Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Баянгол. Дээлтэй болгон дэвэхээр энэ тойрогт өрдөг ч харамсалтай нь өвдөг шороодоод буцдаг. Том ярьсан “хүүхдүүд”-ийг тонгорч орхидог тойрог гэсэн ч болно. Учир нь баянголчууд баргийн нөхөрт барьц өгөхөөргүй боловсролтой. Хүн амынх нь 80 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. 160 гаруй мянган хүн амтай. Олонхи нь боломжийн ажилтай болоод ч тэр үү, боловсролтой ч гэх үү, ямартай ч мөнгөөр санал худалдаад авчихна гэвэл гонж. Баргийн юманд хууртахгүй улс. Тиймээс намууд аль өнгөтэй, өөдтэй гэсэн лидерүүдээ илгээж иржээ. Эндээс Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Р.Амаржаргал, Хүниий эрхийн үндэсний комиссын дарга Ц.Бямбадорж нар УИХ-д нэр дэвшиж унахдаа унаж, босохдоо  боссон. Сонгогчдынх нь боловсрол бусад тойрогтой харицуулахад хамаагүй дээгүүр болохоор ер нь л дутуу дулимаг нэр дэвшигчдийг байх ёстой газарт нь буулгадаг гэлтэй.

Өнгөрсөн сонгуулиар энэ тойрогт Ардчилсан намаас С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, С.Одонтуяа нарыг, МАХН-аас /өнөөгийн МАН юм даг уу/ тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатар, Т.Баяртсайхан, НИТХ-ын дарга асан Н.Болормаа нарыг дэвшүүлсэн. Харин Ногоон намаас Д.Энхбат нар өрсөлдөж байлаа. Харамсалтай нь сонгууль хуудуутай болсон гэсэн маргаан дэгдсэн. Тойргийн хэсгийн хороодод бөөн будилаан болж тойргийн хороо нь хамгийн удаан ажилласан билээ. Үүний эцэст Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат  нарт УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон бол жил гаруйн дараа С.Эрдэнийг УИХ-д оруулсан билээ. Тухайн үед Т.Баяртсайхан гомдол гаргаж С.Эрдэнэ луйвардсан гэж саналын хуудсыг тоолуулсан ч үр дүн нь эсэргээрээ гарсан. Харин ч өөрөө С.Эрдэнийн саналаас 600-г нь “туучихсан” нь нотлогдож шуугиан тарьсан юмдаг. Харин Засаг дарга асан П.Цогтбаатар гараад ирэх магадлалтай байсан ч маргаан хийхээс татгалзсан.

Энэ удаад Ардчилсан намаас С.Эрдэнэ, С.Одонтуяа нарыг илгээжээ. Х.Тэмүүжингийн хувьд намын жагсаалтад бичигдсэн. С.Эрдэнэ бол Баянгол дүүргийн Засаг дарга байхаасаа эхлэн энэ тойрогтой нэр холбогдож яваа, сайндаа сайн, муудаа муу хэлүүлж яваа нэгэн. Харин С.Одонтуяаг квот гэдгээр илгээсэн бололтой. Зарим хүмүүс С.Эрдэнэ зориуд түүнийг тойрогтоо авсан гэсэн ч яриа бий. Учир нь өөр хүчтэй өрсөлдөгч очвол өөрийнх нь авах санал багасах учраас тэр гэж болгоомжилсон юм байх.

Тэгвэл МАН УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Амгалан нарыг дэвшүүлжээ. Ц.Мөнх-Оргилын хувьд өмнө нь энэ тойргоос сонгогдсон. Гэхдээ долдугаар сарын 1-нд болсон үймээний дараа “Хүн буудуулаагүй. Цагдаа галт зэвсэг хэрэглээгүй” гэж худал мэдэгдэж байсныг өнөөдөр баянголчууд хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Жирийн таван хүний амь насыг түүнээс нэхэх бишгүй олон сонгогч тэр тойрогт бий.

Харин Л.Амгалангийн хувьд ардаа сайн хамгаалалттай болохоос ардуудын дунд нэр хүнд тааруу Засаг хатагтай. Баянголын ногоон байгууламжийг устгаж, хиймэл ширдэг, хуурамч цэцгийг гэрлийн шонд хатгасан нь иргэдэд ердөө ч таалагдаагүй юм. Дээр нь жилийн жилд хайс сольдог бизнестэй. Төсвийн хөрөнгийг өөр зүйлд захиран зарцуулсан олон ч баримт бий гэдэг. АТГ-аас энэ хүнд хариуцлага тооцохыг хотын даргад санал болгосон ч Г.Мөнхбаяр нь цалингийнх нь 20 хувийг хасаад өнгөрөх жишээтэй. Тиймээс иргэддээ ойрхон ажилладаг Засаг дарга нарыг дэвшүүлдэг шиг түүнийг УИХ-д оруулахгүй л болов уу. Харин түүний оронд П.Цогтбаатарыг дэвшүүлсэн бол арай илүү санал авах байсныг үгүйсгэхгүй.

Өөр нэгэн эрхэм гэвэл эдийн засагч Н.Дашзэвэг МАХН-аас нэр дэвшиж буй. Монголын гайгүй эдийн засагчдын нэг ч Н.Энхбаяртай нийлээд яваад нь иргэд таатай хандахгүй л болов уу. Бусад нэр дэвшигчдийн хувьд олонд төдийлөн танигдаагүй улстөрчид.

Энэ удаагийн сонгуулиар аль аль нам нь арай л бяд муутайхан нэр дэвшигчдийг Баянгол рүү илгээлээ. Жаран чавганцаас нэг нь төрүүлдэг гэгчээр аль нэг нь арай илүү саналаар сонгогдох л байх. Харж л сууя.  

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж