Бээжин хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн
орнуудын 12 дугаар хуралдаанд оролцсон. Энэ талаар “News” агентлаг,
“Ардын эрх” сонины тусгай сурвалжлагч Д.Нарантуяагийн Бээжингээс
ирүүлсэн сурвалжлагыг хүргэж байна.
ШХАБ-ын хөгжлийн онцгой үе ирж байна
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дугаар
хуралдаан Бээжин Ардын Их Хурлын ордонд зургадугаар сарын 6-нд болж
өндөрлөлөө. Хуралдааныг даргалсан БНХАУ-ын дарга Ху Жинтао “ШХАБ
хөгжлийн хоёр дахь аравны замд орж байгаа үед энэ хуралдаан болж
байгаагаараа онцлог” хэмээн тэмдэглэлээ. “Хэдийгээр олон улсын тавцанд
олон өөрчлөлт гарч байгаа ч ШХАБ нь хөгжлийн тогтвортой, эрүүл хандлагыг
хадгалж чадсан төдийгүй байгууллагынхаа бүтцийн эх суурийг тавьж
чадлаа. Эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, терроризмийн эсрэг
хийсэн тэмцэлд дорвитой амжилт оллоо. Эдгээр нь энэхүү байгууллагад
шавхагдашгүй нөөц боломж, хөгжлийн хязгааргүй ирээдүй байна” хэмээн Ху
Жинтао хэллээ.
Цааш нь ноён Ху Жинтао олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал
хүндрэлтэй, хувьсамтгай байгаа нь ШХАБ-ын өмнө шийдэх олон асуудлыг бий
болгож байгааг онцоллоо. “Дараагийн 10 жилд бид дараах асуудалд
анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Нэгдүгээрт, энх тайван,
тогтвортой байдлыг хангаж, бүс нутагт хөгжлийг хангахад бүхий л боломжоо
дайчлах. Хоёрдугаарт, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд “гурван
хорт хүчтэй тэмцэх” шаардлагатай. Гурван хорт хүч гэдэг нь алан хядах
ажиллагаа, мансууруулах бодис наймаалах, үндэстэн дамнасан гэмт
бүлэглэлтэй тэмцэх юм. Гуравдугаарт, бүс нутгийн орнуудын харилцан
хамтын ажиллагаа, хөгжлийг хангахын тулд юун түрүүнд санхүү, эрчим хүч,
хүнсний үйлдвэрлэл болон авто тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ
шатанд гаргах шаардлагатай. Дөрөвдүгээрт, ил тод байдал, хамтын
ажиллагааг хөгжүүлэхийн тулд олон улсын тавцанд ШХАБ-ын нөлөөг
өргөжүүлэх шаардлагатай байгааг Ху Жинтао онцлон тэмдэглэлээ.
ШХАБ-ын дараагийн 10 жил нь хөгжлийн онцгой үе байх болно хэмээн ноён Ху хэллээ.
ШХАБ-ын гишүүн оррнуудын Төрийн тэргүүн нарын 12 дугаар хуралдаанаар дараах баримт бичигт гарын үсэг зурлаа.
Үүнд, Мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг
байгуулах тухай тунхаглал, ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн
үндсэн чиглэлийн тунхаглал, “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал,
тогтвортой байдалд занал учруулах үйл явдлын үед авах улс төр,
дипломатын арга хэмжээ болон механизмын тухай журам, 2013-2015 онд
терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэлтэй тэмцэх ШХАБ-ын
гишүүн орнуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2011 онд ШХАБ-ын хийсэн
үйл ажиллагааны талаарх ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тайлан,
ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтэй тэмцэх зөвлөлийн 2011 оны үйл
ажиллагааны тайлан, Афганистан улсад ШХАБ-ын ажиглагчийн статус олгох
баримт бичиг, Турк улсад яриа хэлэлцээний түншийн статус олгох баримт
бичиг зэрэгт Төрийн тэргүүнүүд гарын үсэг зурлаа.
ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийг бэхжүүлэхийн тулд 10 тэрбум
долларын зээлийг гишүүн орнуудад хөнгөлттэй нөхцөлөөр олгохоор
шийдвэрлэлээ. Түүнчлэн ойрын гурван жилд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч
орнуудаас 1500 хүнийг төрөл бүрийн салбарт мэргэжил дээшлүүлэх, ойрын 10
жилд 30 мянган оюутныг БНХАУ-д сургах, Күнзийн институтэд 10 мянган
багш урихаар болсоноо зарлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 12 дугаар уулзалтад үг хэллээ.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс нь Зүүн хойд Ази, Төв Азийн бүс
нутгийн аль алинд хамрагдах боломжтой газарзүйн онцлог байрлалтай бөгөөд
эдгээр бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад
идэвхтэй оролцохыг гадаад бодлогынхоо чухал чиглэл гэж үзэж ирсэн.
Тиймээс Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн
орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэгтэй
механизм болон төлөвшиж буй ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцоход Монгол Улс
өндөр ач холбогдол өгч ирсэн гэдгийг онцоллоо.
Цааш нь тэрбээр “ШХАБ-ын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар
хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж буйд ажиглагч орны хувьд
бид баяртай байдаг. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллахыг
сонирхогч улс орон, байгууллагуудын тоо нэмэгдэж буй нь тус байгууллагын
нэр хүнд, нөлөө дээшилж буйгийн илрэл юм. Энэ дашрамд ШХАБ-д
ажиглагчийн статустай болж байгаа Афганистан улс, яриа хэлцээний түншийн
статустай болж буй Турк улсад Монголын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр
хүргэе.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд,
байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг
бууруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Гишүүн
орнууд Онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх ШХАБ-ын
төв байгуулахаар ажиллаж байгаа нь туйлын зүйтэй санаачилга гэж бид үзэж
байгаа бөгөөд тус төв байгуулагдсаны дараа үйл ажиллагаанд нь зохистой
хэлбэрээр оролцохыг хүсч байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах
бодистой тэмцэх, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа
эрчимжүүлэхийг зорьж байна. “ШХАБ-ын Эрчим хүчний клуб”, “ШХАБ-ын
хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм” байгуулах чиглэлээр
гишүүн орнууд ажиллаж буйд бид ач холбогдол өгч байна.
Монгол Улс эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд ШХАБ-ын гишүүн, ажиглагч
орнууд, түүний дотор хөрш орон ОХУ, БНХАУ-тай бүх чиглэлд ойр дотно
хамтран ажиллах нь чухал хүчин зүйл болж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ
манай эдийн засгийн хүч чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч,
дэд бүтэц зэрэг салбарт ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын
ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна”
гэлээ.
ШХАБ-ын тухай товчхон
Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт 1996 онд ОХУ, БНХАУ,
Казахстан, Киргиз, Тажикстан гэсэн таван орон Шанхай хотноо гарын үсэг
зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлжээ. Эхэн үедээ “Шанхайн
тав”-ын үйл ажиллагаа цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй
байдлыг хангах асуудалд төвлөрч байсан. Эдгээр орон хамтын ажиллагаагаа
илүү институцичлэх шийдвэр гаргасанд Узбекистан нэгдэж, 2001 оны
зургадугаар сард зургаан орны төрийн тэргүүн нарын Шанхай хотноо хийсэн
уулзалтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага буюу ШХАБ-ыг
байгуулсанаа алба ёсоор зарласан. Эдгээр зургаан улс 2002 онд ШХАБ-ын
Хартид гарын үсэг зурсан.
Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх,
бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан
тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүх хэлбэр, хар тамхины хууль
бус наймаатай хамтран тэмцэх нь ШХАБ-ын үндсэн зорилго юм.
Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статустай
Монгол Улс 2004 онд, Иран, Пакистан, Энэтхэг Улс 2005 онд ШХАБ-ын
ажиглагчийн статустай болсон. Беларус, Шри Ланк 2009 онд тус
байгууллагын яриа хэлцээний түншийн статустай болсон. ШХАБ нь НҮБ-ын
Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай бөгөөд АСЕАН, ТУХН, НҮБ-тай
хамтын ажиллагааны меморандум байгуулсан.
Монгол Улс Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын
үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ыг тус
бүс нутгийн олон талт хатмын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж
үзэн 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа,
тухайлбал, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх
чиглэлд түлхүү оролцох бодлого баримталдаг. Ажиглагчийн статустай
болсоноосоо хойш Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн
нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон
бусад арга хэмжээнд зохистой түвшинд орлцохыг эрмэлзэж ирсэн. Тухайлбал,
2005, 2006, 2007, 2010 оны төрийн тэргүүн нарын уулзалтад
Ерөнхийлөгчийн түвшинд, 2005, 2008 оны Засгийн газрын тэргүүн нарын
уулзалтад Ерөнхий сайдын түвшинд оролцсон. Сайд нарын түвшний уулзалтын
тухайд 2005 онд Гадаад хэргийн сайд нарын уулзалт, 2009, 2010, 2011 онд
Соёлын сайд нарын уулзалтад сайд болон дэд сайдын түвшинд оролцсон. 2010
онд Ерөнхий прокуроруудын уулзалт, 2009 онд Афганистаны асуудлаарх бага
хуралд болон ШХАБ-ын форумын уулзалтууд, эрдэм шинжилгээний зарим
хуралд оролцож байв. Эдийн засгийн сайд нарын уулзалт зэрэг зарим арга
хэмжээнд зохион байгуулагч оронд суугаа ЭСЯ-дын төлөөлөл оролцож ирсэн.
2007 онд Монгол Улс ажиглагч орнуудын дотроос хамгийн түрүүнд ШХАБ-ын
ерөнхий нарийн бичгийн даргыг өөрийн орондоо урьж айлчлуулсан. ШХАБ-ын
Ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдааныг 2010 онд Улаанбаатар хотод
зохион байгуулсан нь уг зөвлөлийн хуралдаан ажиглагч оронд болсон анхны
тохиолдол болсон.