Монголын Үндэсний Олимпийн хорооноос галт бамбарыг эх орныхоо бүх аймгаар аялуулж байгаа. Сэлэнгэ аймгаас гараагаа эхэлсэн бамбар одоогоор 18 аймгаар аялаад Говь-Сүмбэр аймагт ирсэн. Тус аймгийн удирдлага, спортын салбарынхан бамбарыг бүтэн сарын турш албан газар, сурууль цэцэрлэгээр аялуулсны эцэст Хэнтий аймагт хүлээлгэн өгсөн байна. Энэхүү арга хэмжээнд Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Олимпийн зөвлөл хариуцсан захирал Ж.Баасанхүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насан тогтох нар оролцжээ. Бамбар солилцох арга хэмжээг аймаг бүр өөр өөрсдийн өвөрмөц онцлогтойгоор хийхийг хичээж иржээ. Энэ удаа Говь-Сүмбэрчүүд олимпийн бамбарыг тэмээн дээрээс дамжуулан өгсөн нь урьд өмнө нь аль ч аймгийн хийгээгүй санаа байлаа. Лондонгийн олимпийг угтан аялсан галт бамбар одоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаар аялаад Улаанбаатар хотод ирэх юм байна.
Э.САРАА