь нотлогдсон шүү дээ”

Өнгөрсөн мягмар гаригаас эхэлсэн цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал Хорих 461-р ангид болсон. Хоёр өдрийн турш хуралдсан шүүх хуралд хохирогчдын ар гэрийнхэн ч мөн оролцсон. 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээр галт зэвсэгт өртөн амиа алдсан хохирогчдын ар гэрийхэн зарим нь шүүх хурлыг орхин гарсан билээ. Долдугаар сарын 1-ний хохирогчдын ар гэрийн төлөөлөл  Ц.Энхбаяртай ярилцлаа.

-Таныг мягмар гаригт Хорих 461-р ангид болсон цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурлыг орхин гарсан гэж байсан. Дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийг араас цөхрөлтгүй явж, удаан хүлээсэн шүү дээ. Яагаад хурлыг орхих болсон юм бэ?

-Удаан хүлээсэн болоод ч тэр үү их үр дүнтэй шүүх хурал болно гэж бодож байлаа. Гэвч шүүх хурал миний хүссэн, хүлээсэн хурал болоогүй. Шүүмжлэхэд ч багадахаар болсон.  Цагдаагийн дөрвөн дарга нарын зовлонг сонсох шүүх хурал шиг санагдсан. Шүүх бүрэлдэхүүн яллаж байгаа үндэслэлээ шүүгдэгч нарт тайлбарлаад, хэргээ хүлээж байгаа эсэхийг нь асуухад тэрэнд нь хариулт өгөх хүн алга. Өмгөөлөгч нар нь юугаа ч мэдэхгүй хавтаст  хэрэгтэйгээ танилцаад, хариулт өгч чадахгүй, хэдэн хүний өвчин зовлон, шалтаг тоочих гэсэн юм шиг хурал болсон. Эрх хүүхдүүд ээж аавдаа эрхлээд ч байгаа юм шиг. Тэгээд би шүүгдэгчдэд хандан ярьж байгаа зүйлээ баримттай, нотолгоотой ярихыг хүссэн юм. Гэтэл шүүгч намайг нэхэмжлэлийн дагуу асуулт асууж, ярих хэрэгтэй гэсэн. Шүүгдэгчид нь болохоор бид тушаал өгөөгүй,  буруугүй гээд. Прокурорууд нь яллах дүгнэлтээ хамгаалж чадахгүй байсан. Ямар ч гэсэн миний хүлээж байсан шүүх хурал биш санагдаад, тэгээд л шүүх хурлыг орхиж явсан. Шүүгч нь нэхэмжлэлийн дагуу ярь гэж байхад би юу хэлэх вэ. Хэрэв дөрвөн жилийн дараа нэхэмжлэл ярих байсан бол ингэж удаан энэ асуудлыг яриад явах шаардлагагүй байсан. Тэгээд л орхиод гарсан.

-Шүүх хурал таны хүлээсэн биш гэхээр аль нэг талд үйлчилсэн гэдэг ч юм уу, хурлын үйл явц нь буруу гэж үзэж байгаа хэрэг үү?

-Алдаатай, алдаагүй гэхээсээ илүү прокурор, шүүгч, шүүгдэгчид нь яах гэж байгаа нь ойлгогдохгүй. Хохирогчид нь үг хэлж болохгүй, прокурор нь дүгнэлтээ хамгаалж чадахгүй байхаар хүссэн үр дүн гарахгүй нь гэж ойлгосон. Гэхдээ цагдаа буудсан нь тодорхой болсон байхад шүүгдэгчид нь буруугүй гээд зүтгээд байхаар ямар хурал болох вэ. Би өмнө нь олон удаа хэлж байсан. Энэ хэргийг тусгаарлаж шалгах нь буруу. Үүнээс үүдсэн хагарал, бутрал бид бүхнийг юунд ч хүргэхгүй. Буудсан, тушаал өгсөн гээд шалгагдаж байгаа хүмүүсээ нэг дор цуглуулаад  үнэнийг тогтооё. Дахин дөрвөн жилийн өмнөх шиг аймшигт хэрэг гаргуулахгүй байх сануулгыг нийгэмд өгье гэж. Харамсалтай нь хүлээж аваагүй. Цагдаагийн дарга нар өөрсдөө л зөвхөн зовж байгаа юм шиг, шүүгч нь хохирогчийн шугамаар оролцоод ч байх шиг байсан.

-Экс дарга нар шүүх хурлыг эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Харин тийм. Цагдаа буудсан гэдэг нь нотлогдсон шүү дээ. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр тэнд байсан хүмүүсийн 90 хувь нь цагдаа буудсан гэсэн. Тэр нь ч нотлогдоод байхад цагдаагийн экс  дарга нар буруугүй гээд зүтгээд байгааг би гайхаж байна. Цагдаа хэлмэгдээд байна гээд байх юм. Тэд буруугүй, гомдолтой байгаа бол үүнийгээ батлах ёстой шүү дээ. Тэгээд шүүх хурал дээр буруугүй гэдгээ нотол гэхээр өөр юм яриад, буруугүй, гүтгэгдэж байна гээд байх юм. Буруугүй гэдгээ нотолж чадахгүй байж шалтаг тоочоод, зовж байна гээд сууж байх утгагүй шүү дээ. Цагдаа гүтгэгдэж байгаа бол өнөөдөр Монголд гүтгэгдээгүй хүн гэж байхгүй юм биш үү. Буруугүй юм бол дүгнэлт хийсэн шинжээчдийг, яллах дүгнэлт хийсэн прокурорыг яагаад шүүхэд өгөхгүй байгаа юм бэ. Буруутай нь тодорхой шүү дээ. Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн, үүний улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсэдсэн нь үнэн шүү дээ.  Гэмт хэргийг илрүүлэх ёстой цагдаа нь гүтгүүлж байгаа бол Монголд хэлмэгдээгүй хүн байхгүй болж таарах нь.

-Шүүх хурал их удаан үргэл­жилсэн. Шүүх хурлын процесс хэр бодит болсон бэ?

-Дөрвөн жил яваад эцэст нь шүүх хурал болох нь гэсэн чинь ойлгомжгүй, хэдэн хүүхдийн зовлон сонсох л юм болж байна. Бид тэгээд дөрвөн жил зовоогүй гэж үү. Үр хүүхдээ алдана гэдэг зовлон биш юм шиг л аашилж байсан. Нэг бол өвдөнө, нэг бол өмгөөлөгчөө солино гээд л. Өмгөөлөгчөө солино, өөрийг авна, цагдаагийн дарга нар болохоороо илүү дархтай байдаг юм шиг аашилна. Лав эр хүний зан биш ээ. Хийсэн бол хийснээ хүлээчих хэрэгтэй. Гэтэл гүтгэж байна гээд байгааг нь огт ойлгохгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллагын хүмүүс л цагдаа буудсан гэдгийг нь нотолсон. Дээрээс нь гэрчүүд бий.  Нэгэнт тодорхой болсон байхад буруугаа хүлээвэл бид бас хүн юм чинь учир байна шүү дээ. Хүний хүүхдийг буудчихаад хүний эрх ярих эрх цагдаагийн удирдлагуудад лав байхгүй байх.

-Хэргээ хүлээвэл уучилна гэж үү?

-Дөрвөн жилийн хугацаанд олон янзаар үзсэн. Арга барагдсан шүү дээ. Бүр та нар хэргээ хүлээвэл бид заавал ял өгөх гээд байх шаардлага байхгүй. Миний л хувьд маргалдаад, асуудал үүсгээд, заавал яллана гээд байх зүйл байхгүй гэдгээ олон удаа хэлсэн шүү дээ. Бүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа сууж байгаад ярилцая, буруугаа хүлээвэл ял өгөхгүй гэж ч хэлж үзсэн. Хамгийн гол нь ял өгөх гээд байгаадаа бус. Харин дараагийн удаа ийм зүйл гаргахгүй байх нь хамгийн чухал. Одоо дараагийн сонгууль болох гэж байна. Бас л хэрэлдээд, муудалцаад эхэлсэн байна. Гэтэл энэ сонгуулийн дараа ямар нэг асуудал үүсвэл хэн дуугарах юм бэ. Зовлон үзсэнээрээ бид л дуугарна шүү дээ. Долдугаар сарын 1-тэй холбоотой хэргийг шийдвэрлэхдээ үнэн зөвийг олох хэрэгтэй. Хэн нэгнийг яллахдаа биш шүү дээ. Цагдаагийн дөрвөн даргыг яллаад энэ хэрэг болчих юм биш. Хүмүүс үүнээс сургамж авч, дахин ийм зүйл гаргахгүй байх. Хамгийн чухал нь тэнд яг ямар процесс болоод, яасныг үнэн зөвөөр шийдэх хэрэгтэй.

-Хүлээж байсан үр дүн чинь гараагүй болохоор та их сэтгэл дундуур байсан уу?

-Ах нь энэ хэргийн хойноос дөрвөн жил явлаа. Энэ хүмүүсийг хэргээ хүлээн зөвшөөрөөд тушаал өгсөн цаад хүмүүсээ хэлчих болов уу гэж найдаж байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Нэг л их эрхэлсэн, зовлон ярьсан хүмүүс байх юм. Ингэхэд бид нар үр хүүхдээ алдаж зовсон юм уу, тэд нар зовсон юм уу. Тэдний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бидэнд үнэндээ хүнд тусч байна. Энэ байдлыг нь хараад би хэлсэн юм. Та нар эр хүн шиг бай л даа гэж. Үнэхээр гэм буруугаа хүлээвэл өөрөөр хандаж болно шүү дээ. Миний хүлээж байсан үр дүн энэ шүүх хурлаас гарах нь тодорхой. Гэхдээ арга барил, шүүх хурлын үйл явцын тухайд хэлэх ч муу үг олдохгүй байна.

-Шүүх хурал эхэлснээс хойш шүүгдэгчид ямар нэг шалтгаанаар дандаа хойшлуулаад байсан. Үүнийг та юу гэж дүгнэх вэ?

-Хэлмэгдэж, зовж байгаа хүмүүсийн дүр эсгэх гэсэн хүмүүсийн оролдлого шиг л харагдаж байна. Цагдаагийн газар хамгийн сайн хүмүүс нь дарга болдог гэж би боддог. Шүүгдэгчид хамгийн сайн хүмүүс нь л байсан шүү дээ. Тэд хуулиа хэнээс ч илүү мэддэг, гэм буруутайг нь эрж, хайж олдог хүмүүс нь шүү дээ. Гэтэл гүтгэгдэж байна гээд гомдоллоод суухын оронд эр хүн шиг буруугаа хүлээчих, ял өгөхгүй гээд өчнөөн хэлснийг ч тэд хүлээж аваагүй шүү дээ. Өмгөөлөгчдийн хувьд тэдэнд хангалттай хугацаа байсан. Анх 2009 оны хоёрдугаар сард цагдаагийн экс дарга нар хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн. Яллагдагчаар татагдаж, хавтаст хэрэгтэй танилцаж эхэлснээс өмгөөлөгч авах эрхтэй болдог. Гэтэл гурван жилийн хугацаанд өмгөөлөгчөө сонгоогүй, өөрсдийн буруугаас болж үүссэн нөхцөлийг одоо шалтаг болгож, тэрийг солино, энүүгээр өмгөөлүүлнэ гэх шаардлага байхгүй шүү дээ. Эр хүн шиг буруугаа хүлээчихэд юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. Цагдаа галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан нь үнэн шүү дээ. Цагдаа буудсан гэдэгт одоо ч итгэдэг. Хамгийн гол нь Монголын шүүх шударга ажиллаасай гэж би хүсдэг.

-Таныг хурал орхиж гарснаас болж өмгөөлөгч О.Баасанхүүг тор­гоно, арга хэмжээ авна гэж шүүгч хэлсэн гэсэн. О.Баасанхүү өмгөө­лөгчийн талаар та юу бодож байна?

-Энэ талаар О.Баасанхүү өмгөөлөгч надад хэлээгүй. Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал эхэлсэн анхны өдөр бид ярилцаад өмгөөлөгч авах хэрэгтэй гэсэн. Миний өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байгаа. Шүүх хурал надад таалагдаагүй учраас би гарч явсан. Харин О.Баасанхүү өмгөөлөгч намайг төлөөлөөд тэнд сууж байх үүрэгтэй шүү дээ.

-Долдугаар сарын 1 гэх тодотголтой хэрэг дөрвөн жилийн турш сунжирлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиас өмнө шүүх хурлыг хийж байгаад зарим хүмүүс улс төрийн зорилгоор ингэлээ гэх нь бий?

-УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагссан шүү дээ. Харин жагсаал харамсалтайгаар төгссөн. Энэ удаагийн сонгууль болох хугацаа ойртож. Бас л сонгуулийн өмнө хэрэлдэж, муудалцаж эхэлсэн байна. Шударга бус сонгуулиас болж үймээн самуун үүссэн шүү дээ. Хэн эхлүүлж, хэн дуусгасан нь чухал биш. Хамгийн гол нь дөрвөн хүний эрдэнэт амь, тэдний ар гэрийхэн дөрвөн жилийн хугацаанд сэтгэлийн зовлонтой амьдарсан. Цагдаагийн удирдлагууд биднээс илүү зовсон гэж өөрсдийгөө бодоод байх шиг байна. Хагацлын зовлон гэдэг чинь хамгийн аймшигтай зовлон. Эцсийн эцэст дөрвөн жилийн дараа буруутанг нь тогтоосон. Харин одоо шүүх үнэн зөвөөр шүүж, цагдаагийн удирдлагууд зэвсэг тарааж, буудах тушаал өгснөө хүлээх хэрэгтэй.

-Хэрэг явдал болсны дараа нөхөн олговор олгосон. Үүнээс өөр төр засгаас харж үзэж байгаа зүйл байна уу?

-Анх хохирогчдын ар гэрийхэнд 50 сая төгрөг өгсөн. Гэтэл МАН-ын шатсан байрыг шинээр барихын тулд 12 тэрбумыг зарцуулсан нь надад сонин санагдсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа бид нэхэмжлэл гаргана. Төрийн албан хаагч иргэний амь насыг хөнөөсөн нь тогтоогдож байгаа учраас бид нэхэмжлэл гаргана гэж хохирогчдын ар гэрийхэн ярилцсан.

-Прокуророос шүүгдэгчдэд яллах дүгнэлт гаргасан байгаа. 8-9 жилийн хорих ял оноосон дүгнэлт шүүх хурал дээр танилцуулсан. Энэ хэр бодитой шийтгэл гэж та бодож байна?

-Прокуророос яллах дүгнэлт гаргаж Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нар тус тус найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр төлөвлөсөн байсан. Шүүх хурал дээр прокурорын өөрийн гаргасан дүгнэлтээ хамгаалах ёстой байтал тэд чадахгүй байсан. Цагдаагийн дарга нарын өөдөөс юм хэлж чадахгүй, дүгнэлтээ хамгаалж чадахгүй л байсан. Шүүхийн шийдвэр гараад алх цохисон л бол ямар ч арга байхгүй. Хамгийн чухал нь дөрвөн даргад ял оноосноор дуусах биш. Долдугаар сарын 1-нд болсон процесс нь чухал. Үүнийг хүн бүхэн хүлээж байгаа.

-Цагдаагийн удирдлагуудад ял оноох нь бараг л тодорхой болж байна. дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийн араас явсан учраас шүүхийн байгууллагыг хэр шударга ажиллаж байна гэж бодож байна вэ?

-Шүүхийн байгууллага хэр шударга ажилладагийг энэ хурлын шийдвэрээр харагдах болно. Таван хүний эрдэнэт амь галт зэвсэгт өртөн  эрсэдсэн шүү дээ. Гэмт бурууг нь тогтоох нь шүүхийн үүрэг. Гэмт буруутайг нь тогтоож чадвал шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажилладаг гэдгээ харуулах болно. Дөрвөн жил хүлээсэн хүлээлт шүү дээ. Энэ хурлын шийдвэр монголын ард түмэнд бүгдэд нь чухал байх болно. Шүүх шударга ажилладаг үгүйг Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдож буй цагдаагийн экс дарга нарыг хэрхэн шүүхээс шалтгаалах болно.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж