Тэгвэл энэ сарын 4-нөөс буюу өчигдрөөс Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хог хаягдлыг хогийн шинэ цэгт хүлээн авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, Нарангийн энгэрт шинээр байгуулсан хогийн цэгт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хог хаягдлыг хүлээн авдаг байсан бол Цагаан даваан дахь хогийн шинэ цэгт хог хаягдлаа хүлээлгэн өгөх боломжтой болов. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаас энэ талаар тодруулахад “Цагаан даваанд хогийн шинэ цэгтэй болсноор хог ачсан машинууд хотын гудамжаар хогоо савируулан Нарангийн энгэрт хүрдэг байсан дутагдал үгүй болж байгаа юм.
Энд хог хаягдал хүлээн авахаас гадна өдөрт 200 тонн хог боловсруулах үйлдвэр байгуулж, ангилсан хог хаягдлаар барилгын тоосго, блок, явган хүний замын хавтан үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна хог тээвэрлэх машинуудын парк шинэчлэлийг энэ жил 100 хувь хийж, 163 шинэ машинтай боллоо. Товчхондоо, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг энэ онд бүрэн шийдвэрлэнэ” гэсэн юм. Харин албаны зарим эх сурвалж “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанчулуутын хогийн цэгийг хааж, Нарангийн энгэрт хогийн цэг шинээр байгуулсан.
Ингэхдээ хог хаягдлыг өмнөх шиг ил задгай хаялгүйгээр олон улсын жишгийн дагуу ландфелийн аргаар тодорхой үе шаттайгаар булшилж эхэллээ. Үүний үр дүнд хог шатааж агаар, орчныг бохирдуулдаг, гялгар уут, цааснууд энд, тэндгүй хийсдэг, эвгүй үнэр үнэртдэг зэрэг сөрөг үзэгдлүүд үгүй болсон” гэв. Үнэхээр ч хүн ам олонтой хотын хог хаягдлын асуудлыг нэг л өдөр сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг юм биш. Харин тодорхой үе шат, төлөвлөгөөтэйгөөр олон жил хэрэгжүүлдэг онцлогтой.