Д.Сосорбарам, Б.Цацрал нарын “Төгс” бүтээл

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам, Б.Цацрал нарын “Төгс” бүтээл

Тэд үдэш Д.Сосорбарам гавьяат "Өнөөдөр би онгирно. Хүүхдүүдтэйгээ хамт ийм бүтээл хийчлээ" гэж омойтсон билээ.

Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам кино найруулагчийн ажилд ханцуй шамлаж орсон бол энэ удаа драмын жүжгийн найруулагчийн ажлын амтыг үзэж чадлаа дахин нэг сорилоо. Түүний ийн дураар аяглах нь эрх чөлөө гэдэг хүний авьяасыг нээж чаддаг гайхалтай зүйл болохыг илэрхийлж байлаа. Эрх чөлөөний ид хаваа ийн гайхуулах Со гавьяат

Өөрөөсөө урвадаггүй хүн төгс байдаг
Өөрөөсөө урвахгүй хүн төгс болдог хэмээн хэллээ.

"Төгс" хэмээх шинэ жүжгийн утга санаа ч түүний хэлсэн энэ үгтэй дүйж, хашир, муу санаатай, худлаа дүр эсгэгч, урвагч, ямар ч мөрөөдөлгүй, биетэй атлаа биегүй хүмүүсийн тухай яриад байгаа ч юм шиг… Хүүе ээ энэ хүн чинь би мөн үү, энэ нөхөр манай тэрэнтэй адилхан ч юм уу, тэр яг тэр мөн шүү, хүмүүс ер нь ийм новшийн доо,  зэвүүн амьтад… Дотор бодол нь ийм байж яаж тийм сайхан үг урсгана вэ, ийм муухай хиймэл… жүжигт түмэн янзын араншинтай хүмүүс гарах тул та ч магадгүй тэдний л нэг дээ. "Төгс"-ийг үзээд өөрийгөө олоорой, хэн бэ гэдгээ таниарай, нүүрэндээ угласан хиймэл ганган багаа тайлж хаявал яасан юм бэ.

Мэргэжлийн уран бүтээл үзэгчдээсээ түрүүлж, сэтгэлгээний хувьд урагш нь чангааж явах учиртай юм гэж хэлж ярьдаг хүмүүс бий. Гэтэл манай олонх уран бүтээлчид үзэгчдийнхээ сэтгэлгээнд хөтлөгдсөн, "жижиг оврын" бүтээл хийгээд байгаа юм гэж томордог хүмүүсийг бишгүй мэднэ. Гэсэн ч энэ цөөнх  сайхан ярьдаг шигээ хийсэн эсэхийг мэдэхгүй.

Со ба түүний хүүхдүүдийн онгироод байсны учир үүнд ч байж мэдэх юм.

Дэлгэц ба театрын урлагийн тайзнаа олон дүр бүтээсэн Со өөрөө ийм сэтгэлгээний драмд тоглосон болов уу. Тоглоогүй, тоглох сон гэж дотор хүн нь чангааж өнөөг хүрсэн. Тэр хүслээрээ Айн Рэндийн бүтээлийг барьж авсан байх магадлалтай.

Сосорбарам гавьяат сэтгүүлч, орчуулагч Б.Цацралд захилга өгч "Төгс" жүжгийг орчуулуулжээ. Цацаа ч бас Со шиг өөрөөсөө урваагүй, урвах ч үгүй хүн. Үүнийг угийн мэддэг Со түүнийг зорьж очсон байх.

Б.Цацрал өнгөрсөн жил Мicheal Walters-ын "Сүүдрээр алхагч" номыг Монголын уншигчдад авчирсан. Түүний "жооронд" ийм олон бүтээлүүд бий. Харин зөв түлхүүрдэхгүй бол тогшсон болгонд хаалгаа нээгээд байх хүн Цацаа биш билээ.

Со, Цацаа нарын Монгол авчирсан "Төгс"-ийг дэлгэцийн өмнө үзэгчдийг нэлээд уясан "Орших уу, эс орших уу"  театрчилсан реалити шоуны шилдэг оролцогчид "Од" театрт нь тоглож байна. Нэвтрүүлгийг нь таашааж зөндөө үзэж, хөөрч байсан атлаа "За, энэ хүүхдүүд ч дээ" гэсэн бодол дотор жаахан байсан шиг байгаа юм. Үзэж суухдаа тэднээр бахархаж байлаа, гайхалтай.    UBS телевизээр гарсан энэ нэвтрүүлэг, түүний шүүгчид Драмын урлагийн жүжигчдэд том өрсөлдөгчид бэлтгэжээ. Монголын драмын урлагт цус сэлбэх шинэ боловсон хүчнүүд найруулагч багш, орчуулагч эгч шигээ эрх чөлөөний амт, гайхамшгийг үеийнхнээсээ түрүүлэн мэдэрч буй гэдэгт итгэж байна. Дөнгөж анхны бүтээл нь. Бөөн алга ташилт, үзэгчдийн хашхираан, цэцэг сэлт… Төгс төгөлдөр байх ийм залуучуудтай ажиллах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэсэн үгс хөврөөд л…ёстой чиг омойтож байна аа,  тэд…  Хашрууд, хууччууд, одод өөр юм бодохгүй бол ч… бацаануудыг ингэж даврааж ч болохгүй дээ… За гайгүй ээ, хандыг нь хага дарах төлөвлөгөө хаа нэгтээ боловсорч байгаа вий.

Ц.ЭНХМАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.INET.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж