Доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага боллоо

Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, техникийн ухааны доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ын  номын сангийн танхимд боллоо. Уг уншлагыг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан  цувралаар зохион байгуулж байгаа юм.

Академич П.Очирбат  эрдэм шинжилгээний уншлагын “салхийг хагалж” байсан бол Д.Дондов докторынх гурав дахь нь ажээ. Уншлагын арга хэмжээг академич П.Очирбат нээж, Уул уурхайн инженерийн сургуулийн захирал Л.Пүрэв, доктор Г. Ёндон, Р.Сундуй, Х.Владимир нарын  уул уурхайн мэргэжлийн судлаач, эрдэмтэд  Д.Дондовын ажил бүтээл, эрдмийн ажлуудынх нь талаар илтгэлүүд тавьсан. Мөн уншлагын үеэр доктор Д.Дондовын  олон арван бүтээл,   ном товхимлыг дэлгэн үзүүлсэн байв.

Академич П.Очирбат “Дондов бид хоёр 1960 онд Ленинградын горныйд хамт очиж суралцсанаас хойш 50 гаруй жил үерхэж, нөхөрлөж, хамт ажиллаж амьдарч яваа анд нөхдүүд. Шарын голын уурхайд хамт ажиллаж байлаа. Мөн түлш эрчим хүчний системд хамт ажилласан. Одоо ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд бас хамт ажиллаж байна” хэмээн дурсав.

Тэрээр цааш нь “Оюутан байхдаа “Хайгуулчин” гэдэг бичмэл сэтгүүл гаргадаг байлаа. 1963 онд гарсан анхны дугаарт би “Манай Дондов” нэртэй найруулал бичсэн юм. Тэнд ийм өгүүлбэр байна. Дорж өвгөн хул дүүрэн айраг сөгнөж хүүдээ бариад: За миний хүү номоо сайн үзэж, багшийнхаа үгэнд сайн орж, томоотой байгаарай гэж хэлээд хэтээ цахиж тамхиа асаана” гэж. Үнэхээр ч Дондов аавынхаа захиасыг сайн биелүүлж номоо сайн үзэж онц сурч, сургуулиа онц төгсөж “Горный инженер маркшейдер”-ийн мэргэжлийг чадамгай эзэмшсэн гэж ярьлаа.

Монгол улсын зөвлөх инженер Г.Ёндон мөн багшийнхаа талаар дурсамж сөхөж “Дондовын амьдрал тэр чигээрээ Монголын маркшейдерийн салбарын түүхэн намтар юм. Монголын анхны дээд боловсролтой маркшейдер, томоохон уурхайн захирлаар дэвшин ажилласан анхны маркшейдер, сайдын албанд очсон анхны маркшейдер, Монголд доктор хамгаалсан анхны маркшейдер, маркшейдерийн анхны багш гээд түүний амьдралд анхны гэсэн тодотгол олон” гэв.

Доктор Д.Дондовын  Монголын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийн талаар уул уурхайн салбарынхан  ийнхүү   сэтгэгдлээ илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсч,  бэлэг дурсгалын зүйлс гардуулав. 

Эрдэм шинжилгээний уншлагын үеэр Дондовын шавь нараас магистр Ч.Отгонсод “Маркшейдерийн салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ”,  доктор Х.Владимир “Ашигт малтмалын тухай хуулийг боловсронгуй болгох”,  магистр Б.Мөнхзаяа “Уул уурхайн график зураг, бичиг баримтын стандартууд” сэдэвт илтгэл тавьлаа.  

Д.Дондов нь 1965 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийг уул уурхайн инженер маркшейдер мэргэжлээр төгсөж ирээд уул уурхайн үйлдвэрүүдэд, тухайлбал Бүрэнцогт,  Шарын гол, Багануур зэрэг уурхайд ерөнхий инженер, уурхайн дарга зэрэг ажлыг хийжээ.  Мөн 1975-1979 онд ЗХУ-д ЭСЯ-д хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1990-1991онд Түлш эрчим хүчний дэд сайд зэрэг төрийн өндөр алба хашиж байжээ.

Тэрээр өдгөө   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын хараат бус гишүүн,  “Эрдэс баялгийн зөвлөл”-ийн гишүүнээр ажилладаг юм.

Г.Идэр

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж