-Энэ онд тэр тусмаа наадмаас өмнө нийслэлд хот тохижилттой холбоотой ямар ажлууд хийгдэх вэ?
– Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил сүүлийн хэдэн жил эрчимтэй өрнөж байна. Үүнийг нийслэлчүүд бэлхнээ харж буй байх. Бидний хувьд олон зүйл хэлж, тооны хойноос хөөцөлдөж байгаа нь чухал биш. Бодит ажлаар бүх зүйлийг харуулахыг зорьж ажиллаж байна. Тухайлбал, 2012 онд нийтийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын гээд 103 талбайг шинээр байгуулсан. Мөн 5000 орчим гэрэлтүүлэгийг нэмэгдүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хотын хэмжээнд 1900 орчим гэрэлтүүлэг л байсан. Дээр нь нийслэлийн 192 км явган хүний замыг дэлхийн стандартын шаардлага хангасан хавтангаар тавина. 93 м.кв зүлэг шинээр хийхээр төлөвлөсөн байгаа. Арван мянга орчим м.кв талбайд цэцгийн мандал байгуулж, 14 усан оргилуурыг шинээр байгуулахаар болсон. Энэ бүгдийг үнийн дүнгээр авч үзвэл өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдлээ. Энэ оны хувьд бид хот тохижилтын ажлыг нэлээд эрт эхлүүлсэн. Улсын баяр наадмын өмнө эдгээр ажлаа дуусгаж иргэддээ хүлээлгэж өгөх зорилго тавьсан байгаа. Жил бүр хийгддэг замын тэмдэглэгээ, цагаан шугам, замын урсгал засвар, нөхөөс тавих зэрэг ажлуудыг ч наадмаас өмнө амжуулахыг хичээж байна.
-Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байгаагүй, шинэ төрлийн хот тохижилт гэвэл та юуг нэрлэх вэ?
-Хот тохижилттой холбоотойгоор шинээр хийгдэж буй ажил бол нийслэлийн төв хэсэгт байрладаг барилгын пассадыг шинэчлэх асуудал. Одоогоор ОХУ-ын Элчин сайдын яамны хажуу талын барилгууд, Бага тойруугийн бүх барилгууд, Их дэлгүүрээс хойшоо жуулчны гудамж хүртэлх барилгуудын пассадыг шинэчилж эхэлсэн.
-Олон жил яригдсаны эцэст Улаанбаатар хот одоо л хог боловсруулах үйлдвэртэй болох гэж байх шиг байна. Энэ талаар ярихгүй юу?
– Мэдээж хот тохижилтын явцад өдөр тутамд хийгддэг нэг ажил бол хогны асуудал байдаг. 2007 оноос Улаанбаатар хот олон улсын “Жайка” байгууллагатай хамтарч “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах” мастер төлөвлөгөөг гаргаж үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Мастер төлөвлөгөөний эхний ажил бол Улаанчулуутын хогийн цэгийг хааж, Нарангийн энгэрт орчин үеийн технологи бүхий хогийн цэг байгуулах ажил байсан юм. Нарангийн хогийн цэгийн дэргэд эмнэлгийн хог хаягдлыг шатаах үйлдвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан.
Мөн өдөрт 80 тонн хог ялгаж, ангилаад хатуу, утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Солонгосын “Койка” байгууллагын тусламжтайгаар байгуулаад, ашиглалтад хүлээж авч байна. Ингээд хогны цэгээс хог түүдэг хүмүүсээс 30-аад хүнийг сонгож аваад, хог ялгах дамжлага дээр ажиллуулж, шинээр ажлын байр бий болгох, тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхэд нэмэр болох ажлыг эхлүүлээд байна. Өмнө нь бүх дүүргийн хогны машин хогоо ачиж, хотын дундуур баруун тийш явж, замын түгжрэлд ордог байлаа шүү дээ. Үүнээс болоод өдөрт нэг удаа риск хийж, маш хол зам туулж, багагүй зардал гаргаж хогоо хаядаг байсан. Харин одоо хотын зүүн талд Цагаан даваад шинээр хогийн цэг байгуулах шийдвэр гарч, нийслэлийн төсөвт тодорхой хөрөнгө мөнгө хуваарилж, Хот тохижилтын газар хогны цэг шинээр байгуулах ажлыг хэдийнэ эхэлсэн. Цагаан давааны хогийн цэгийн ажил ирэх долдугаар сард дуусна. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн хогийг энэ сарын 4-нээс Цагаан давааны хогийн цэгт хүлээж аваад эхэлчихсэн. Харин долдугаар сараас Сүхбаатар дүүргийн хогийг тээвэрлэнэ. Тэгэхээр өдөрт нэг риск хийдэг байсан бол 2-3 явах давтамж нь нэмэгдэж байгаа юм. Ингэснээр нэг тонн хог хаяхад гардаг зардал гурав дахин багасах нөхцөл бүрдсэн гэж болно. Цагаан давааны хогийн цэгт зөвхөн хог булаад байхгүй. Тэнд өдөрт 150-200 тонн хог боловсруулах хүчин чадал бүхий хогийн шинэ үйлдвэр байгуулахаар болж байна. Энэ ажлын хүрээнд олон улсын нээлттэй тендер зарлаж, энэ зургадугаар сарын 18-нд хүлээж авч, дүгнэж гүйцэтгэгч компаниа шалгаруулна. Ийм хогны үйлдвэр байгуулах тал дээр манайхан туршлага дутмаг л даа. Тиймээс олон улсын нээлттэй тендер хэлбэрээр зарласан. Гол нь орчин үеийн дэвшилттэй технологийг нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа юм.
-Энэ үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
– Ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
-Олон улсын стандартад нийцсэн хогны үйлдвэр гэдэг утгаараа өөр ямар давуу талтай байх вэ?
-Хог боловсруулах үйлдвэр учраас дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах бололцоог бүрдүүлэх юм.
-Хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орох үед хэрэглэгчдийг хогоо ангилж хаях байдалд сургах гээд асуудлууд гарч ирэх байх?
-Үйлдвэр ашиглалтад орсноор хогийг хүлээж аваад ангилж ялгана. Мөн хаягдал цаас, хуванцаруудыг жижиглэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд хогийг ангилж, ялгаж хийх гурван төрлийн өнгөтэй хогны савыг байршуулна. Энэ мэт хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажлууд давхар хийгдэнэ.
-Хогны шинэ үйлдвэр барихад хэдий хэмжээний тендер зарлагдсан гэж?
-Улсын төсвөөс 10 тэрбум төгрөг хуваарилагдсан байгаа.
-Улаанбаатар хотод эмнэлгийн болон хог боловсруулах үйлдвэртэй болж байгаа нь сайшаалтай. Сүүлийн жилүүдэд нийслэлд өндөр барилга, орон сууцнууд олноор баригдах болсон. Гадны улс орнуудад барилгын хог хаягдлыг авдаг тусгай хогны цэг бий. Манайд ч ийм цэг нээгдэх сураг сонсогдсон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Цаашид барилгын хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг тусад нь байгуулах техник эдийн засгийн үндэслэл гаргасан. Газар байршлын хувьд Нарангийн хогны цэг дээр төлөвлөлт хийгдсэн. Хөрөнгө, мөнгөний асуудал нь шийдэгдвэл ирэх онд барилгын хог хаягдлыг боловсруулж, буцаад барилгын материал үйлдвэрлэх үйлдвэр байгуулах судалгаа хийгдсэн. Барилгын хог хаягдлаас тоосго, блок, хавтангаас гадна барилгын дулаалгын материал гаргаж авдаг технологи байдаг юм байна. Энэ бүхэн ирэх жилээс хийгдэнэ.
-Гэр хороолол болоод орон сууцны оршин суугчдын хувьд хогоо цагт нь ирж авдаггүй гэсэн гомдол тасардаггүй. Нийслэлийн дүүрэг, хороо бүрийг хогны машинтай болгох ажил юу болсон бэ?
-Оршин суугчид хогоо нэг, хоёр сарын дараа ирж авлаа хэмээн гомдоллодог. Энэ нь хог тээвэрлэгч машин хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 152 хогны машин бий. Нийслэлийн төсөв, “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр 190 хогны машин шинээр худалдаж авахаар хөрөнгө мөнгө нь төлөвлөгдсөн. Эхнээсээ 60 гаруй хогны машиныг ирүүлж, үйлчилгээнд гарсан байгаа. Энэ сардаа багтаад бусад машинаа оруулж ирэхээр төлөвлөсөн.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин