Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал хойшиллоо

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлсэн.

Шүүгдэгчдийн нэг н.Төмөрбаатар дахин хагалгаанд орсон учраас шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гарчээ.

н.Төмөрбаатар нь өнгөрсөн тавдугаар сарын 16-нд хэвлий тус газраа хутгалуулж, яаралтай мэс засалд орсон юм. Эхний хагалгаа амжилттай болсон ч дахин хагалгаа хийх шаардлагатай гэж үзэн өмнөх долоо хоногт хагалгаанд оржээ.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан.

Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж