“Ийм
нэгэн дурлал”, “Сая километр” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн
Гөөгөө” дууны клипний дүр төрхөөрөө залуусын танил болсон жүжигчин
Т.Билэгжаргал буюу Бэкэтэй ярилцлаа. Тэрбээр энэ удаа “Луйврын хот”
уран сайхны кинонд гол дүр бүтээж байгаа билээ.
-Жүжигчин Т.Билэгжаргал гэхээр л нөгөө Юндэн Гөөгөө юу гэж хүмүүс асуудаг. Танд өөрт чинь тэгж хэлдэг үү?
-Тийм
ээ. Одоо ч гэсэн хүмүүс намайг Юндэн Гөөгөө гэдэг шүү. Тэр клипэнд
тоглоход би СУИС-ийн хоёрдугаар дамжаанд сурч байсан санагдаж байна.
“Нэгэн зүгт” хамтлагийнхан манай сургуулийн эстрадын ангид сурдаг,
бид хэд найзууд байсан юм. Тэгсэн, нэг өдөр Заяа найз нь нэг дуу хийж
байгаа. Зураг авалт нь удахгүй эхэлнэ, нэр нь “Юндэн Гөөгөө” гэж дуу.
Чи тоглоно шүү гэлээ. Удалгүй, гэнэт нэг өдөр “Өнөөдөр орой зураг
авалттай” гэхээр нь би “багш уурлана, хичээлтэй” гээд л татгалзсан
боловч найз нартаа худлаа хэлж чадалгүй зөвшөөрсөн. Тэгээд л тоглосон.
-Тухайн үед “Юндэн Гөөгөө” дууны клип хүмүүст их хүрсэн санагддаг?
-Клип гарсны дараа сургууль дээр би од болсон /инээв/. Хүүе нөгөө Гөөгөө явж байна гээд л.
-Бэкэгийн багын зураг их хөөрхөн юм аа. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Миний
багын нэг зураг байдаг юм. Буржгар үстэй, ногоон нүдтэй… Ер нь би
өөрийгөө багадаа их хөөрхөн, хүмүүсийн хайр татсан хүүхэд байсан гэж
боддог ш дээ. Би тавдугаар анги хүртлээ их гэр амьтай хүүхэд байсан.
Ээжийнхээ хормойноос зуурчихаад л, хаана ч явсан дагаад явдаг тийм л
хүүхэд байсан. Харин тавдугаар ангидаа зуслан яваад өөрөөсөө том, том
ах нар дунд орлоо. Тэр үеэс жаахан гэрсэг байхаа больсон байх. Гадуур,
дотуур яваад. Намайг бага байхад манай эгч “BSB”, “Spice Girls”
хамтлагийг сонсдог байсан юм. Тийм болохоор эгчийгээ дагаад тэр
хамтлагийнх нь зургийг цуглуулдаг байлаа. Манай нэг эгч Польшт байдаг
юм. Тэр эгчдээ сэтгүүл захина. Бараг тав, зургаан сарын дараа баахан
сэтгүүл явуулдаг байсан. Тэгээд л гадаадын хамтлаг, дуучдын зургийг
хайчилж аваад цуглуулдаг хүүхэд байлаа.
-Байнга ээжийгээ дагадаг байсан гэхээр айлын бага хүү юу?
-Би эцэг, эхээсээ гурвуулаа. Манай хамгийн том ахыг Т.Азжаргал гэдэг, 28 настай. Харин эгчийг Т.Болоржаргал гэдэг.
-Эрх хүүхэд байсан уу?
-Эрх
гэж хэлэхэд би дургүй байдаг. Хүн ер нь ээж, аавыгаа байхад эрхлэх
хэрэгтэй биз дээ. Хааяа нэг гэрийнхэн дундаа ч юм уу, эрхлэхэд зүгээр
шүү дээ. Би ээждээ эрхлэх үе байдаг, нуугаад яахав. Ер нь ээждээ бол
амь шүү. Манай аав намайг хоёрдугаар курст байхад өвчний улмаас өөд
болсон юм. Энэ явдлаас хойш би ээжийгээ улам ихээр халамжилж, хайрлах
ёстой гэдгээ мэдэрсэн.
-Багадаа гэрсэг хүүхэд байжээ, харин арван жилдээ ямар хүүхэд байсан бэ?
-Би
чинь нэгдүгээр ангид байхдаа 78-р сургуульд сурч байсан. Манай аав
цэргийн хүн байсан юм. Хүнд суурь хүмүүжил гэж байдаг даа. Аав
хүүхдүүдээ их зөв аргаар хүмүүжүүлсэн гэж би боддог. Үргэлж ном уншиж
бай, энэ номыг унш гээд л, бас хичээлээ хийх хэрэгтэй гэж хэлдэг
байсан. Тэгээд намайг гуравдугаар ангиа төгсөөд байж байтал аав “миний
хүү одоо өөр юм хийх хэрэгтэй” гэдэг юм байна. Би ч дотроо арай надаар
ажил хийлгэх гэж байгаа юм биш байгаа гээд л баахан хүнд зүйл бодоод.
Тэгсэн аав маань одоо миний хүү юу сонирхож байна, ямар дугуйланд
явмаар байна, спортоор хичээллэх үү гэж асуулаа. Би ч дуртай нь аргагүй
“воллейбол тоглож сурмаар байна” гэлээ. Тэгээд воллейболын 24 дүгээр
сургуульд оруулсан юм. Тэр үеэс спортод хайртай болсон. Хөлбөмбөг их
тоглоно. Ингээд спорт сонирхоод байж байтал аав дахиад өөр дугуйланд
явахыг санал болголоо. Зураг зурж сурах хэрэгтэй гээд аав намайг хөтөлж
аваачаад Хүүхдийн урлан бүтээх төвд баримлын ангид оруулчихсан. Эхлээд
дургүй байсан ч сүүлдээ гоё санагддаг болсон. Наймдугаар анги хүртлээ
барималтай ноцолдсон. Одоо ч гэсэн “Хүүхдийн урлан бүтээх төв”-д миний
хийсэн баримлууд байдаг. Тэгж бодохоор гоё санагддаг. Тэгэхээр хүн
аливаад заавал суралцаж байх хэрэгтэй юм болов уу гэж боддог.
-Ямар баримлууд байдаг вэ, жишээ нь таны урласан хамгийн том баримал?
-Миний
хийсэн хамгийн том баримал 120 см өндөртэй Монгол хатны баримал
байдаг. Миний хамгийн том бүтээл гэх үү дээ /инээв/. Арван жилд байхад
эмэгтэйчүүдийн баяраар ангийнхаа охидуудад бэлэг өгдөг дөө. Тэгэхэд
охидууддаа баримал хийж өгөөд өөрийгөө аргалчихдаг л байсан. Одоо ч
гэсэн би гэртээ баримлын шавраар юм хийгээд буцааж эвдээд л суудаг.
Үүнтэй холбоотой миний нэг нууц мөрөөдөл байдаг юм.
-Ямар мөрөөдөл?
-Гадаадын лааны тосон баримлын алдартай музей байдаг ш дээ. Яг л тийм музей Монголд байдаг болоосой гэж би мөрөөддөг байсан.
-Түрүүн багадаа хөлбөмбөг тоглодог байсан гэлээ. Ямар багийг дэмждэг вэ?
-Ерөөсөө
л МанЮ. Би багадаа аль хожигдоод байгаа багийг нь дэмждэг байсан.
Гэхдээ одоо бол МанЮ. Энэ багт миний хүндэлдэг бүх хөлбөмбөгчид байдаг.
Ер нь бол би Дэвид Бекхэмын улаан фен гэх үү дээ.
-Өөрөө нэлээд хэдэн кинонд тоглочихлоо. Ер нь яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?
-Их
сонин. Би анх жүжигчин болно гэж бодож байгаагүй юм. Үнэнийг хэлэхэд,
би арван жилдээ нэг их онц сурдаг хүүхэд байгаагүй л дээ.
Математикийн хичээлийг үзэн яддаг байлаа. Тэгээд хэлний чиглэлээр их
сургуульд суръя гэж боддог байсан чинь манай эгч Хүмүүнлэгийн ухааны их
сургуульд сурдаг болохоор нэг гэрт хоёр хэлний хүн байх нь хэрэггүй
гэж бодоод, аавыгаа дагаад гаальд, эсвэл хилийн цэрэгт, цагдаа болох
бодол төрлөө. Тэгсэн нэг өдөр сургууль дээрээ байж байтал “Надаар
тоглосон хайр” жүжгийн билет ирлээ. Тухайн үед 1500 төгрөгийн үнэтэй
байсан юм. Манай ангийнхнаас авах хүн ганц ч байгаагүй, яагаад ч юм би
авмаар санагдаад хоёр билет авах гэснээ хэнтэйгээ ч үзэх юм гэж бодоод
нэгийг авлаа. Ингээд гурав хоногийн дараа жүжиг үзэх ёстой байлаа.
Тэгсэн тэр гурван хоногт миний толгойд нөгөө жүжиг л бодогдоод байсан.
Яараад л. Жүжгээ үзлээ. Яагаад ч юм, тэгэхэд надад нэг их гоё мэдрэмж
төрсөн. Жүжиг үзэж дуусаад гэр лүүгээ харих замдаа жүжгийн зарим
хэсгийн үгийг цээжилчихсэн, тэрийгээ уншсаар байгаад очиж байсан.
Тэгээд маргаашнаас нь эхлээд л СУИС-д элсэлт өгөх талаар судалж
эхэлсэн дээ. Тэгж л би урлагт, кино урлагт татагдсан. Ердөө нэгхэн
өдрийн дотор би энэ шийдвэрийг гаргасан. “Надаар тоглосон хайр”
жүжгийг үзээгүй бол би өнөөдөр юу хийгээд явж байх байсан юм бол, бүү
мэд.
-СУИС-д ороод сургуулийнхаа тайзан дээр анх ямар дүр бүтээж байсан бэ?
-Сармагчин /инээв/. Ер нь анхандаа дандаа л амьтны дүр бүтээдэг байсан. Бүргэд, элээ шувуу гээд л.
-”Ийм нэгэн дурлал” кинонд тоглохдоо оюутан байсан уу?
-Би
нэг өдөр сургуулийнхаа гадаа үнэн хачин царайлчихсан сууж байлаа.
Үнэхээр муухай царайтай юм сууж байсан. Тэгсэн урд нь харж байгаагүй
нэг ах хүрч ирээд “Миний дүү маргааш “Тэнгис” кино театр дээр хүрээд
ирээрэй, ах нь кино пробны зураг авч байгаа” гэсэн юм. Тэгээд
ангийнхантайгаа ярьж байгаад очсон. “ZMN” студийнхэн “Ийм нэгэн
дурлал” гэдэг кино хийх гэж байгаа юм байна гэдгийг очоод мэдсэн.
Тэгээд шалгууллаа. Харин маргааш нь тэд нар маань утасдаад, кинонд
тоглуулахаар болсноо хэлсэн. Миний анхны кино гэдэг утгаараа ч тэр,
уран бүтээлчид маш сайн хамтарч ажилласан болохоор ч тэр надад маш
сайхан санагддаг.
-”Сая километр” кино өөрийг чинь илүү хүмүүст хүргэсэн гэж боддог. Та санал нийлэх үү?
-Магадгүй ээ. Ер нь тийм байх.
-Тэр
кинонд та “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаатай хамтарч, гол
дүр бүтээсэн. Анхмаа та хоёр үнэхээр үерхдэг байсан юм уу?
-Нуулгүй
хэлэхэд үерхдэг байсан. Анхмаа намайг СУИС-д ороход манай дээд курст
байсан юм. Тэгээд хувийн шалтгаанаас болж нэг жилийн чөлөө авсан учир
хоёрдугаар курстээ бид хоёр нэг ангийн хүүхдүүд болсон л доо.
Жүжигчин
хүн бүр дотроо нэг тоглохыг мөрөөддөг дүртэй байдаг байх. Би тухайн үед
Ромео, Жулеттагийн Ромеогийн дүрд тоглохыг хүсдэг байлаа. Тэгээд л
ангийнхаа охидоос надад таарах Жулетта байна уу гэж хайлаа. Манай анги
найман охинтой байсан. Тэр дунд надад таарах Жулетта байдаггүй ээ.
Харин Анхмааг орж ирэхэд нь надад таарах Жулетта юм болов уу гэж бодсон
юм байна. Тэгээд багшдаа Анхмааг Жулеттад тоглуулах санаагаа хэлж,
Анхмаад дуулгасан. Анхмаа тэр саналыг маань их сайхан хүлээж авсан. Бид
хоёр жүжгээ бараг хоёр сарын хугацаанд бэлтгэсэн санагдаж байна. Анх
сайн найзууд байсан бол сүүлдээ дасаад нэг л мэдэхэд би Анхмаад сайн
болчихсон байсан.
-Та хоёр одоо үерхэж байгаа юу?
-Бид хоёр сургуулиа төгстлөө үерхсэн. Харин одоо бол бид дотны харилцаатай биш байгаа.
-Тэгвэл одоо өөрт чинь таалагдаж байгаа эмэгтэй байгаа юу?
-Байгаа, олон байгаа. /инээв/
-Анхны дурлал, шохоорхлын тухай яриа өрнүүлбэл та хариулах уу?
-Гэгээн
сэдэв болохоор нэг их татгалзаад байх зүйл алга доо. Анх долдугаар
ангид байхдаа багшийнхаа охинд их сайн болж байлаа. Тэр гэхдээ үнэхээр
хөөрхөн охин байсан.
-Та эмэгтэйчүүдийг ямар зан, төрхтэй байгаасай гэж боддог вэ?
-Эмэгтэй
хүн эрчүүдийг, заавал ч эрчүүдийг биш л дээ хүнийг их сайн ойлгодог
байх ёстой гэж санагддаг. Эрэгтэй хүн гомдоосон байхад уучилдаг байх
хэрэгтэй гэж боддог.
-Тэгвэл өөрийг чинь ойлгодог, хэзээ ч мартагдахааргүй эмэгтэйтэй учирсан уу?
-Манай Анхмаа байна. Анхмаа хүнийг маш сайн ойлгодог. Үнэхээр миний хувьд хэзээ ч мартагдахааргүй эмэгтэй гэж хэлж болно.
-Тэгэхээр одоо ч гэсэн Анхмааг санадаг юм байна, та?
-Тэгэлгүй
яахав. Бид хоёр дөрвөн жил орчим хугацаанд үерхэж, ойр дотно байсан
болохоор тийм амархан мартаж чадахгүй юм шиг байна лээ. Ажил төрөл
ихтэй болохоор л анзаарахгүй өнгөрөөж байгаа байх. Заримдаа гэртээ
ганцаараа байхад санадаг шүү. Хамт байсан үеэ бодоод.
-Та
одоо “Луйврын хот” уран сайхны кинонд тоглож байгаа. Энэ кино залуусын
хувьд хүлээлт үүсгэж байгаа бүтээлийн нэг. Киноныхоо талаар
сонирхуулаач?
-Тийм ээ. Энэ
кино нь орчин үеийн залуус бидэнд өдөр бүр тохиолдоод байдаг бэршээлтэй
болон худал хуурмаг амьдралыг харуулсан маш сайн уран бүтээл болно
гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Залуу хүнийхээ хувьд бусад
залуучуудынхаа дуу хоолой болж чадах ийм бүтээлд дүр бүтээж байгаадаа
би маш их олзуурхаж байгаа. Залуучууд янз бүрийн хэлбэр, байдлаар
нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ бүтээл
маань түүний л нэг хэлбэр. Залуус өнөөдөр яаж амьдарч байна. Уг нь яаж
амьдрахыг хүсч байна. Үнэнч шударгын нөгөө талд байдаг луйвар, авилга,
хээл хахууль залуусын амьдралд ямар сөрөг утга үлдээж байна гэхчлэн
олон асуудлыг энэ кинонд багтааж байгаа. Залуусын эрх ашгийг, залуусын
хүсэл мөрөөдлийг боогдуулсан олон зүйлийн ард дандаа хэн нэг хүний маш
том сонирхол, маш том бизнес, ашиг сонирхлын зөрчилдөөн байна. Тийм
болохоор залуус идэвхигүй, сул дорой амьдарч, эсвэл луйврын аргад
хүссэн хүсээгүй суралцаж байна гээд маш олон сэтгэл өвтгөдөг асуудал
бидний амьдралд байна. Мэдээж дандаа сөрөг зүйл гэж юм байхав, сайн
сайхан, үлгэр жишээ авах залуусын дүр ч энэ кинонд байгаа. Залуусын
өмнөх замыг маш олон асуудал хана хэрэм шиг халхалж байна. Энэ талаар
би ч гэсэн уран бүтээлээрээ дамжуулж үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн.
-Анх энэ кинонд тоглох саналыг хэзээ хүлээж авсан бэ?
-Бүр
нэг жилийн өмнө кино хийх гэж байгаа талаар анх сонсч байсан. Киноны
найруулагчаар ажиллаж байгаа Г.Анхбаяр нэг жилийн өмнө “Найз нь нэг
кино хийх санаатай байгаа. Чи заавал тоглоно шүү, чамайг тоглуулмаар
байна” гэж хэлж байсан юм. Тэгээд л би бараг хэзээ киногоо хийх юм бол
гэж хүлээдэг байсан шүү. Киноны ерөнхий санаа, зохиолын утга надад маш
их таалагдсан. Би ч гэсэн луйврын хотод амьдрахыг хүсэхгүй байна.
Тэгээд л энэ кинонд тоглосон.
-Та ямар дүр бүтээж байгаа вэ?
-Ер
нь бол би нэг тийм залилагч нөхөр гэх үү дээ. Гэхдээ одоохондоо миний
дүр болон киноны үйл явдал хэрхэн өрнөх нь нууц байвал сонирхолтой
байх.
-Залуусын өмнөх замыг
маш олон асуудал хана хэрэм шиг халхалж байна гэж та хэллээ. Тэр хана
хэрмийг нураах хамгийн оновчтой гарц таныхаар юу бол?
-Миний
бодлоор залуучууд өөрсдийн хөдөлмөрөө, авьяас мэдрэмжээ, ухамсраа зах
зээлээр үнэлүүлж амьдардаг болсон цагт тэр хана, хэрэм жаахан ч гэсэн
нурах байх.
М.Дөлгөөн /2009 оны 5 сарын 4/