Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ыг тандъя

Энэ оны онцлох үйл явдлуудын нэгт зүй ёсоор багтаж буй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр орой нээлтээ хийх гэж байна. Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронд хорьж, шударга бусаар харьцаж буйг эсэргүүцсэн хөдөлгөөн Украйнд өрнөснөөс үүдэн Европын холбооны зарим лидерүүд нэр хүнд, хамрах хүрээ зэргээр дэлхийн аваргын дараа орох Европын аваргыг тус улсад зохион байгуулахыг эсэргүүцэж, бойкотлох тухай ч яриа гарч байлаа. Ямартай ч буурал тивийн шилдэг 16 баг хэдийнэ Польш, Украйнд очиж, тэмцээн эхлэхэд бэлэн болжээ.

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа тоглогчид: Криштиан Рональду /Португаль/, Фернандо Торрес /Испани/, Окслейд Чамберлейн /Англи/

“Евро-2012” зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-нд Польш, Украйн улсад үргэлжлэх юм. Хоёр улсын нутаг дамнан зохиогдох Европын хөлбөмбөгийн өрсөлдөөн тус хоёр улсын нийт найман цэнгэлдэхэд болох хуваарьтай. Аналист, экспертүүдийн судалгаагаар “Евро-2012” 10 сая үзэгчтэй байх урьдчилсан төлөв бий.

Польшийн нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 23.30 цагт /Монголын цагаар/ Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Залгуулаад 00.00 цагт нээлтийн тоглолт эхлэх билээ. Тэмцээнийг зохион байгуулагч орон А хэсгийг тэргүүлж, нээлтийн тоглолт хийдэг уламжлалын дагуу Польшийн шигшээ баг тэмцээний салхийг хагалж, 2004 оны тивийн аварга Грекийн багтай тоглох юм.

Хаан спорт хөлбөмбөгийн хорхойтнуудыг “үхтэл” хүлээлгэж буй “Евро-2012”-ын гол фаворит буюу түрүүлэх магадлал хамгийн өндөр багаар экспертүүд Испанийн шигшээ багийг нэрлэж байгаа. Гэмтлийн улмаас тивийн том тэмцээнийг өнжих болсон Давид Вильягийн эзгүйд “Ялагдашгүй Армада”-гийн довтолгоо төгс байж чадахгүй. Гэхдээ хагас хамгаалагчийн байрлалд тэд хүчирхэг баг бүрдүүлээд буй.

Тив, дэлхийн аварга Испанийн шигшээ багийн хамтаар Германы багийг фаворитаар нэрлэж болно. Тогтмол өндөр амжилтын эзэд байж чаддаг “Германы машинууд”-д Хедира, Швайнштайгер, Озил, Гётце, Марин гээд хагас хамгаалалтын чадварлаг бүрэлдэхүүн бий. Тэд нарын дэмжлэгтэйгээр Подольски, Мюллер, Гомез нарын довтолгоо “нэгийг дуулгана” гэдгийг хөлбөмбөг сонирхогчид хүлээн зөвшөөрч байна.

“Евро-2012”-ын сугалаа ёсоор дөрвөн хэсэгт хуваарилагдсан багуудын хасагдах шатанд шалгарах боломж ямар байх вэ?


“А” хэсэг: ПОЛЬШ, ГРЕК, ОХУ, ЧЕХ

Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Польшийн шигшээ баг сүүлийн есөн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэж, нэг тоглолтод хожигдсон үзүүлэлттэй. Гэхдээ тэдгээр таван ялалтын гурав нь FIFA-гийн чансаагаар өөрсдөөс доогуур багийг хожсон байгаа. Түүнчлэн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тоглогчдын дийлэнх нь олон улсын тавцан дахь туршлага харьцангуй нимгэн юм. Тиймээс Польшийн багийн хувьд дараагийн шатанд шалгарч, шинэ түүхийн эзэд болох боломж тун бага гэж болох юм. Гэхдээ бөмбөг бөөрөнхий, эх нутагтаа, цэнгэлдэх дүүргэх шахам цугласан фанатуудынх нь өмнө тэднийг ямар ололт, амжилт хүлээж буйг таашгүй.

Грекийн шигшээ багийн хувьд сүүлийн есөн тоглолтдоо 3-5-1 гэсэн амжилт үзүүлсэн байгаа. Гурван хожлын хоёр нь чансаа доогуур багуудтай хийсэн тоглолт. Мэдээж шигшээ багт туршлага бий, гэхдээ 2004 онд тивийн аваргаар өргөмжлөгдсөнийг эс тооцвол томоохон уралдаан, тэмцээнд бүдэрдэг гашуун үнэн бий. ОХУ болон Чехийн шигшээ багтай нэг хэсэг сугалаа таарсны хувьд дараагийн шатанд шалгарна гэдэг бэрх даваа.

Сүүлийн есөн тоглолтод 100 хувийн амжилт үзүүлсэн ОХУ-ын шигшээ баг голланд мэргэжилтэн Дик Адвокаатын удирдлага дор хэсгийн шатыг хялбархан даваад гарчихна гэсэн таамаг хөлбөмбөг сонирхогчдын дунд бий. Түүгээр ч зогсохгүй хэсгээ тэргүүлэх боломжтой гэгдэж байна.

Чехийн шигшээ баг сүүлийн есөн тоглолтоос дөрөв хожиж, гурав тэнцэж, хоёр хожигджээ. Нягт хамгаалалттай, хагас хамгаалалтын тал дээр боломжийн, харин довтолгооны хүч гэдэг дасгалжуулагчийн санаа зовинож буй асуудал гэнэ. Ерөнхийдөө довтлогчдын амжилтаас ихээхэн зүйл хамаарна гэдгийг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Гэхдээ харьцангуй сул багуудтай оноолт таарсны хувьд хасагдах шатанд өрсөлдөх боломж бий.

“В” хэсэг: ГЕРМАН, ПОРТУГАЛЬ, НИДЕРЛАНД, ДАНИ /үхлийн хэсэг/

Тив, дэлхийн аваргад тоосоо өргөж, чамгүй амжилтын эзэд болсон Германы шигшээ баг сүүлийн есөн тоглолтод 5-2-2 гэсэн амжилт үзүүлсэн. Хоёр ялагдлын тухайд хоёул нөхөрсөг тоглолт байсан. Гэхдээ тэд Бразили, Голланд гээд дэлхийд данстай багуудыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хожсон. Довтолгоо, хамгаалалт гээд аль ч байрлалд ур чадвар, нөөц бололцоо өндөр тоглогчдоор багаа бүрдүүлсэн тэд Йохим Лёвын удирдлага дор хамгаалалт ноёлсон тоглолт үзүүлдэг. Португаль, Нидерландын шигшээ тэдний гол өрсөлдөгч бөгөөд хэсгээ тэргүүлэх хэмжээнд тоглолт үзүүлнэ гэгдэж буй.

Сүүлийн есөн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэж, нэг тоглолтод ялагдсан Португалийн шигшээ баг туршлагатай, ур чадвар өндөр хэдий ч цоллох цойлсон амжилт үгүй. “Европын Бразили” гэгддэг тэдний амжилтыг Криштиан Рональдугийн тоглолттой шууд холбон тайлбарлаж байна. Багийнхаа найдвар болсон Ронни хэрхэн тоглохоос энэ багийн, цаашлаад “үхлийн” гэгдэх В хэсгийн хувь заяа хамааралтай гэж үзэх хүн олон байна.

Нидерландын шигшээ багийн сүүлийн үеийн амжилтыг тандвал 4-2-3. Тус багийн форм хангалттай бус байгаа ч Ван Перси тэргүүтэй довтолгооны шугамыг дурдахгүй өнгөрч болохгүй. Ван Перси, Роббен, Ван дер Ваарт нарын гурвалын эсрэг Португалийн шигшээ “хэцүүднэ” гэгдэж байгаа. “Нисдэг голландчууд”-ын тоглолтын арга барил, хэмнэлээс харахад хэсгээ удаалж, дараагийн шатанд шалгарна гэсэн таамгийг экспертүүд дэвшүүлжээ.

FIFA-гийн дэлхийн чансаанд 10 дугаарт эрэмбэтэй Данийн шигшээ баг хүндхэн учраа нарын нэг. Гэхдээ цаасан дээрх статистик үзүүлэлт төдийгүй хөлбөмбөгийн ногоон талбайд ч хавьгүй илүү багуудтай нэг хэсэгт багтсан тэднийг “үхлийн” хэсгээс “амьд үлдэнэ” гэдэгт итгэхэд бэрх.

“С” хэсэг: ИСПАНИ, ИТАЛИ, ИРЛАНД, ХОРВАТ

Сүүлийн есөн тоглолтоос зургаа хожиж, нэг тэнцсэн Испанийн шигшээ баг нөхөрсөг хоёр тоглолтод хожигджээ. Аваргаа хамгаалан оролцох тэд сонгон шалгаруулалтын хүрээнд хоёр тоглолт дутуу байхад эрхээ авсан. “Барселона”, “Реал Мадрид”-ын супер оддыг эгнээндээ нэгтгэсэн тэднийг өнөө цагийн босоо аваргууд хэмээж буй. Тиймдээ ч хэсгээ манлайлах нь дамжиггүй гэгдэж байгаа юм.


“Евро-2008” тэмцээний аварга Испанийн шигшээ баг

Италийн шигшээ багийн тухайд сүүлд хийсэн есөн тоглолтоос тав хожиж, нэг тэнцэж, гурав хожигджээ. Тоглолтын дүн наймаалцсан хэрэгт холбогдож, асуудлын бай болсноор хувцас солих өрөөн дэх багийн уур амьсгал таагүй байгаа нь дамжиггүй ч Испанийн шигшээ багийн хамт хэсгээсээ шалгарах бүрэн боломжтой билээ.

Шей Гивен, Робби Кин нарын тоглогчдоо “цус сэлбэсэн” Ирландын шигшээ баг сүүлийн есөн тоглолтод дөрөв хожиж, таван тоглолтод тэнцсэн гэсэн чамгүй амжилттай. Гэхдээ Испани, Итали гээд “акулууд”-тай нэг хэсэгт таарсан тэднийг өрсөлдөөнөөс хэдийнэ хасагдсан хэмээж байна.

Хорватын шигшээ баг ч дээрхийн адил шалтгаанаар хэсгийн шатнаас дэлхийн аваргыг орхино гэгдэж байгаа юм.

“D” хэсэг: УКРАЙН, ШВЕД, ФРАНЦ, АНГЛИ

Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Украйны шигшээ багийн сүүлийн үеийн амжилт 5-1-3. Багийн бүрэлдэхүүнд жинхэнэ супер од тоглогч байхгүй, хэрэгтэй үед тоглолтыг эргүүлэх “увидастай” тоглогч тус багт үгүй. Зохион байгуулагчийн хувиар эрхээ авсан тэдний төлөө мөрий тавиад хэрэггүй гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Шведийн шигшээ багийн тухайд сүүлийн есөн тоглолтоос зургаад нь хожиж, гурван тоглолтод ялагджээ. Сонирхолтой нь,  ялагдсан гурван тоглолт нь чансаа илүү багууд. Хамгаалалт ноёлсон тоглолт үзүүлдэг тэднээс эмээх багууд байгаа ч дараагийн шатанд шалгарах бодит боломж хомсхон гэж болно.

Сүүлийн есөн тоглолтод нэг ч ялагдаагүй Францын шигшээ багийн хамгийн хачирхалтай нь сайн багтай сайн тоглодог, харин тааруу багтай тоомжиргүй тоглодог дутагдалтай. Льорис, Эвра, Бен Арфа, Насри, Бензема гээд энэ улиралд одтой байгаа тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн тэд хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой.

Английн шигшээ баг сүүлийн есөн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэж, нэг тоглолтод хожигджээ. Ингэхдээ “Евро-2012”-ын “хүнд жингийн” тоглогчдын нэг Голландын багтай нөхөрсөг тоглолт хийж, ялагдсан байгаа. Багийн ноён нуруу болсон Фрэнк Лампард хэдхэн хоногийн өмнө гэмтэл авснаар гэртээ үлдэх болсон, мөн Гарет Бэрри гэмтлийн улмаас тэмцээнийг өнжинө, дээр нь Скотт Паркерийн тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа гээд “Гурван арслан”-гийн хагас хамгаалалтад асуудал бий.  Английн шигшээ багийн ирээдүй гэгдэж байсан Энди Кэрролл өнгөрсөн улиралд “Ливерпуль”-д цойлохуйц амжилт үзүүлж чадаагүй, дээр нь гол довтлогч Уейн Рүүни торгуулийн улмаас хэсгийн эхний хоёр тоглолтыг өнжих учиртай. Хамгаалалтын хувьд Жон Терри, Гари Кэхилл гээд нягт байж чадна. Түүнчлэн Окслейд Чамберлэйнг “Евро-2012”-т гялалзах тоглогчдын нэг гэсэн хүлээлт бий болжээ. Украйн, Швед гээд харьцангуй сул өрсөлдөгчтэй тул Францын багийн хамт хэсгийн шатыг давах бүрэн боломжтой.

“Евро-2012”-ын тоглолтын хуваарь

“Евро-2012” тэмцээний тоглолтын хуваарь:

“А” хэсэг:

VI.9 00.00 цагт: Польш-Грек /Варшав хот/
VI.9 02.45 цагт: ОХУ-Чех /Вроцлав/
VI.13 00.00 цагт: Грек-Чех /Вроцлав/
VI.13 02.45 цагт: Польш-ОХУ /Варшав/
VI.17 02.45 цагт: Грек-ОХУ /Варшав/
VI.17 02.45 цагт: Чех-Польш /Вроцлав/

“В” хэсэг:

VI.10 00.00 цагт: Голланд-Дани /Харьков/
VI.10 02.45 цагт: Герман-Португаль /Львов/
VI.14 00.00 цагт: Дани-Португаль /Львов/
VI.14 02.45 цагт: Голланд-Герман /Харьков/
VI.18 02.45 цагт: Португаль-Голланд /Харьков/
VI.18 02.45 цагт: Дани-Герман /Львов/

“С” хэсэг:

VI.11 00.00 цагт: Испани-Итали /Гданьск/
VI.11 02.45 цагт: Ирланд-Хорват /Познань/
VI.15 00.00 цагт: Итали-Хорват /Познань/
VI.15 02.45 цагт: Испани-Ирланд /Гданьск/
VI.19 02.45 цагт: Хорват-Испани /Гданьск/
VI.19 02.45 цагт: Итали-Ирланд /Познань/

“D” хэсэг:

VI.12 00.00 цагт: Франц-Англи /Донецк/
VI.12 02.45 цагт: Украйн-Швед /Киев/
VI.16 00.00 цагт: Швед-Англи /Киев/
VI.16 02.45 цагт: Украйн-Франц /Донецк/
VI.20 02.45 цагт: Швед-Франц /Киев/
VI.20 02.45 цагт: Англи-Украйн /Донецк/

Шөвгийн наймын тоглолтууд:

VI.22 02.45 цагт: А1-В2 /Варшав/
VI.23 02.45 цагт: В1-А2 /Гданьск/
VI.24 02.45 цагт: С1-D2 /Донецк/
VI.25 02.45 цагт: D1-С2 /Киев/

Хагас шигшээ тоглолтууд:

VI.28 02.45 цагт: шөвгийн наймын эхний тоглолтын ялагч гурав дахь тоглолтын ялагчтай /Донецк/

VI.29 02.45 цагт: шөвгийн наймын хоёр дахь тоглолтын ялагч дөрөв тоглолтын ялагчтай /Варшав/

Шигшээ тоглолт:

VII.2 02.45 цагт: Хагас шигшээд ялсан хоёр багийн хооронд /Киев/

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж