Хөгжлийг байгальд нөлөө багатай төлөвлөх талаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Хөгжлийг байгальд нөлөө багатай төлөвлөх талаар зөвлөлдлөө

Энэ хаврын чуулганаар Байгаль орчны багц хууль батлагдсан билээ. Багц хууль батлагдсанаар олон шинэ ойлголтууд хэрэгжиж эхлэх болж байна. Үүний нэг нь биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга юм. Дүйцүүлэн хамгаалах арга нь манай орны хувьд цоо шинэ ойлголт бөгөөд хуулийн заалтаар орчихсон байгаа учраас хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм. “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтаар Монгол улсад хэрэгжүүлж болох дүйцүүлэн хамгаалах төрлүүд болон хууль эрх зүйн орчны талаар мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцаж, говийн экологийн бүс нутгийн үнэлгээний явцын талаар танилцав.

Уул уурхайн үйл ажиллагааны дараа нөхөн сэргээлтийг маш сайн хийсэн ч нөлөөлөл ямар нэг хэлбэрээр заавал үлддэг. Тэрхүү нөлөөллийг бууруулах олон арга байдгийн нэг нь дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагаа юм. АНУ, Австрали гэх мэт улсуудад дүйцүүлэн хамгааллыг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Манай улсын хувьд дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагаа цоо шинэ ойлголт гэдгийг дээр хэлсэн. Энэ аргыг хэрэгжүүлэхэд санхүүгийн, гүйцэтгэгчийн, газар сонгох гээд маш олон зохицуулах асуудлууд гарч ирнэ. Тэдгээрийг шийдэж, зохицуулахад олон улсын байгаль орчны байгууллагын оролцоо тусламж хэрэг болно. 

Багц хуулийн хүрээнд БОАЖЯ-наас гаргасан журамд зааснаар “Үнэлгээний эрх авсан мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчтэй дүйцүүлэн хамгаалахтай холбогдсон урт хугацааны зардлыг хэрхэн, яаж, хэн гаргаж байхыг тодорхой болгож баталгаажуулсан байна” гэж заасан. Ийн санхүүгийн асуудлыг нь шийдчихвэл нутгийн иргэд, нөхөрлөл, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд гүйцэтгэлийг хийх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Уулзалтын үеэр Дэ Нэйче Консерванси байгууллагын говийн экологийн бүс нутагт хийж буй үнэлгээний ажлын явцыг танилцуулав. Монгол улсын Засгийн газраас 2010 онд тус байгууллагад хандан уул уурхайн хөгжлийг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх аргыг говийн бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэх хүсэлт тавьжээ. Энэхүү хүсэлтийн дагуу судалгааны ажил эхлээд 8 сар болж байгаа бөгөөд төслийн үр дүнд говийн бүсийн экологийн хувьд чухал ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай амьдрах орчныг тодорхойлж, хөгжлийн нөлөөллийг хэрхэн бууруулах зөвлөмжийг гаргах юм байна.

Өнөөдрийн уулзалтад хөдөө орон нутгаас 22, салбарын яам, төрийн бус байгууллага, уул уурхайн компаниас 20 гаруй төлөөлөгч оролцлоо.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж