Д.Алтанхуяг манай редакцид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг манай редакцид зочиллоо

Балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг манай редакцид зочиллоо. Японы “Комаки балет”-ийн уран бүтээлчидтэй хамт тоглолт хийхээр эх орондоо ирсэн, бэлтгэл сургуулилалт гээд тун завгүй байгаа ч манайхны урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд сэтгүүлч бид баяртай байна. Манай сонин санаачилж хэрэгжүүлдэг болсон “Дэлхийн монгол” шалгаруулалтад олон нийтийн саналаар шилдэг наймд багтаж, хүндэт өргөмжлөл хүртсэн түүнд бид өөрсдийн биеэр баяр хүргэж, амжилт хүсэх гэсэн маань ийн сэтгэлчлэн бүтэв. Дэлхийн монгол”цом, өргөмжлөл гардуулах ёслолоо хаврын тэргүүн сарын Шинийн 15-ны билэгт сайн өдөр ёслол төгөлдөр зохион байгуулсныг унишигч авхай санаж буй билээ. Тэр үед түүний шагналыг балетчины гэр бүлийн төлөөлөл ирж хүлээж авсан билээ. Улс Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа бахархалт монголчуудын нэг түүнтэй болон хамт зочилсон “Комаки балет” компанийн захирал нартай товч ярилцсан юм.

-Та бүхнийг цаг гаргаж манай редакцид зочилсонд баярлалаа…

-Би ч гэсэн танай хамт олонд баярлаж байна. Миний өчүүхэн амжилтыг үнэлж “Дэлхийн монгол” санал асуулгадаа нэрийг минь дэвшүүлж, олон нийтээр хэлэлцүүлжээ. Энэ хүндэтгэлийг дааж ажиллах болно оо.

-Дараа жилийн шалгаруулалтад таны нэрийг дахин нэр дэвшүүлэх нь дамжиггүй. Та 2012 онд Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан олон ажил хийлээ шүү дээ. Шалгарвал шагналаа өөрөө ирж авахын ерөөл өргөе

-Баярлалаа. Би интернэтээр энэ сайхан арга хэмжээний талаарх мэдээллийг уншиж байлаа.

-Хугацаа бага байгаа болохоор зочин уран бүтээлчид асуулт тавья. “Комаки балет”-ийн захирал таны нэрийг Со гээд товчилчих уу?

Со:-Болно болно.

-Та өглөөний сургуулилалтын үеэр балетдаа өөрөө дүр бүтээж байгаа харагдлаа. Японы үндэсний балет юм билээ. Ямар агуулгатай юм?

-Одоогоос 400 жилийн өмнөх үйл явдлын тухай өгүүлдэг юм. Тэр үед Японд болсон явдлыг өнөө цагт дахин сэргээж зохиомжилсон. Үндэсний онцлогийг харуулж чадсан бүтээл болохоор хоёр ард түмний найрамдалт харилцааны ойн арга хэмжээнд тохирно гэж үзээд энэ бүтээлтэйгээ ирсэн. Би 40 жил бүжиглэсэн ч сүүлийн 14 жил тайзан дээр гараагүй байгаад өнгөрсөн жил анх тоглосон. Одоо бас гарах гэж байна. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн албан ёсны арга хэмжээнийн хүрээнд бид тоглолтоо үзүүлэхээр ирсэн. Бас монголчууддаа талархлаа илэрхийлэхээр ирлээ. Япончууд бид өнгөрсөн жил их хүнд амьдрал, цаг үеийг туулсан. Тэр үед монголчууд бидэнд маш тусалсан шүү дээ. Өдөр бүр тусламжийн ачаа тээш очиж байсан. Энэ тусламж, хайрын төлөө баярлалаа гэж хэлэхээр балетийн бүтээлтэйгээ ирлээ.

-Маргааш, нөгөөдөр болох тоглолтод нь амжилт хүсье?

-Маш их баярлалаа.

-Манай “Дэлхийн монгол”-ын энэ жилийн хоёрдугаар хагаст хийж амжуулах ажил их үү. Хаана хаана ямар тоглолттой вэ?

-Д.Алтанхуяг: -Долдугаар сарын сүүлээс Европын орнуудад хийх аялан тоглолтууд эхэлнэ.

-Аялан тоглолтод нь, бас “Комаки балет”-тай хийх тоглолтод нь мөн амжилт хүсье. 

-Баярлалаа. Сэтгүүлчид та бүхэнд ажлын амжилт хүсье.

“Комаки балет”-ийн уран бүтээлчид Соёлын төв өргөөнд балетийн бэлтгэлээ хийж өнжив. Д.Алтанхуягтай хамтарч бүжиглэх АНУ-ын Island ….балетчин Эмили Локкосо ч ирчихсэн бэлтгэлээ хийж байв. Тэрбээр япон бүсгүйчүүдтэй харьцуулахад өндөр болохоос тийм ч биерхүү  биш, булчин шөрмөс нь зангирсан, өндөр хамартай сайхан бүсгүй юм.

Р.Оюунжаргал
“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж