сайхан үйл хэргээр ядуурсан юм."
Р.Брэдбери. “Фаренгейтийн 451 хэм”
Лос Анжелест, 6 сарын 6-нд 92 насандаа америкийн агуу зөгнөлт зохиолч Рэй Брэдбери нас барлаа. Энэ талаар зохиолчийн охин болон хувийн намтарч нь мэдээлснийг AP дамжуулж байна.
Рэй Брэдбери 1920 оны 8 сарын 22-нд Иллинойс мужийн Уокиган хотод мэндэлсэн юм. Лос Анжелест түүний гэр бүл 1934 онд нүүж ирсэн бөгөөд эндээ Рэй Брэдбери дунд сургууль төгссөн ч дээд боловсрол огт эзэмшээгүй билээ. Зохиолч болох тухайгаа тэрээр бага наснаасаа мөрөөдөж байсан байна. Тэрээр анх жижигхэн өгүүлэг бичиж эхлээд 1938 оноос анхныхаа бүтээлүүдийг хэвлүүлж эхэлжээ.
Зохиолчийн анхны амжилт нь 1950 онд гаргасан “Ангаргын товчоон” байлаа. Улмаар дэлхийн хэмжээнд нэр алдрыг нь түгээсэн бүтээл бол 1953 оны “Фаренгейтийн 451 хэм” антиутопи роман бөгөөд үүгээр ХХ зууны америкийн томоохон зохиолч болох замнал нь эхэлсэн билээ. Түүний гол бүтээлийн нэг нь “Үхэл хэмээгч ганцаардмал үйл” (1985), “Солиотны оршуулгын газар” (1990), “Бүгд Констанцийг хөнөөе” (2002) хэмээх шинжлэх ухааны зөгнөлт гурамсан туурвил юм. Мөн бараг намтарчилсан гэж хэлж болох “Багваахайн дарс” тууж нь Брэдберийн уран бүтээлийн бас нэгэн оргил билээ.
Зохиолчийн олон бүтээл дэлгэцэнд амилснаас 1966 онд “Фаренгейтийн 451 хэм”-ийг нь найруулагч Франсуа Трюффо тавьж байсан юм. Мөн киночид Брэдберигийн уран бүтээлийн өвийн ихэнхи хувийг эзэлдэг өгүүллэгүүдэд цөөнгүй хандаж байсан бөгөөд америкийн телевизүүд ч олон ангит кино чамгүй их гаргасан билээ.
Рэй Брэдбери утга зохиолын олон шагнал хүртсэнээс “Небьюл” болон шинжлэх ухааны уран зөгнөлийн салбар дахь амжилтын төлөө олгодог Хьюгогийн шагналыг дурдаж болно. Мөн тэрээр 2000 онд Үндэсний номын шагналыг “утга зохиолын бүхий л төрөлд оруулсан асар их хувь нэмрийнхээ төлөө” хүртсэн юм.
Сод зөгнөлт зохиолчдийн нэгэн адил түүний зөгнөн хэлж байсан олон зүйлс өнөөдөр биелж энгийн хэрэглээ болсноос утасгүй чихэвч, мэдээлэл дамжуулагч (1953), зөөврийн хөгжим тоглуулагч (1953), халаасны компьютер (1953), агаарын дэр бүхий галт тэрэг (1953), мөн плазм телевизор, нийгмийн сүлжээний цэцэглэлт зэргийг дурдаж болно. Хамгийн гол нь хүн төрөлхтөн улам бүр зэрлэгшиж, сэтгэл санаа нь ядуурч, хоосорч байгааг тэртээ 50-иад оноос сануулж байсан нь өнөөдөр харамсалтайгаар биеллээ олж байгаа билээ.
Агуу сод ухаантнууд гамшгийг сануулахаас зайлуулж чадахгүй. Харин бид энэ сануулгыг нь сонсч, ойлгож дүгнэлт хийх өчүүхэн ч гэсэн чадвартай байх учиртай сан.
Амьдрал мөнх биш. Харин үхлийг ялах хамгийн агуу арга бол уран бүтээл. Үүнийг баталж чадсан Рэй Брэдбери та амгалан нойрсогтун…