-Алба тайван уу?
-Ойрд архидалт арай бага байна. Тийм болохоор “Нуур амар бол нугас амар” гэдэг шиг л байна даа.
-Эрүүлжүүлэхэд голдуу ямар насныхан ирж байна вэ?
-Архидан согтуурах явдал элбэг болжээ. Залуу, хөгшин гээд онцлоод байх ч аргагүй. Судалгаагаар 21-45 насныхан түлхүү ирж байгаа нь анзаарагддаг. Эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн 70 хувийг залуус эзэлж байна гээд бодоход хэцүү байгаа биз.
-Хоногт хэчнээн хүн эрүүлжүүлэгддэг вэ?
-Манайх бусад дүүргээс арай онцлогтой. “Хархорин”, “Нарантуул” гээд төвлөрсөн захгүй болохоор, эрүүлжүүлэгдэх хүний тоо бусдыг бодвол харьцангуй цөөн. Хоногт 10-22 хүн ирдэг. Гэтэл Баянзүрх дүүргийнх 40-50 хүнтэй хонодог юм билээ. Хүмүүс эрүүлжүүлэх байрны ажлыг буруугаар ойлгох тал бий. Бид гудамжинд зүгээр явсан хүнийг хөтлөөд ирээгүй. Ажлын байрандаа архидан танхайрсан, гэр орондоо согтуурч ар гэрийнхнээ айлган сүрдүүлсэн, гудамжинд хэвийн бус явсан, бусдыг өдөж хоргоосон гэх мэтээр асуудал үүсгэсэн нөхцөлд л авчирдаг. Гэмт хэрэгт холбогдолгүй, архи нь гарч биеэ авч явах чадвартай байвал бид заавал эрүүлжүүлэхэд хонуулна гэдэггүй. Ар гэрийнхэнд нь өгч аль болохоор явуулахыг хичээдэг. Тэгэхээр зарим нь элдэв долоон үгээр харааж загнахаас эхлээд авир гаргах нь наад захын хэрэг.
-Архидалттай бид олон жил тэмцэж байна даа. Гэтэл үр дүнд нь архичид улам залуужаад байгаа юм биш үү?
-Архидан согтуурах асуудал үнэхээр газар авсан. Төрсөн өдрийн баяр, баяр наадам, шагнал гээд. Шалтаг мундахгүй. Энэ нэрээр архидалт ихэсч байна. Тэр ч бүү хэл шинэ ажилд орсон гэж архидахаасаа гадна ажлаасаа халагдлаа гэж уудаг болжээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт орох байх. Архидалттай тэмцэл явуулж байгаа газар нь үндсэндээ ганц цагдаагийн байгууллага. Наад зах нь албан байранд архидах асуудлыг эцэслэхгүйгээр архидалттай тэмцэж байна гэж ярих өрөөсгөл болоод байна. Миний бодлоор архи уусныг нь буруутгах биш өгсөнтэй нь тэмцмээр санагддаг.
-Та энэ ажлыг удаан хийж байгаагийн хувьд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд ямар өөрчлөлт оруулъя гэж бодож байна вэ?
-Хойд хөрш, манайх хоёр л эрүүлжүүлэх байрыг цагдаад хамааруулаад олон жилийн нүүр үзлээ. Бусад оронд энэ алба Эрүүл мэндийн яамныхаа мэдэлд байна. Хамгийн гол нь хордлого тайлах төв, эрүүлжүүлэх байрны асуудлыг энэ тэргүүнд бүрэн төгс анхаарах цаг болсон. Бид хэдийгээр эмчтэй ч, олон хоногоор архидаж хордлогод орсон хүнийг хордлогоос нь бүрэн гаргах эмчилгээг лаборатарийн хэмжээнд төгс хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр төгс үйлчилгээ үгүйлэгдээд байгаа юм. Уул нь архинд орсон хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, суурь өвчтэйг тогтоож, согтолтын зэргийг тодруулж, дараалсан үйлчилгээг лабораторийн хүрээнд, хүндээ чиглэсэн, эрүүл мэндэд нь илүү анхаарсан ажлыг хийдэг болмоор байна. Гэтэл өнөөдөр манайд энэ үйлчилгээ эрүүлжүүлэхээс тусдаа байдгаас хүний амь насны асуудалд цагдаа буруутгагдахаар байна. Эрүүлжүүлэх Эрүүл мэндийн яамны мэдэлд очсон ч цагдаагийн үүрэг хариуцлага дагаад очих нь мэдээж. Хүчрэгдэхгүй архичинтай нь цагдаа, олон өдөр архидаад амь насаа алдах гэж байгаатай нь Эрүүл мэндийн яам “ноцолдох” тийм цаг ирсэн гэж би боддог.
-Эрүүлжүүлэхийн ажилтнуудын сэтгэлийг хамгийн их түгшээдэг зүйл нь юу вэ?
-Биднийг хамгийн их айдастай хонуулдаг нь хүний алтан амь. Манай эмч нар архины хордлогонд ороод ирж байгаа хүнд илүү анхаарал тавьдаг. Олон өдөр архи уусан хүмүүс архины гүн хордлогод орж үхэл амьдралтай нүүр ч тулдаг. Хордлого тун аюултай. Өндөр настай хүний зүрх судасны үйл ажиллагаанд гүн өөрчлөлт орно. Тэдний амь насыг аврах нь манай эмч нарын ажил. Урьд шөнө эрүүлжүүлэгдэж ирсэн Эрдэнэ-Очир гэж 28 настай залуу. “Долоо хоног архидсан” гээд гүн хордлоготой ирсэн дусал хийлгээд одоо л өндийж байна. Ийм л түгшүүрийн дунд эрүүлжүүлэх алба ажиллаж байгааг хүмүүс л ойлгодоггүй юм.
-Танай дүүрэг архидалтай тэмцэх талаар ямар ажил зохиож байна вэ?
-Бид Далай багшийн “Архиа бага уу, айргаа тааваараа уу” гэдэг үгийг эрүүлжүүлэгдсэн хүмүүстээ уншуулахаас эхлээд бүхий л талаар сурталчилгаа хийж байна. Архины хор уршгийг бүрэн ойлгуулдаг. Гэр орноосоо ирж авах хүнээ хүлээгээд уйдаж байгаа эрүүлжүүлэгчдэдээ сурталчилгаа хийж, хуулийн танхимаар үйлчлэхээс гадна ар гэрийнхэнтэй нь ярилцах гээд л олон ажил хийдэг. Архинд орсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй зохион байгуулсан нэг уулзалт дээр ирсэн жаахан хүү “Маргааш орой эрүүл ирээрэй, аав аа!” гэж билээ. Тэр хүүхдийн хүслийн энэ үгээр дуу хийсэн юм. Энэ дууг эрүүлжүүлэгдээд харих гэж байгаа хүмүүст өглөө бүр сонсгодог болсон. Зарим хүмүүс биедээ авч яваа мөнгө төгрөг үнэт зүйлсээс эхлээд гэмт хэрэгт холбогдох, гудамжинд хөлдөж үхэх, машины осолд орох зэрэг олон зүйлсээс өршөөгдөн эрүүлжүүлэхэд ирж аврагдсанаа ч сайн ойлгодоггүй юм. Тиймээс бид “Энхийн цагаан тагтаа” шиг байхад нь авч ирээгүй нь мэдээж. Бид ухуулж сэнхрүүлэх ажлыг илүү хийж байна.
-Та уусантай нь биш уулгасантай нь тэмцэх ёстой гэсэн. Ямар учиртай үг вэ?
-Өнөөдөр манайд машинаасаа олон баар, ресторан архины дэлгүүр байна. Ийм болсон нь бидний ажлыг хүндрүүлж байдаг. Архидалт гэмт хэргийн орчин эндээс үүсч иргэний амгалан тайван байдал алдагдах боллоо. Тиймээс хуулийн заалт, зүйлчлэлд хүртэл өөрчлөлт хийх цаг ч ирсэн. Архидан согтуурсан хүмүүст бурууг өгөхөөсөө, архи согтууруулах ундаагаар хахаж цацтал нь хангаж байгаа баар ресторан, дэлгүүр, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, тоог нь цөөлөх, цаг баримтлуулж сургах, мэргэжлийн хяналтын байгууллагын ажлыг сайжруулах, архины үйлдвэрүүдийн тоог цөөлж шаардлага хангасан цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгох гээд олон асуудал байна. Бид Наркологийн төвтэй хамтарч архаг архичдыг албадан эмчилгээнд явуулдаг ч тэд эргээд архиндаа умбаж эрүүл бие, амь насаараа тоглож гүйцлээ. Миний бодлоор бол Хордлогын төвийг эрүүлжүүлэхтэй нь Эрүүл мэндийн яамны мэдэлд цогц төв болгон байгуулж чадвал, архичдаа эрүүл саруул орчинд татаж ирмээр байна. Одоо албадан эмчилгээг энэ байгаагаар нь биш тэнд эмчлүүж байгаа нэг хэсгийг ажлын байраар хангаж, эмчилгээний төлбөрийг гаргуулж, эрүүл хүн болговол улсын хэмжээнд архидалт багасч ажлын байр бий болно гэж үздэг.
Үүгээр бидний яриа өндөрлөв. “Архидалтаас гоо үзэсгэлэн үхэж цогтой залуу нас богиносно” Гораций гэж бичсэнийг би эрүүлжүүлэх байрнаас гарахдаа олж харлаа.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин