У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг энэ оны намар УДЭТ-ын тайзнаа амилах нь ээ. Харин энэ удаа “Гамлет” жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй тендер зарлан тоглох гэж байгаагаараа онцлогтой юм. У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг дэлхийн нийт уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болжээ. Учир нь дэлхийн сонгодог бүтээл тэр тусмаа “Гамлет” жүжгийг бүтээнэ гэдэг бол театрын төдийгүй уран бүтээлч хүний нэр хүндийн асар том илэрхийлэл мөн хариуцлага болдог билээ. Одоогоор тус нээлттэй тендерт УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, найруулагч Б.Баатар, найруулагч, жүжигчин Н.Наранбаатар нарын долоон эрхэм бүтээлээ сойгоод байгаа гэнэ.
Энэхүү “Гамлет” жүжгийн тендер, уралдаант шалгаруулалтанд төсөл бичиж, багаар оролцох ба багууд УДЭТ-т мэдэгдэл, материалаа өгч шалгаруулалтанд оролцох нь ээ. Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлж, энэ оны намар У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох юм байна. .
Хэрвээ та энэхүү тендерт оролцохыг хүсвэл энэ сарын 11-ний дотор УДЭТ-т битүүмжилсэн материалаа илгээх хэрэгтэй бөгөөд “Гамлет” жүжгийн шалгаруулалт энэ сарын 25-ны дотор болно хэмээн театрын зүгээс мэдээллээ.
Энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг УДЭТ-ын тайзнаа хоёр дахь удаагаа тоглох гэж байгаа бөгөөд анх удаа 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, Гамлетийн дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байсан юм.
Г.Даша