Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жилийн ял оноолоо

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн
даргыг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, шөнө дөл болж байхад өндөрлөлөө.

Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан,
хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан,
цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан,
цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг тус тус оноов.

Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6
жил,
О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар
өршөөлийн хуульд
хамрагдан ялгүй үлджээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан,
хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Өнөөдрийн шүүх хуралд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч
асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан,
цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан,
цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар оролцсон юм. Мөн Ч.Амарболдын
өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр,
Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажилласан юм.

Дүрстэй мэдээг ЭНД дарж үзэн үү

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж