“Тахь үржүүлэх нь хүүхэд өсгөхтэй л адил”

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

“Тахь үржүүлэх нь хүүхэд өсгөхтэй л адил”

Тахь эх нутагтаа нутагшсаны 20 жилийн ой энэ өдүүдэд тохиож байна. Дэлхийн сүүлчийн цорын ганц зэрлэг адуу болох тахийг Нидерландын тахь хамгаалах сан, Монголын байгаль хамгаалах сан хамтран Хустайн байгалийн цогцолборт газарт амжилттай сэргээн нутагшуулж буй. Тус цогцолборт газарт тахийн тоо өдгөө 260 давж, хамгийн их тахьтай нутаг болжээ. Нидерландаас эх нутагтаа ирсэн тахийг анх гардан авч, тоо толгойг нь өсгөх хүндтэй үүргийг хүлээсэн хүн бол Дамдины Бальдир. Тэрбээр 1992 оны тавдугаар сарын 5 буюу Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр анхны 15 тахийг хүлээн авч Хустайн нуруунд нутагшуулж байсан билээ. Д.Бальдир гуай тахийн анхны төлийг тосч авахын сацуу, тээвэрлэж ирсэн хайрцгийг нь хүртэл хадгалж бэлгэшээж байдаг нэгэн. Түүнтэй 20 жилийнх нь дурсамжийг хуваалцсан юм.

-Тахийг эх нутагт нь нутагшуулах ажил юунаас эхтэй юм бол?

-Монгол бол хулан, тахийн орон. Зэрлэг адууны өвөг эцэг болох тахь нь манай эх оронд л бий. Тал хээрийн бүст сүргээрээ байж байгаад 50 жилийн өмнө хүний хариуцлагагүй байдал, байгалийн зуд гамшигаас болж устаж үгүй болсон. Тиймээс тахь нь улаан номонд ороод байсан юм. Иймд 1959 онд болсон Дэлхийн нэн ховор, ховордсон амьтдыг хамгаалах симпозиумоор энэ зэрлэг адууг хаана үүссэн эсэхийг тогтоож эх нутагт нь нутагшуулах ёстой гэж үзсэн байдаг. Недарландын тахь хамгаалах сангийн тэргүүн Ян Ваумен энхэртэйгээ бал сараа тэмдэглэж байгаад Парагийн амьтны хүрээлэнд  очиж тахь үзсэн байна. Гэтэл тэнд байсан тахь цементэн шалан дээр шонгийн мод хэмлээд зогсч байжээ. Тиймээс тахийг чөлөөлөх бодол төрж, энэ асуудлаа хөөцөлдсөн гэдэг. Ингээд тэрээр Герман, Недарландад 2000 га газар худалдаж аваад, тэндээ тахийг бэлчээрт хашсан байгаа юм. Ингэж нутагшуулсан тахиа долоогоос найман жил байлгаж байгаад унаган эх нутаг Монголд нь авчирсан юм.

-Таныг тахь нутагшуулах ажилд яагаад сонгох болов. Малын эмч мэргэжилтэй байсан хэрэг үү?

-Монголын байгаль хамгаалах сан, Монгол адуу нийгэмлэгээс намайг хөдөө, аж ахуйн мэргэжилтэй болохоор сонгож авсан. Би Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд адуу судалж байсан учраас сонгосон байх. Ингээд 1990 оны 10 сард анхны Тахь нутагшуулах захиргааг байгуулж байлаа.

-Яагаад Хустайн нурууг сонгосон юм бол?

-Говь-Алтай, Дорнод гээд монголын тахь нутаглаж байсан газрыг судалж үзсэн. Тэгээд тал хээрийн бүс хослосон газар зүгээр гээд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт дахь Хустайн нурууг сонгосон. Тахь бол тал хээрийн амьтан. Хустай уулынхаа ар, өвөргүй булаг шадтай, хашиж хамгаалахад тохиромжтой газар байсан. Энэ газрыг сонгоход олон улсын экспедиц явж бүх судалгааг хийсэн. Гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол тэр үеийн ЗХУ-ын биологийн хүрээлэнгийн доктор Соклов байлаа.

-Энэ чухал ажилд таныг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх юм билээ. Анх хөрөнгө мөнгөнөөс эхлээд амаргүй байсан биз?

-Миний хувьд бэлтгэл ажлыг хангаж найман тахийг хаших хашааг барьсан. Цахилгаан хашаа байдаг юм. Бэлтгэл ажлыг 1991 онд дуусгаад Недарландын тахь хамгаалах сан руу очиж туршлага судалсан. Тэр үед ардчилсан зах зээл гээд тарж бутарчихсан, бүх юм эзэнгүй болсон байлаа. Манай захиргаа Монголын байгаль хамгаалах холбооны харъяа байсан учраас надад 720 мянган төгрөг өгч билээ. Үүгээр нь хашаа барих гээд бүхий л ажлаа зохицуулж байсан даа. Тэр үед гурван сумын дунд байдаг Хустайн нурууны газрын зөвшөөрлийг авна гэдэг маш хэцүү байлаа. Төв аймгийн Засаг даргаас хүртэл гуйж явлаа. Гэхдээ хамгийн гол нь тахийг хийморьлог амьтан гэж монголчууд боддог учраас тахь гэж ярихаар л тусалж, дэмжиж байсан. Надад 30-хан га газар өгч байсан. Энэ нь гуравхан хашаа л барих газар. Одоо Хустайн нуруу 60 мянган га газартэй Байгалийн цогцолборт газар болсон. Ер нь энэ ажлыг хийхэд их л хүч хөдөлмөр зарцуулсан даа. Надад цэргийнхэн, оюутнууд их тусласан. Тэр үед мөнгө төгрөг ховор байсан учраас ажиллах хүч бага байдаг байлаа. Бэрхшээл их тохиолдож байсан. Недарланд сангийн захирал Ян Баумен ирээд “Хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлэхэд цахилгаан хэрэгтэй” гэсэн. Тэр үед Хустайн нуруунд ямар юмных нь цахилгаан байх вэ дээ. Тэгэхээр нь Улаанбаатарын эрчим хүчний газраар ороод өндөр хүчдэлийн шугам тавиулах гэтэл “Төв аймгийн эрчим хүч мэднэ” гэдэг байгаа. Ингээд нааш цааш явсаар байгаад сарын дараа эрчим хүчний шугам татаж байж билээ.

-Цахилгаан яагаад хэрэгтэй байсан юм бол?

-Тахийг дасгахын тулд цахилгаан чухал байсан. Тахь ирэхээс сарын өмнө л цахилгаантай болж байсан. Миний энэ ажлыг олон улсын тахь хамгаалах сангийхан үнэлж “Энэ хүн чинь 50 жилийн дараа эх нутагтаа тахиа авчираад нутагшуулахад их гавъяа байгуулж байгаа юм байна” гэж магтаж билээ.

-Анхны 15 тахийг  яаж авчирчсан юм бэ?

-Онгоцоор. 1992 оны зургадугаар сарын 5-ны өдөр хүлээж авсан. Байгаль хамгаалах өдөртэй давхцуулах гээд товлож байгаад онгоцныхоо захиалгыг өгч байлаа. Нисэх онгоцны буудлаас тусгай хайрцагт хийсэн 15 тахийг хүлээж авсан. Тахийг унтуулж байж ачдаг. Онгоцонд тэвээрлэх тусгай стандарттай хоёр төрлийн хайрцаг бий. Манай улс чинь тэр үед одоотой адилгүй эдийн засгаар ядуувтар болохоор агаарын хөлс төлдөг байсан юм.  Ян Баумен далайгаар явуулъя гэж маршрут гаргаад Орост байсан тахийг Недарландад аваачиж онгоцоор авчирч байсан. Тэр хүн маш их үүрэг гүйцэтгэсэн дээ.

-Анхны унагаа хэзээ хүлээж авч байв даа?

-Тахийг анх хүлээж аваад өөрийнхөө хүүхэд шиг л малалсан даа. Тахь хүлээж авсан эхний гурван жил айхавтар зуд болсон. 1993 оны зургадугаар сарын 21-ний өглөө 7:40 цагт анхны унагаа хүлээж авч билээ. “Хаан” гэдэг азаргатай “Велка” гүүнээс цовоо сэргэлэн эр унага гарсан юм. Би энэ гүүг унагалуулах гэж долоо хоног сахиж байж, эсэн мэнд унагалуулж байлаа. Эр унага байсан учраас “Магнай” гэдэг нэр өгсөн. Үүний зэрэгцээ унаганы зуултыг адуучид ховорхон авч чаддаг. Гэтэл би тахийн анхны унаганыхаа зуултыг авч чадсан. Зуулт гэдэг нь унага эхээс төрөхдөө аман дотороо зууж гардаг, мөлгөр чулуурхуу зүйл. Энэ зуултыг би бэлгэшээн бурхандаа тахиж явдаг. Үүнийг барагтай хүн авч чаддагүй юм.

-Тахийг эх нутагт нь нутагшуулж байгаагийн ач холбогдол нь юунд байгаа юм бол?

-Тахь дэлхийн нэн ховордсон амьтдын тоонд орсон. Устахад бэлэн болж, 10-14 үедээ орсон. Тиймээс цаашдаа үржихэд хэцүү болоод байгаа юм. Амьтны хүрээлэнд байснаас эх нутагт нь нутагшуулах ашигтай. Тахийг Хустайт нутагшуулснаар битүү ногоон бэлчээр болсон. Хустайн нуруунд байхгүй амьтан гэж үгүй. Ирвэс, шилүүс, буга, цагаан зээр, янгир тахийг дагаад энд цугласан. Тиймээс их ашигтай. Нэгд, байгаль дэлхийгээ хамгаалж байна. Хоёрт зэрлэг амьтад нь бие биедээ түшигтэй нөмөртэй байдаг юм.

-Анх тахь нутагшуулахад нутгийн иргэд яаж хүлээж авч байв?

-Тэнд байсан хүмүүсийг өөр тийш нь нүүлгэж байсан болохоор “Биднийг өсч төрсөн нутгаас минь хөөлөө. Гадаадуудад мөнгө олж өгөх гэж өсч төрсөн нутгийн минь эзэлж тахь нутагшуулах гэж байна. Тахь бидэнд ямар хамаатай юм” гээд асуудал их гарсан.Тусгай хамгаалалттай газар байсан учраас орон нутгийн иргэдтэй зөвлөлдсөн. Байгаль болон тахь хамгаалах хүмүүсийг нь тэр нутгийн иргэдээс авах гэх мэтээр зохицож байлаа. Одоо Хустайн нуруу ам болгондоо бэлчээр хамгаалагчтай, 1600 км-ээс холбоо барьдаг станцтай болсон.

-Ер нь тахийг нутагшуулж эхлэхэд шантарх үе байв уу, арчилгаа их шаардана биз?

-Байлгүй яахав. Тахь эх нутагтаа ирсний хоёр жилийн дараа адууны ханиад гарч байсан. Эмчилж л таарна шүү дээ. Би өөрөө малын эмчийн мэргэжилтэй болохоор хэд дахин хүчтэй антибиотик хийгээд, хамгаалалтын бүст ганц ч адуу оруулалгүй хашсан. Ингэснээр манай тахьнууд ямар ч өвчин тусахгүй өнгөрсөн. Буруу байрлалтай унага гарахаас эхлээд. олон л зовлон бий. Хүн хүүхдээ өсгөхтэй л адил. Тахь угаасаа зэрлэг амьтан. Тиймээс дасгаж хашиж байгаад л задгай тавих хэрэгтэй. Байгальд тавихын өмнө дасгах хашааны үйлчилгээг тохируулчихвал задгай тавихад амар байдаг. Яг буга шиг. Хашаа барих нь бас нарийн. Жалгандаа устай, энгэртэй, хөндийтэй, довтой гурван километр хашаа барина. Тэнд байлгаж байгаад хашааг нь авахаар тэр хавиараа эргэлдээд холдохгүй болчихдог.

-Зэрлэг амьтан учраас харилцах арга байдаг л байх?

-Харилцахад тийм ч хүндрэлтэй биш. Дурангаар ажиглалт хийнэ. Дасч байгаа учраас хүн хараад алга болохгүй. Миний монгол тахь эх орондоо нутагшлаа. Үүнийг нутагшуулах анхны ажилд миний бие оролцож үүрэг гүйцэтгэж явсан даа баярладаг.

-Жилд хэчнээн төл хүлээж авдаг вэ, Гадаадын хүмүүс тахийн унаганд нэр өгөхийн тулд мөнгө төлдөг болсон гэл үү?

-Одоо 60-70 унага хүлээж авах гээд байж байна даа. Миний үед гадаадын хүн ирвэл 50 ам.доллар авч унаганд нэр өгүүлдэг байсан. Улсын их хурлын гишүүд, Ерөнхийлөгч очиж нэр өгч байсан. Нидерландын тахь хамгаалах сангийхантай хийсэн гэрээгээр 500 популяци бий болох юм бол тахь цаашид үр удам нь тасрахгүй, өсөх боломжтой. Тиймээс 500 хүргэнэ гэсэн бодол байгаа. Одоо 400 гараад байна. Тахийг дагаад олон газар байгалийн нөөц төдийгүй хамгаалалттай газар болж байгаа. Цаашид байгальд нь тавих хэрэгтэй.

-20 жилийн дотор 400 гаруй болтолоо өсчээ. Харин ирэх 20 жилд хэд хүрэх бол?

-Улам л өсч үржинэ. Дэлхийн 30 гаруй орон тахийн зоопарктай. Эдгээр тахийн цусыг сайжруулахгүй бол болохгүй. Тиймээс Хустайн тахийг эргүүлж дэлхийд өгөх ёстой. Тэгэхээр өсөлт хөгжил сайтай, эрүүл тахьтай болно гэсэн үг. Энэ том ажлыг монголчууд хийж байна. Тахь бол барьж, сааж, засч, алж идэж болохгүй амьтан.

-Тахийг эх орондоо анх нутагшуулсан хүний хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Би адуунд их хайртай. Эрдэм шинжилгээнийхээ ажлыг адууны судалгаагаар хийж байсан. Анхны унагаа гардаж авснаас хойш одоо 300 гаруй тахьтай болох гэж байна. Энэ ажлыг хийснээр Монголдоо том гавъяа байгуулсан гэж бахархаж явдаг даа. Сая 20 жилийн ойгоор Олон улсын байгаль хамгаалах сангийн хүмүүст гавъяа шагнал өгч байсан. Надад бол тийм зүйл одоохондоо өгөөгүй л байна. Би багаасаа хөдөө, аж ахуйн чиглэлээр ажилласан хүн юм шүү дээ.

Б.Аззаяа
“Өдийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж